Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Хөх тэнгэр сонсож бай [Чинагийн Галсан]

Мэдэхгүй юм даа, энэ зохиолыг уншаад хөгшин эмээгээ маш ихээр саналаа. Хэдийн бурхны орондоо буцаад арваад жилийг үджээ. Одоо бодоход өвөө эмээ нар маань яагаад хүүхдүүдээсээ зөрөн байж хашаа байшин руугаа тэмүүлээд байдаг байсныг нь маш ихээр ойлгож авах шиг. Эмээ маань хашаан дотроо өглөөний мандах нарнаас үдшийн бүрий тасартал нүд нь гялалзаад нэгийг сэтгэчихсэн, хөлс нь бурзайчихсан байнга л хөдөлж байдаг сан. Эмээгийн санаачлан хийсэн ногооны бяцхан талбай, хүлэмж, амрах саад цэцэрлэгт хүүхэд болохоороо бид их дуртай байдаг сан. Очих болгонд л хамаг өнгөтэй өөдтэй гэснээ авдартаа хадгалчихсан гаргаж ирээд л маасайтал инээгээд өгдөг сөн. Эмээ маань харваад хүний гарт орсноос хойш тэр хашаа, тэр орчин амьгүй болжээ. Одоо хэдийн зарагдаад өөр айл амьдрах болсон 7 тоот тэр хашааны гадна саяхан би очиж хэсэг зогслоо. Орчин тойрон тэр чигтээ газарт ороод барилга байшин баригдах гээд үнсэн саарал нэг л хоосон. Эмээг маань амьд сэрүүн, харваж хүний гарт ороогүй байхад тэр хашаанд амьдрал буцалдаг байжээ. Намайг бүр бага байхад эмээ маань байнга л хажуудаа дагуулж явдаг сан. Алт мөнгөний дархан, барьцаалан зээлдүүлэх газраас эхлээд оёдлын материал, бөс даавууны худалдаа, хүнсний зах, гандан хийд гээд л явахгүй газар гэж бараг үгүй. Эмээтэйгээ нэг удаа вагонд суугаад Багахангайн зүгт байдаг хамаатны эгчийнх рүү явж байтал БНМАУ-ын 20-р тогтоол гэгч гарч миний санаж байгаагаар эмээгийн халаасанд байсан хэдэн төгрөг нь ямар ч үнэ цэнгүй болж байсныг тод санадаг юм. Тэгэхэд зохиолын гол дүрээс би ганц хоёр л ах байсан болж таарлаа. Эмээгээ дурсан бодоод сэтгэл хөдлөөд үндсэн агуулгаасаа бүр хазайгаад явчихлаа.

Хөгшин ээж нь өөд болсны дараах үеийг зохиолч маань шар үхэр жил гэж тэмдэглэжээ. Тэгэхлээр 1949 оны шарагчин үхэр жил гэж Монгол цаг тооны бичгээс олж мэдлээ. Өөрөөр хэлбэл зохиолч маань 4–5 настай байсан үе. Яг энэ насанд хүний суурь хүмүүжил, төлөвшил тогтож бий болдог гэж хэд хэдэн номоос уншиж байсан. Хөгшин ээж нь зохиолч Галсан гуайд Бурханаас өгсөн хамгийн үнэтэй бэлэг гэмээр л санагдлаа.

Нүүдэлчин соёл ахуйгаас тэс хөндлөн амьдралын хэв маягт шилжин суурин соёл иргэншлээр амьдрах болсон бидний үр хүүхдүүд дийлэнх нь цэцэрлэгт хүмүүжиж, үлдсэн нь гэртээ хэн нэгэнтэй, азтай цөөнх нь өвөө эмээгийн дэргэд цагийг өнгөрүүлдэг байх. Хүүхэд гэдэг яг л хажууд байгаа хүнээ үлгэрлэн дуурайж, өсөн хүмүүждэг болохыг зохиолч маань ямар уран сайхан аргаар шигтгэж, татаж гаргаж ирсэн нь уншигч миний хувьд нэн содон, шинэ сонин, заримдаа өр өвтгөм, заримдаа хөгжилтэй, заримдаа нэгийг бодогдуулж, ухаарал бэлэглэсэн үйл явдлуудаар дүүрэн байлаа.

Бага насны дурсамж хэсгээс нь жишээ болгон авахад тэрээр ганцаар хониндоо явж байгаад шээхдээ доороо эргэж гэр зурдаг хэсэг үнэхээр хөгжилтэй санагдлаа, яг л нүдэнд харагдав. Бас эмээтэйгээ тоо бодож сурч байгаа хэсэг үнэхээр хөөрхөн, хоньчин хүүгийн хурга ишгээ өсгөх гэж яарч буй төсөөллийн ертөнцийг “…ай баян Алтай минь өглөгийн тэнгэр ивээвэл хургаар, мөсөн мөндөр цагаан хургаар бороо орохыг ч байг гэх газаргүй.” хэмээн илэрхийлжээ.

Хүүхдийн дотоод ертөнцөд хөгшин ээжийнх нь болгоомжтой нэвтрэн уусан орох чадвар үнэхээр бишрэм. Үхлийн тухай хүүдээ тайлбарладаг хэсгийг уншихад тэр чигтээ хайр мэдрэгдэнэ. Өндөр настай хүнд нэмэр болохоос хэдийн өнгөрсөн гэж бодогдохоор энэ эмгэний дотор хүнээр хүн хийх их ухаан агуулагдаж байсныг зохиолч өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, намтраар хэдийн хангалттай гэрчлэн харуулж чаджээ. Тэгээд энэ номоороо дамжуулан хөгшин ээжийнхээ их ухааны өчүүхэн хэсгийг ч болов бусдад хүргэхээр бичсэн болов уу гэж бодогдлоо.

“Бодол зөв, сэтгэл цагаан явахад ямар ч хараас айхын хэрэг хүнд байдаггүй юм.”

Хүүхдийн шүд унахад өөхөнд ороогоод нохойд өгдөг домтой хэсгийг сонсоод өвөө эмээтэйгээ яармагт хашаанд гэрт байсан цаг үедээ дахин эргэн очих шиг боллоо. Харцага гэдэг нохойтой байж билээ. Өвөөг өөд болдог тээр жилийн тэр өдөр нохой нь бас яг нэг өдөр амьсгал хураасныг сонсоод хэсэгтээ шокийн байдалд орон хүлээж авч байснаа эргэн санав.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хамгийн хүйтэн цаг уурын нөхцөлтэй алс баруун хязгаарт өрнөх үйл явдал, зуднаар нэг ч гэсэн малаа амьд авч үлдэх гэсэн тэр тэмцлийн хэсэг бол үнэхээр хүнд. Тэр өвлийн турш хүүгийн туулж өнгөрүүлсэн зовлон шаналал, айлын отгон хүүхэд аав ээждээ хань бараа болж үлдэх ёстой гэсэн бичигдээгүй уламжлал, хөгшин ээжээсээ гэнэт салах гээд их олон давхацсан ачаалалтай тэр өвлийн хүнд үйл явдлууд эцэстээ түүний хайртай нохойн үхлээр тэсвэр тэвчээрийнх нь сүүлчийн утсыг тас татан, хөх тэнгэртээ хилэгнэн уурлаж, зогсохын эцэсгүй бачууралд хүргэнэ. Асуудлын учрыг тэр дор нь хөгшин ээжтэйгээ тайлж ойлгон хөнгөн явдаг байсан хүү, түүнийг үгүй болсноос хойш гарсан асуудал бүрийг цааш чимээгүй залгин өнгөрүүлсээр эцэстээ хуримтлагдсаар нэг л өдөр тэсэрч итгэл үнэмшил болсон хөх тэнгэртэйгээ тэрсэлдэхэд хүргэжээ.

Саяхан нэг podcast сонсож байхад тун удахгүй Монгол улсын хүн амын 90 хувь нь Улаанбаатартаа төвлөрч амьдрахаас өөр сонголтгүй болно гэж ярьж байсныг гэнэт саналаа. Хэдий энэ үнэн байж болох ч бид хойч үедээ өөрсдийн нүүдэлчин соёл ахуйг үнэнээр нь авч үлдэхэд ийм ном зохиолууд бидэнд маш их хэрэгтэй гэж бодогдлоо. Зохиолын төрлийн номоос ийм их ухаарал авч болдгийг энэ номоос яагаад ч юм ер бусын мэдэрч чадлаа. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *