Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Их Тээлийн даваа [Пүрэвжавын Пүрэвсүрэн]

Ааа яа яа яа… яг л энэ шүү дээ. Их олон жилийн тэртээ нэг том бул хар чулууны дор дарагдаад үлдчихсэн өөрийгөө хаанаас ч олохгүй хайсаар будилсаар яваа нөхөрт өөрийг нь сануулах мэт сайхан бичих юм аа. Зохиолыг уншаад дуусан дуусах хүртэл энэ их тээлийн даваа хаана аль аймгийн ямар газарт байдаг юм бол гэж бодсоор дуусгалаа. Яаж ингэж тэр газрыг очиж үзмээр санагдтал бичиж чадна вэ? Ийм сайхан хүмүүсийн бичсэн зохиол, өгүүллэг, яруу найргийг өдий болтол олж уншиж байгаагүй харанхуй өнгөрүүлсэн он жилүүдийг төсөөлөхөд ч бэрх санагдана. Харамсалтай нь эдгээр он жилүүдийг туулаад ирсэн нь маргахгүй үнэн.

Хуурмаг хорвоогийн өнгөнд өөрийн мөн чанарыг гээх нь хичнээн уйтай харуусмаар. Монгол нутаг, Монгол ахуй амьдрал, Монгол хүний тухай Монгол зохиолчийн ийм бүтээлээс л ингэж гүн гүнзгий мэдрэх боломжтой биз ээ. Морь ч олигтойхон унаж чадахгүй над мэтийн хувьд унших шаардлагатай Монгол ном зохиол маш их байна даа. Жүжигчин Амараагийн тоглосон “Боолын гэрээ” киноны төгсгөлд гол дүр үхэхийнхээ өмнө “нэг сайхан айраг уух юмсан…” гэж хэлдэг дээ. Яг л тийм ихээр нутаг усандаа сэтгэл зүрх нь тэмүүлдэг байх. Сүүлийн үед зам дэд бүтэц, машин техник тодорхой хэмжээнд сайжирч хүн бүр л хөдөө орон нутагруу дотоодын аялал зугаалга хийх нь эрчимжсэн. Жинхэнэ бодит аялал мэдрэхийн тулд Nojо publishing-гийн захирал Б.Базарсүрэнгийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хагийн хар нуурын морьтой аялалд явж үзмээр санагдлаа. Замдаа зохиолын баатар Тулга шиг уул модондоо цуурайтууланхан дуулж явдаг бизээ…

Цаг хугацааны уртад хүн гэдэг олон зүйлийг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөж, уучилж, эдгэрч байж зогсолтгүй үргэлжлэх амьдралын тойрог хэлхээсийн нэгэн сувд болдог ч байж мэдэх юм. Хэн мэдлээ…