Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Уншихуйн гайхамшиг [Хандсүрэнгийн Хатанбаатар]

2009 онд бичигдэж байсан энэхүү номын 75-р нүүрэнд “Амьдралд хоёрхон зүйлд зорилго тавих хэрэгтэй: Нэгд хүссэнээ эзэмших, хоёрт тэр зүйлээсээ ханамж авах” хэмээн бичсэн байна. Ийнхүү бичсэнээ өөрийн амьдралаар үлгэрлэн харуулж чадаж байгаа цөөн хүмүүсийн нэг бол номын зохиолч Хатанбаатар юм. Ингээд түүний номоос өөрт хэрэгтэй гэсэн санаануудаа тэмдэглэн авсанаа энд бичлээ.

“XXI зуун бол мэдлэг нөөцлөх зуун биш мэдлэгийг ашиглах зуун болно.” хэмээн Билл Гэйтс хэлсний адилаар энэ зуунд мэдлэгийг ашиглах ХУРД гэсэн шинэ чадварыг биднээс шаардана. Хурдан галт тэрэг, хурдан онгоц, хурдан интернэт гээд өрсөлдөөнөөр дүүрэн энэ цаг үе биднээс хувь хүний хөгжлийн хурдаа нэмэхийг шаардаж байна. Хувь хүний хөгжлийн олон чадваруудаас унших чадварыг хурдтай болгох аргуудыг энэ номоос мэдэж авна.

ХҮСЭЛ — МЭДЛЭГ — ЧАДВАР — ЗУРШИЛ

“Өнгөрсөн болон ирээдүйн талаар мэдээлэлтэй байхыг хүсвэл наад зах нь зуун ном унших хэрэгтэй.”

— Хятад хэлц үг

Хүний уураг тархи нэг минутанд 500–700 үг хүлээн авч боловсруулах чадвартай байдаг ч ихэнх нь энэ чадварынхаа 1/3-ийг нь л ашигладаг. Тэгвэл үлдсэн 2/3 нь энэ хугацаанд юу хийдэг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ном уншиж байхдаа хөлөө савчих, бал эргүүлэх, ямар нэг зүйл оролдох гэх мэт давхар сатаарах үйлдэл явагдаж байдаг. Тэгээд нэг мэдэхэд анхаарал нь алдагдаад автоматаар хэдэн мөр уншчихсан байдаг. Удаан уншиж буй хүний унших хурдацад нөлөөлөх буруу зуршлуудад нүдний хөдөлгөөн бүрт нэг үг унших, өөрөө мэдэлгүй буцах дахих, нүд өөр талбар руу халих зэрэг нүдний илүүц хөдөлгөөнүүдийг агуулж байдаг. Тийм болохоор зөвхөн уншиж байгаа зүйлдээ төвлөрөх нь хурдан унших эхлэл юм. Унших хурд нэмэгдэх тусам таны анхаарал өөр зүйлд төвлөрөх нь багасах болно. 100км/ц хурдтай машин барьж байгаа хүн өөр зүйлд анхаарал сарних бараг боломжгүйтэй адил ном унших хурд нь анхаарал төвлөрлийг нэг болгох юм. Мэдээж анхаарч төвлөрч хийх зүйлээ хүн илүү хурдан ойлгож авна. Бидний эргэн тойронд сатаарах зүйлс олон учраас ном унших үед энэ бүгдээс өөрийгөө тусгаарлаж сурах хэрэгтэй.

Аливаад зорилго тавих гэдэг маш том хөдлөх хөшүүрэг болж өгдөг. Өдөр бүр нэг цаг унших зорилгоос эхэлж болно. Унших үедээ тухайн уншиж байгаа номоос өөрт хэрэгтэй гол утга санааг ойлгох нь чухал болохоос үг үсэггүй, нэг бүрчлэн махчилж унших шаардлагагүй. Уншиж эхлэхээс өмнө өөрийн уураг тархи, оюун ухааныг бэлэн байдалд оруулах шаардлагатай. Тэгээгүйгээс болж унших үед сонирхол буурах, залхуу хүрэх гээд сөрөг үр дагавар гарч эхэлдэг. Ийм байдал олон давтагдах нь цаашдын унших дадалд сөргөөр нөлөөлнө. Зарим үед заагч ашиглан унших нь төвлөрөхөд тусладаг.

Үр дүнтэй сайн уншлага хийхэд тодорхой сахилга бат хэрэгтэй.

  • Уншиж буй материал болон нүдний хооронд 35см байх хэрэгтэй.
  • Гэрэл таны нүдрүү биш уншиж буй зүйл дээр тусаж байх хэрэгтэй.
  • Унших үйлдлийг хийх ёстой ажил мэтээр үнэнчээр хийж хэвш.
  • Унших зүйлдээ сэтгэлээсээ ханд.
  • Хэвтэлгүйгээр сууж унш.
  • Ядарч чилсэн нүд болон тавгүйтсэн бодол санаагаа үе үе амрааж бай.
  • Унших цаг үе нь амьдралын тань хамгийн үнэтэй мөч байх ёстой. Өөрөөр хэлбэл цагийг хий хоосон үрэх бус, нөгцөөсөн бус, амьдралд тань утга учир нэмж буй цаг мөч юм.
  • Идэвхгүй уншигч бүү болоорой. Уншсан зүйлээ тоймлож тэмдэглэл хөтөл.
  • Уншихаасаа өмнө байнга зорилгоо тодорхойлж бай. Уг зорилгоос хамаарч өөрийн унших хурдаа тохируулж болно.
  • Хэт ядарсан үедээ унших хэрэггүй.
  • Унших цагаа төлөвлөж, тухайн цагтаа өөрийгөө ямар нэгэн чухал хурал уулзалттай мэтээр төсөөлж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.
  • Унших үедээ цай, хоол гэх мэт хүнс хэрэглэж болохгүй.
  • Санах шаардлагатай болон дараа давтана гэж бодсон чухал хэсгүүдээ өнгийн харандаагаар тодруулж тэмдэглэн ав. Хэрэгтэй санаа гарч ирэхэд чанга дуугаар давтаж хэл. Энэ үед таны анхаарал дахин төвлөрөх болно.

Үүнээс гадна өөрийн унших хурдыг хэмжихдээ үгийн тоог нийт уншсан секунд хугацаандаа хуваагаад 60-д үржүүлснээр нэг минутанд унших дундаж хурдаа тооцоолно. Мөн бүтээмжийн ахицаа тэмдэглэн дүгнэхэд хэрэг болохоор 51 жишээг хүснэгтлэн оруулсан нь таалагдлаа.

Зурагтаар кино нэвтрүүлгийг олон цагаар суугаад үзэж чаддаг шиг номыг яагаад олон цагаар суугаад уншиж чаддагүй юм бол? Учир нь зурагт үзэхдээ хүн ухаанаа ажиллуулах ямар нэгэн чармайлт гаргах шаардлагагүй байдаг.

“Бидний марталтыг зогсоож чадах ганц зүйл бол ном мөн.”

— Эрнэст Димнэт

Уншихыг хүсээд ном авчихаад (хүсэл) унших цаг гаргадаггүй эсвэл эхлүүлээд орхидог (тэмүүлэл сул байх) нөхцөлд хэр их орсон бэ? Тэгвэл хүслээ гүйцэлдүүлэх тэмүүлэлтэй байхын тулд амьдрал дээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж биелүүлж байхаас эхлээд өөртөө шийдвэр гаргаж түүнийгээ тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй.

Ном уншихад стресстэй үед нэг л тогтож өгөхгүй, ямар ч төвлөрөл байхгүй болчихдог. Саяхан зүрхний эмчээс стрессийн менежмент гээд ном байгаа, олж уншаарай гэсэн зөвлөмж авч байсан бол энэ номд бас стрессийн тухай бичсэн ямар нэг ном авч уншаарай гэмээн бичжээ. Энэ бүхнээс дүгнээд тун ойрхондоо стрессийн тухай ном олж уншихаас өөр гарцгүй боллоо. Физиологийн унших үеийн бэрхшээлүүд нь сэтгэлзүйн бэрхшээлийн хажууд илүү бодит юм. Нүд бүрэлзэх, чилэх, ядрах, зөв суулт, нуруу, амьсгалаа зөв авах, нойр хүрэх, хооллолт гэх мэт уншлагад шууд нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолох хэрэгтэй болно.

4-р бүлгийн дасгал хүртэл унших явцдаа шалгуур-1 дээр 162 үг/мин хурдтай байсан бол шалгуур-2 дээр 198 үг/мин болж сайжирчээ. Эхний 3 бүлгээс ойлгосон анхаарал төвлөрч унших аргыг бодоод өөр зүйлд сатааралгүй уншихад л ийм үр дүн гарч байна.

Унших үйл явц нь нүдээр бус бидний уураг тархиар биелдэг. Судлаачид ингэж баталсан нь нүд — уураг тархины харилцан үйлчлэлийг хангаж байх тусгай дасгалуудыг бий болгожээ. Нүдний харах талбар ихэсгэх, нүдний булчин хөгжүүлэх, нүдний уян хөдөлгөөнийг хөгжүүлэх, ойлгох чадвар нэмэгдүүлэх, харааны хурдыг нэмэгдүүлэх, ой санамжаа сайжруулах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх эдгээр дасгалуудыг амьдралдаа хэрэгжүүлж, цаашид унших дадлаа идэвхтэй үргэлжлүүлээрэй. Шинэ үйлдэл 21 өдөрт зуршил болно. Тиймээс эхэн үедээ маш хэцүү байсан ч өөрийгөө дайчлан тасралтгүй 21 хоног давтан хийснээр уг үйлдэл зуршил болдог.

Эцэст нь хэлэхэд дусалж буй усны дусал чулуу цоолдог шиг зөөлөн нь хатуугаа иддэг гэж үг бий. Зогсолтгүй уншаад л байдаг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *