2024.02.02-ны өдрийн тэмдэглэл
“Хүүхэд өсгөх гэдэг нь өөрийгөө ч мөн өсгөн хүмүүжүүлэх үйл явц юм.”
Өнөөдөр бага хүү Номт маань хоёр нас хүрлээ. Хүүгээ хараад мөн бусад ах нарынх нь талаар өдөржин бодож, би ер нь хүүгийнхээ төлөө юу хийж өгч чадах билээ гэх мэтчилэн олон зүйлийг дотроо эргэцүүлэн бодлоо. Тэгээд товчхондоо энэ номыг аль эрт уншина даа гээд дотроо бодохоос цаашгүй явснаа сая зориг гарган, ширээний гэрлийг буйдан дээрээ асаагаад хавтсыг нь хойноос нь нээгээд уншиж эхэллээ. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг гадуур тэмдэглэж үзээгүй бид хоёр 3 хүүтэйгээ хоолонд орж, бяцхан торт задлан, гадуур тэмдэглэцгээв. Тэгээд гол нь лаа үлээж зургаа авахуулж дуусаад хооллохын өмнөх бүгд бие биедээ талархаж буй сэтгэл нь юу юунаас илүү сайхан санагдлаа. Цомхон хэрнээ хайр дүүрэн тийм дуусгамааргүй мөч. Энэ номд бичсэнээр хүүхдэд аав ээжийн халуун дотно харилцаа, ээжийн инээмсэглэл их чухал гэсэн байна. Ээж инээмсэглэхийн тулд эрүүл, эрч хүчтэй байх хэрэгтэй. Сэтгэлзүй болон санхүүгийн хувьд тун бэрхшээлтэй энэ цаг үед хэдий бие давхар ч хүүхдүүдээ ханиад хүрээд өвдөх вий хэмээн цэцэрлэгт явуулахгүй 24/7 асарч, халамжлах эхнэрээ хараад бахархах, хайрлах, байнга дэргэд нь хамт байх хүсэл ихээр төрнө. Өөрийн хүсэл мөрөөдөл, цаг хугацаа, карьер гээд бүхнээ гэр бүлдээ зориулах эхнэртээ найз нөхөдтэйгөө гарч ярилцах зав чөлөөг гаргаж өгч байх тун чухал болохыг энэ номноос уншлаа. Эхнэр маань л надад урам зориг их өгдөг, би харин тийм билүү гэж өөрөөсөө асуухад бас л чамлалттай. Ямар ч үед итгэлээ алдаж болохгүй гэдгийг сануулахаар өгүүлбэр санаанд орлоо.
Сэлэмний ир хүзүүг чинь хайрч байсан ч итгэлээ бүү алд.
Өөрөө чин сэтгэлээр аливаад хандаж үлгэрлэж байж сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, хүнлэг хүүхэд өсөж бий болдог. Аав, ээж нь үргэлж чиний талд шүү гэдгийг зөв, буруу аль ч үед нь мэдрүүлэх хэрэгтэй. Буруу хийсэн зүйлийг нь хамтдаа очиж засаж залруулах, бусдыг хохироосон бол хамтдаа очиж уучлалт гуйх маягаар үлгэрлэж сургах хэрэгтэй гэжээ.
Бие даасан, хариуцлагаа хүлээх чадвартай хүн болгож өсгөхөд балчираас нь эхэлнэ. Үүний тулд эрэл хайгуулч байлгах, сониуч занг нь дэмжих, тоглож наадах боломж өгөх, араас нь буюу зайнаас дэмжих. Товчхондоо эцэг эх нь бүх оюун, биеэрээ хүүхдийнхээ орчинд уусан орж, мэдэрснээрээ сониуч, хайгуулч байдлыг нь дэмжих юм.
Хүүхдэд сонирхолгүй санагдсан зүйлийг нь эцэг эхүүд сургах гэж хичнээн оролдсон ч үр дүн гарахгүй. Харин хүүхэд өөрөө сонирхлоо нээн илрүүлж, түүнийг нь эцэг эх зүрх сэтгэлээрээ мэдэрч дэмжиж чадвал гарах үр дүнг нь хараад гайхширч догдлох вий.
Хүүхэд бүр өөр өөр хувь хүн төдийгүй, төрөлх шинж чанараараа ч өөр өөр юм. Тиймээс ном, гарын авлага мэт яг таг заавраар өсгөх гэвэл бүтэхгүй. Хамгийн зөв арга бол хүүхдээ хажуугаас нь мэдэрч ажиглан, дэмжлэг үзүүлэн, хайрлаж байгаа гэдгээ мэдрүүлэх юм. Хүүхдийн хувь шинжийг хөгжүүлэхэд тодорхой байдлаар магтах маш чухал. Жишээ нь: Зүгээр сайн байна гэх биш хийсэн үйлдлийг нь өгүүлбэртээ оруулан бүтнээр нь миний хүү маш зөв хэллээ гэх мэт.
0-2 насны хүүхэд дураараа зан гаргана гэж огт мэдэхгүй. Харин тиймэрхүү хандлага гаргаж байгаа нь өөрийгөө хүчтэй илэрхийлж байгаа хэлбэр юм. Хүүхдэд гар хүрч хэрхэвч болохгүй. Энэ үйлдэл нь хүүхдийн тань сэтгэлд маш том шарх үүсгээд зогсохгүй, бусдад итгэх итгэлийг нь үгүй хийдэг.
Хүүхдийнхээ боломж чадварт бүү эргэлз. Хүүхэд ээж аавыгаа ажиглаж байдаг тул тэднийх нь хүлээлгэсэн итгэл юунаас ч эрхэм байдаг. Хүүхдийн чөлөөтэй хөдөлгөөн хийх боломж эрс хязгаарлагдсан хотжилтын энэ цаг үед хүүхдээ насны тоогоор нь өдөрт алхалт хийлгэж хэвшээрэй. 1 настай бол 1км, 2 настай бол 2км гэх мэт.
2024.05.05-ны өдрийн тэмдэглэл
Номтын хоёр насны төрсөн өдрөөр уншиж эхлүүлээд орхисон номоо өнөөдөр уншиж дуусгахаар барьж авлаа. Өглөө бүр өнөөдөр л уурлахгүй юм шүү гэж залбиралдаа оруулдаг хэдий ч өчигдөр оройн өөрийн гаргасан муухай аашыг бодохоор маш аймшигтай тэнэглэл. Тэмдэглэлийн эхэнд хэлсэнчлэн хүүхэд хүмүүжүүлэх үйл явц нь ёстой л өөрийгөө хүмүүжүүлэх үйл явц байж мэдэх юм гэсэн бодол төрлөө.
Хүүхэд эмзэг мэдрэмтгий (асаргаа ихтэй), өлчир борогшуу (асаргаа багатай), аль алийг нь хослуулсан төрөлх чанартай байна. Аль ч төрөлх чанартай бай гэр бүлийнхээ гэрэл гэгээ, нэгэн өнгө нь болон бидэндээ ирсэн бурханы бэлэг юм.
АНУ-ын нэгэн судалгаанд хүүхэд хүмүүжих хамгийн тохиромжтой орчны нэгдүгээрт чанартай цэцэрлэг (манайхаар бол үнэтэй хувийн цэцэрлэг), хоёрт гэр, гуравт энгийн цэцэрлэг (улсын цэцэрлэг) гэжээ. Аавууд хүүхдүүддээ цаг маш сайн гаргаж байх нь хүүхдийн хүмүүжилд асар чухал. Түүнээсээ ч өөрөө амьдралын эрчим ундаргаа авч сураарай гэсэн зөвлөгөө нь тун таалагдлаа.
Хүүхдээ тусч сайхан сэтгэлтэй болгож өсгөе гэвэл сэтгэлийг нь ойлгох хамгаас чухал. Сайн руу тэмүүлэх хүүхдэд шаардлагатай зүйл бол бусдыг ойлгох чадвар юм. Тиймээс энэ чадварыг суулгахдаа өөрийгөө золих үзэл бус, сайн руу тэмүүлэх үзэлд суурилахыг хичээгээрэй.
ХҮҮХДЭЭ ЗУГААТАЙГААР ӨСГӨЦГӨӨЕ
0-6 САР. Нярай хүүхдийн сэтгэл санаа, хүсэл бодлоо илэрхийлэх арга нь ердөө л уйлах юмуу инээх бөгөөд “таагүй, тухгүй мэдрэмж төрвөл уйл” гэсэн өгөгдөлтэй төрдөг. Тиймээс нялх хүүхэд уйлж эхэлбэл ээж аав нь “за нэг таагүй зүйл болж дээ” гэж ойлгох хэрэгтэй. Тэр үед нь “яасан бэ, миний охин?”, “шээчихээ юу даа”, “халууцаа юу”, “өө, сүүгээ уух гээд байсан юм уу” гэх мэтчилэн харилцсанаар, уйлахаар хэн нэгэн ирж таагүй мэдрэмжийг нь арилгадаг гэдгийг хүүхэд мэддэг болно. Өөрөөр хэлбэл учир шалтгааны холбоог ойлгож эхэлдэг байна. Улмаар 5-6 сартай болох үедээ хүүхэд ээж аавыгаа ирүүлэхийн тулд албаар уйлах, өөрийн шаардлагадаа нийцүүлэн янз бүрээр уйлахыг сурна. Энэ процесс нь хүүхэд тань байгалийн зөнгөө ухамсарт арга болгон ашиглаж буйн илрэл юм. Хэрэв хүүхдээ уйлахад нь тоохгүй байвал аажмаар аав ээжтэйгээ харилцах хүсэлгүй болоод зогсохгүй цаашлаад бусадтай харилцах хүсэл тэмүүлэлгүй, бие даах чадваргүй, аливаад идэвх сонирхолгүй болдог. Үүнийг мэргэжлийн үгээр “хүчгүйдлийн олдмол мэдрэмж” гэнэ. Товчхондоо хүүхдээ уйлахад нь анхаарч, инээхэд нь дагаж инээмсэглэх нь эцэг эхийн хүүхдэдээ олгох бага насны хамгийн чухал суурь болдог.
Хүүхдийн суралцах хөгжил нь дуурайхаас эхэлдэг. Өөрт нь тайван амгаланг мэдрүүлж, хөгжилтэй уур амьсгал бүрдүүлдэг хүнийг илүүтэй дуурайдаг байна. 5 сартайгаас хүүхэд гарт таарсан болгоноо амандаа хийж шалгадаг болохоор гараараа хүрч, амандаа хийж болохуйц тоглоом сонгох хэрэгтэй.
7-12 САР. Хүүхэд хөдөлгөөн идэвхитэй, мөлхөж эхлэх үед түүнд маш их харилцаа, урам зориг, дэмжлэг, аюулгүй орчин, сонирхолтой орон зай хэрэг болдог. Манай 2 настай Номт гэхэд л хураасан цэгцтэй тоглоомуудыг үздэггүй, очоод л буулгачихна, ном урна, тоглоомоо задлаад тавьчихна, хаашаа ч хамаагүй шидэж үзнэ. Түүнд энэ нь тун сонирхолтой байдаг байх нь. Энэ үед нь загнаад байдаг тун буруу болжээ. Одоо нэг үеэ бодвол тоглоом энд тэндгүй замбараагүй байдалд аав ээж нь дасаж байх шиг байна. Эндээс анзаарснаар манай бяцхан Гэгээнээгийн үлгэр авах нь 2 настай Номт, Номтын үлгэр авах нь 4 настай Түшигт болж таарлаа. Эцэг эх эсэргүүцэхээ зогсоогоод хажуугаас нь дэмнээд ажиглах л хэрэгтэй юм байна. Хүүхдийн хөгжлийн явцад яарах хэрэггүй, хүлээцтэй байх нь чухал. Хүүхэддээ хүрэлцэх мэдрэмжийг байнга мэдрүүлэх, дээш өргөх, хөнгөн гижигдэх, ганцаараа сатаарч тоглох үед нь зогсоолгүй ажиглах, орон зай, орчинг нь сайн бүрдүүлэх нь чухал. Анх элсэн дээр тоглох хүүхдэд ямар сонин таатай байдаг гэж санана. Байгалтай ойр байх нь хүүхдийн хөгжилд хамгийн тустай.
1-2 НАС. Юмс үзэгдлийг танин мэдэхээр хичээж буй хүүхдийнхээ энэ үед нь аль болох хүслээр нь байлгаж, араас нь ажиглаарай. Хүүхдэд харилцаа маш чухал. Тэдний хийж байгааг ажиглан урам өгч байгаарай. Туршлага дээр суурилаагүй хоосон үг хэллэг хичнээн цээжиллээ гээд тэр нь үнэн мэдлэг болох нь бүү хэл, алсдаа би чинь юу ч мэддэггүй юм биш үү хэмээн өөртөө итгэл алдрах шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй. Хүүхэд гэдэг хичнээн хөөрхөн ч гэлээ, хэцүү үедээ үнэхээр хэцүү. Тиймээс аав ээж хамтдаа л энэ үүргээ ижил тэнцүү хариуцлагатай хандах хэрэгтэй. Мэдээж эхнэр нөхрийн харилцаа тааруу орчинд хүүхэд өсгөх хэцүү.
Хүүхдийн хэлд орох үе үнэхээр эгдүүтэй. Хүүхэд үгийг үнэн сэтгэлээсээ хэлдэг. Тиймээс сэтгэлийн хөдөлгөөнийг нь ойлгож, урмын үгээр дэмжиж өгөх нь чухал. Биеэр мэдэрч, туршлагаар баталгаажсан үгийг л цээжлэх нь хамгийн төгс хэлбэр. Товчхондоо үг яриа гэдэг хүний үзэж харж, туулж мэдсэн бүхий л туршлагыг товчлон илэрхийлдэг хэрэглүүр. Эрт хэлд орох тусмаа, олон үг мэддэг байх тусмаа сайн уу гэвэл тийм биш. Хүүхэд аливааг биеэр туулж, хүрч мэдэрч байж, тэрхүү туршлагаа үгээр илэрхийлэх, шинэ үг хэллэг тогтоох тэнцвэртэй байдал юу юунаас чухал.
2-3 НАС. Энэ насны хүүхдийн төсөөлөн бодох чадвар сайжирч, хийсвэр ертөнцийг гарамгай бүтээнэ. Хоёр настай хүүхэд төсөөллийн ертөнцөөр аялах маш дуртай. Тиймээс төсөөллийг нь баяжуулах тоглоомоор тоглох, зурагт ном хамт унших, амьд орчин тэдэнд юу юунаас ч илүү чухал. Хамгийн шилдэг орчин бол байгал. Хүүхдэд үе тэнгийн найз нөхөд чухал гэнэ. Манай Номтын үе тэнгийн найз нь түүний ах Түшигт л болж таарлаа. Хүүхдээ нялх багад нь өөрт төрж буй мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаарай. Аль болох хүүхдүүдтэй хамт тоглуулах, найзтай болгох нь нийгэмшүүлэх алхам болно.
Балчир хүүхдийн үйлдэл бидэнд дүрсгүйтэж байна л гэж харагддаг. Гэтэл хүүхэд үнэндээ эрэл хайгуул хийж буй нь тэр юм. Хүүхдийн эрэл хайгуулч сэтгэлгээг дэмжихийн тулд дүрсгүйтэлд нь тэвчээртэй хандаарай. Дүрсгүйтэхийг нь хоривол идэвхгүй хүүхэд болно. Судалгаагаар балчир хүүхдийн хамгийн дуртай зүйлсийн нэгдүгээрт ус, хоёрдугаарт нүх цоорхой, гуравдугаарт саваа мод ордог.
Хүүхдийг уур цухалгүй, загналгүйгээр аргадах үндсэн зарчим бол өөрийнхөөр нь байлгах юм. Загнуулалгүй өссөн хүүхэд сэтгэлзүйн хувьд харьцангуй тайван байдаг. Хүүхдийг зэмлэх шалтгаан гарсан бол учирлаж хэлэхийн оронд тэнэг, мангараар нь хэрхэвч дуудаж болохгүй гэжээ. Би ч үүн дээр их алдаж байгаа хүн дээ. Хэд хэдэн удаа хүүхдүүдээ загнахдаа хяналтаа алдаж болох болохгүй үгээр хэлж байжээ. Магтаалыг бас хэтрүүлж болохгүй гэсэн байна. Шалтгаан нь бусдын үнэлэмжид мэдрэг болж, хүн үнэлэхгүй зүйлийг хийхээ больж эхэлдэг гэжээ. Уг нь бусдын бодол дүгнэлтээс үл хамаарч хийх ёстой зүйлээ хийдэг шийдэмгий зан суулгахад нь анхаарах хэрэгтэй. Дураараа хүүхэд гэж байхгүй, өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр төдий. Хүүхдийн хөгжил шулуун бус замаар урагшилдаг тул балчир хүүхдийн дураараа занг хөгжлийн явц дахь зурвасхан үзэгдэл гэж ойлгон, хүлээж аваарай. Хүүхдийн зөрүүд занг дараах дөрвөн төрөлд ангилж болох юм.
- дуртай зүйлээ хиймээр байтал ээж гэнэт түүнийг нь болиулах үед илэрнэ. Энэ нь хүүхдэд урьдчилан тааварлах чадвар сууж эхэлсэнтэй холбоотой.
- Би өөрөө буюу бүхнийг өөрөө хийх гэсэн энэ үед нь шууд урдуур нь оролгүй хажуугаас нь хөнгөн дэмнэж өгөхөд л болно. Энэ нь хүүхдийн Би-гээ мэдрэх хөгжлийн оргил үе аж.
- Бусадтай харьцахдаа тавгүйтэж байвал хүүхдийн сэтгэл зүй бүрэн тогтворжоогүй байгааг илэрхийлнэ.
- Яг тодорхой тайлбарлах боломжгүй үе. Хүүхэд бүр адилгүй.
Хоёр настнуудын хувьд яг манай гэрт болдог процессийг бичжээ 🙂 Номт дөрвөн настай ахынхаа үйлдэл, хэлсэн бүрийг яг дуурайна. Ээж нь дэлгүүрээс юм авахдаа юу ч байсан яг адилхан хоёрыг аваарай гэж захина. Дүрэм тодорхой булаацалдана. Тоглоомын талбайд хүүхдүүд муудалцах нь хэвийн үзэгдэл. Энэ үед ч хүүхдүүд биеэ хэрхэн авч явахад суралцаж байдаг.
Бага балчраас нь хүүхдээ өөрсдийн хэмнэлээр хэт чирээд байвал хүүхдийн төлөвшилд муугаар нөлөөлнө. Сэтгэл ханамжгүй, түрэмгий, хэт эрхлэх, хараат байдалд ордог. Тиймээс харах өнцгөө өөлчилж, хүүхдийнхээ үйл хөдлөлийг сэтгэлээсээ ажиглаж, сонирхож сурах хэрэгтэй. 2-3 нас нь би өөрөө буюу бүхнийг хийж чадна хэмээн сэтгэдэг үе аж. Энэ үед нь өөрт нь тохирсон хөнгөн ажлууд даалгахад тун дуртай гүйцэтгэх аж. Манай Номт бяцхан дүүгийнхээ хэрэглэсэн памперсийг хогийн саванд аваачиж хийхдээ их дуртай гүйцэтгэдэг. Өөрөө нэг ажил хийж чадсан гэх өөртөө итгэх итгэлийг нь бий болгодог байх нь.
“Уйлахаа боль”, “Юундаа уйлаад байгаан” гэх мэтээр хүүхдийн уйлах процессийг хүчээр зогсоож болохгүй байх нь. Би ч хааяа одоо битгий уйлаад бай гэж 4 настай Түшигтийг мөн ч их загнаж байжээ. Энэ хандлага нь хүүхдийн хувь шинжийг үгүй хийх, нуугдмал байдалд оруулах аюултай гэнэ.
Хүүхэд харилцаанд орох анхны хүмүүс нь хамгийн ойр дотны эцэг эх, ах эгч, дүү, өвөө эмээ нар билээ. Тэдний хоорондын эрүүл харилцаа нь хүүхдийн хүмүүжилд том орон зайг эзэлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хөгжил, сонирхол нийтлэг байдлаар ялгаатай тал бий. Эрэгтэй нь илүү төвлөрсөн зүйлд татагдах бол эмэгтэй нь уран сэтгэмж, төсөөлөх чадвар арай илүү байх хандлагатай. Гэхдээ энэ нь хүүхдийн хувийн онцлогоос шалтгаалж эсрэгээр байж болно. Хүүхдэд ном, үлгэр уншиж өгөх нь түүний хөгжил, хандлагад нөлөөлөх хамгийн шилдэг аргуудын нэг.
Түшигт, Номт хоёрын тоглоомыг эхэндээ байнга хураагаад л цэгцтэй байлгах гэж оролдсон боловч 2 настай Номтод энэ байдал огт таалагдсангүй, хураасан тоглоомуудыг тэр даруй шалаар нэг тарааж орхино. Тэгж л санаа нь амардаг бололтой. Зарим цөөн хэдэн тоглоом нь он цагийг элээн хамт үлдэх бол ихэнх нь тоогдолгүй лагерийн байшин руу хайрцагт ачигдана. Хэсэг тоглоомыг нь хурааж байгаад мартагдаж, уйдсан үед нь гаргаж өгөхөөр хэсэг бас сатаарч тоглох дуртай. Дуу хөгжим, сонсгол сайжруулахад аль болох байгалийн дуу авиатай хослуулан сонсгох хэрэгтэй.
Гурван насны эрдмийг 100 нас хүртэл хэрэглэнэ.
– Япон зүйр үг
Хүүхэд өдөр бүр ээж аавтайгаа хүрэлцэж, харилцах нь сэтгэл зүйн хөгжлийнх нь суурь болж өгдөг. Сэтгэл хөдлөл, хүсэл зориг гэдэг оюуны чадвараас ч илүү чухал бөгөөд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, хүсэл зориг дүүрэн хүн нас ахисан хойноо ч амьдралын эрч хүчээ алддаггүй. Эрэлхийлэх сэтгэлд нь нийцсэн цочроо л тухайн хүүхдэд сайхан туршлага болж, их тархины хөгжлийг хурдасгана. Хүсээгүй өдөөлт ихэдвэл хүүхдийн хөгжлийг сааруулна.
Хүүхдийг чадварлаг болгохын тулд үнэрлэх, сонсох, амтлах, харах, хүртэх гэсэн таван мэдрэхүйг нь жигд хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ чадваруудыг хүүхэд өдөр тутмын аж амьдрал дундаас л олж авах боломжтой. Өөрөөр хэлбэл тоглоомоо тарааж, шавар шалбаагтай зууралдаж, найзтайгаа тоглох явцдаа муудалцаж, зодолдож байхдаа эдгээр чадварт суралцаж байдаг. Эцэг эхээс хүүхдийнхээ үзэж, харж, туулах өдөр бүрийн ертөнцийг нь баялаг байлгахад л анхаарч ардаас нь ажиглан дэмжихэд л хангалттай аж.
Эцэст нь хэлэхэд бидний амьдралын утга учир, аз жаргал болон хайрлагдахаар ирсэн үр хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах хамгийн зөв зүйл бол өөрөө зөв байж үлгэрлэхээс эхэлнэ.