Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Цагаан хоолтон [Хан Ган]

Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн анхны Ази эмэгтэй Солонгосын зохиолч Хан Ганы бичсэн “Цагаан хоолтон” номыг уншихын өмнө зохиолч Ц.Оюунбатын “Амьд үлдэгсэд”, “Амьд үлдэгсэд prequel” гэсэн аймшгийн төрлийн зомбитой зохиол сонсчихсон байсан учраас ерөндөг болгох санаатай уншлаа. Гэтэл зомби цаашаа гэмээр хөндлөн утга энэ номонд гүн шигджээ.

“… Би хэвийн хүн үү? Ёс журамтай хүн мөн үү? Өөрийгөө хянах сэтгэлийн хүч байна уу? Урьд нь итгэлтэйеэ хариулах байсан энэ асуултуудад одоо тэр хариулж чадахаа нэгэнт больжээ. …”

— номын хэсгээс

Хүн бүр их бага ямар нэг хэмжээгээр бие сэтгэлийн өвчтэй болсноо хожим анзаардаг. Харамсалтай ч гэсэн ганц үнэн нь энэ өвчин тэдний хамгийн ойр дотно хүмүүсээс үүсэн бий болдог. Товчхондоо их бага наснаас аав ээжээс, өвөө эмээгээс, ах дүүсээс эхэлдэг. Үр хүүхдүүдээ загнаж зандрах, хажууд нь ёс бус зүйлийг эрээ цээргүй үйлдэх болсон өнөө цагийн бидэнд энэ зохиол тун цагаа олсон (нүдээ олсон гэдэг шиг) санагдлаа. Энэ мэт чансаатай зохиолоос уншигч би өөрийн хичнээн өчүүхэн болохыг мэдрэх юм даа.

“… Нэг талаас, хүсэл тачаал төрүүлэхгүй байхын аргагүй залуу бүсгүйн үзэсгэлэн гоо бие цогцос, нөгөө талаас ертөнцийн бүхий л хүсэл тэмүүллээс татгалзсан бие махбод. Чухамдаа энэ эсрэгцлээс л амьдралын эргүүлэг, тэр дундаа энэ эсрэгцлээс л амьдралын эргүүлэг, тэр дундаа нилээд хүчтэй эргүүлэг бий болсон хэрэг. …”

— номын хэсгээс

Сүүлийн жилүүдэд л хүчтэй анхаарч авч үзэх болсон сэтгэлзүйн эрүүл мэнд, анхаарахгүй удаан явснаас биед харшлал үүсгэх болсон олон шалтгааны нэг. Хүн бүхэнд янз бүрээр илэрч гардаг. Хүний байгалийн зөн нь өөрийгөө хамгаалах учраас ихэнх тохиолдолд бусдад хувиа хичээсэн өөдгүй байдлаар анзаарагдах нь бий. Зохиолд бусдын төлөө юм шиг амьдралд бууж өгөлгүй тэмцсээр, нэрээ цэвэр авч явах амжилттай мэт дүрийн цаана эцэстээ өөрийгөө хамгаалах гэсэн бяцхан охины бодол нуугдаж байсныг маш гайхалтай илчлэн гаргаж ирдэг. Ерөөсөө л бидний өдөр бүрийн баг өмсгөлийн цаана юу байж болохыг энэ ном зоригтойгоор гаргаж ирснээрээ онцлог.

“… Ирмүүн хүсэл тэмүүллээр дүүрэн уран бүтээлч, шилэн саванд хашигдсан загас шиг амьдардаг эр хоёрын эрс ялгаатай оршихуй яаж нэг дор зэрэгцэн байгааг ойлгож хүчрэхгүй өдийг хүрсэн хэрэг. …”

— номын хэсгээс

Зохиолын гол дүр шиг гараа исгэж цус олгойдож байна хэмээн нэгэн цагт намайг сандаргаж явсан найз маань өдгөө бурханы орондоо заларчээ. Энэ номын гол дүрийн гаргах баггүй, хувиралгүй, өөрөөрөө мэт үнэн төрх нь яг л тэр найзыг маань санагдууллаа. Тийм л хүмүүс энэ хуурмаг нийгэмд адлагдаж, эцэстээ нөгөө шар хаданд очно эсвэл таагүй хувь тавилан тэднийг угтаж байгаа нь маш эмгэнэлтэй. Ямар их гайхалтай хүмүүсийг бид цаг бусаар үхэл рүү нь түлхэж байгаагаа даанч мэддэггүй. Мэдсэн ч тэдэнд хэрхэн туслах талаар ямар ч ойлголт, хүн чанар, үнэн бидэнд алга. Худлаа хоосон нэрэлхүү зан, бардамнал, баригдмал орон зай. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн чиний буруу биш, өөрийгөө өршөө, бурхан минь гэж.