Домог мэт яригдах түүхээс сэдэвлэн бичсэн энэхүү бяцхан ном уншиж эхэлсэн хэн бүхнийг соронз адил татан нэг мэдэхэд л дуусна. Үрээ танихгүй өнөр өтгөний хажуугаар сүүдрээ бараадсан өнчид байдаг нь энэ орчлонгийн аргагүй үнэний нэг хэмээн өгүүлэх өвгөний яриа энэ амьдралын сайн муу бүхнийг бусдад сургамж болгох гэсэн аястай өгүүлнэ. Байгалийн өнгө үзэмж, бишрэм сайхныг дүрслэн бичих нь уншсан хэн бүхний сонирхлыг татаад зогсохгүй очиж үзэх гэсэн хүслийг бадраана. Цаг хугацааны эрхэнд юмс үзэгдлийн зарим нь үнэ цэнэ орж байдаг бол зарим нь үнэ цэнээ алдан мартагдах хувь тавилантай. Чухам үнэнийг хэн хаана хэрхэн өгүүлэхээс хамаарна.
Аянгат цагийн тууж бол яг л тэрхүү олон жилүүдийг элээн даравч далдайна булавч бултайна гэдгийн үлгэрээр шалгарч үлдэн бидний өмнө ном болон иржээ. Баянак хэмээх дүр бол залуу хүний эрч хүч, эрэмгий зориг тэвчээр, гал эрмэлзэл, шударга үнэний илэрхийлэл гэмээр. Жанибек өвгөний хувьд ч буруутгах аргагүй тийм харуусмаар эмгэнэлтэй нэг дүр. Хүн гэдэг амьтан тухайн цаг үе, нийгмийнхээ золиос болон өөрийгөө алдаж дуусдаг нь яг л шоргоолжны хувь тавилангаас өөрцгүй. Угтаа хүн болж төрөх нь үнэхээр л тийм ховор хувь тохиол юм бол яагаад бид ингэж утга учиргүй төсөөллийн дэг журмын хуулинд дөнгөлүүлэн амьдарна вэ?
“Гар хоосон, гуя шалдан яваад гэнэт хөрөнгөжихийн ухааныг ойлгосон хүмүүс ямар байдгийг чи мэдэх үү? Заль гэж үнэг шиг, бас түүн дээрээ бүр шийдчихсэн амьтад л даа… “
— Жанибек өвгөн
Гэр бүл, эцэг эх үрийн холбоо энэ нийгмийн дүрэм журамтай холилдоод ирэхээрээ бүр ч жонхууны үлгэр болж хувирна. Аль болох л эртхэн олон ургалч үзэл санаатай байж, олон зүйлийг хүлээн зөвшөөрч, хүлээн авч сурах нь өөрт болон аль ч нийгэмд амьдрах чадвар суухад дөхөм болж мэдэх юм. Үр хойчоо боддог хүнд эр зориг хэрэгтэй. Энэ эр зориг нь зүгээр ч нэг эр зориг биш, илүү тодорхой байхыг шаарддаг.
“… уултайгийн хэрэг юу билээ, оройд нь гарч малаа хармаар, антайгийн хэрэг юу билээ, угалзыг нь унагаж, тэхийг нь намнамаар, өссөн газрынхаа өвсөнд нь хөлбөрч шороонд нь тонгочмоор, өөрийн тэнгэрийн салхийг амталж, одыг тоолмоор, зуны бороонд нь шалба цохиулж навч цэцэгтэй цуг нарыг хүсмээр, өвлийн цасанд нэвс даруулж туурайтан жигүүртэнтэй цуг хаврыг хүлээмээр санж!”
— Баянак зугтаж яваад эцэг Жанибекийн гэрт ирээд хэлдэг үгсээс