Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Агнистын гэгээ V — Билгүүн ухааны шастир [Пүрэвийн Бадрал]

Адиша Богдын сургаал, Ошо багшийн тайлбар

XI зууны үед Төвд орноо залран, шашны шинэчлэл хийсэн Энэтхэгийн их хутагт Адиша өөрийн номыг (Ложон Дондүнма) хэдий лам биш хэдий ч Бромдон гэгээнд аман уламжлалаар өвлүүлсэн аж. Үүнээс 100 орчим жилийн дараа Чадхава гэгээн анх удаа бичигт буулгажээ. Улмаар энэ ном Ошо багшийн тайлбараар хүн төрөлхтний зүрх сэтгэлд шижир туяа цацруулан заларсныг дуун хөрвүүлэгч П.Бадрал эрхэм хүний орчуулгаар энэ номтой учирсан минь юутай их аз ивээл вэ. Нэг сарын турш шимтэн уншсан номын тэмдэглэлээ эрхэм тантай хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Өөртөө зориулж та Агнистын гэгээ цувралыг энэ яваа насандаа заавал уншаарай гэж үнэн зүрхний угаас санал болгож байнаа.

АУГАА ГУРАМСЛАЛ

Адишагийн Сэтгэл ариусгах долоон утга бол сарыг заасан долоон хуруу. Хуруутай бүү зууралд. Хуруу зорилго биш, түүний заасан зүгт анхаарлаа төвлөрүүл. Сарыг олж харсан үедээ хурууг мартах болно. Тэр цагт шашны хэрэглүүр болсон бүх ариун судар, арга увдис хэрэгцээгүй болно. Зорилгодоо нэгэнт хүрсэн үед зам мөр замхардаг жамтай.

Адиша төгс гэгээрсэн гурван багшаас авшиг хүртсэн. Эхний багш Дармагирди түүнд оюун санаагаа бодлоос чөлөөлж, хоосон чанарт нэвтрэх аргыг зааж өгсөн. Хоёр дахь багш Дармарагшита нь түүнд хайр нигүүлслийг заажээ. Гурав дахь багш Иогин Майдарьяа бусдын зовлонг өөртөө шингээж, зүрхэндээ сорон уусгах увдис буюу хайрын бодит үйлдэлд сургасан байна. Энэ гурван багш дотно нөхөд байжээ.

Сэтгэл бидний бүх зовлонг урладаг. Сэтгэлийн тойргоос гармагц зовлон замхарна. Нигүүлсэл нь арга билгийн хоёр төрөл байна. Сэтгэл ариусгах долоон утга бол Төвдөд бэлэглэсэн түүний нандин бэлэг.

Үнэнийг танихын тулд
Бэлтгэл номд суралц.

Бодлын булингар, зүүдний хольцоогүй цэвэр цэнгэг ухамсрыг бодь сэтгэл гэнэ. Сэтгэлээс гэтлэхийг Адиша бодхичитта (бодь сэтгэл) гэж нэрлэдэг.

Үзэгдэл бүхнийг
Зүүд зэрэглээ шиг сана.

Чи өөрөө үзэгч болохоос үзэгдэл биш, гэрч болохоос гэрчлэгдэгч биш. Үзэгдэж, гэрчлэгдэж, хүртэгдэн мэдэгдэж байгаа бүхэн үзэгдэл юм. Үзэгдэж байгаа бүхэн зүүд зэрэглээ юм бол би ч бас зүүд болохыг мэдэрнэ. Энэ бол БИ буюу эгог дарах сайн арга.

Үүсэл, устал үгүйн
Мөн чанарыг шинжил.

Айх хэрэггүй атал айгаад, зуурах хэрэггүй атал зуураад, зовох хэрэггүй атал зовоод л. Өөрөө өөртөө зохиосон аймшгийн зүүдэндээ амьдарч буйгаа анзаарах болно.

Арга билгийн ерөндгийг
Ая зөнд нь тайл.

Гүн ухамсарт хүрмэгцээ арга барилаас татгалз. Хэдий хурдан татгалзана төдий чинээ эгогоос ангид байна. Билгүүн чанар сэтгэлээс гэтлэхэд төрдөг. Мунхаг чанар сэтгэлээс ургадаг.

Арилсан сэтгэлийн агаарт
Амар жимэр тухал.

Юунд ч уягдахгүй бол чи энд, одоо цагтаа оршин, сэрүүн тунгалаг болно. Энэ эрх чөлөө, сэлүүн амгаланг мэдрэхийг Патанжали самадхи гэдэг. Будда самбодхи гэдэг. Адиша үүнийг бодхичитта буюу бодь сэтгэл гэдэг.

Алдуурч одсон үедээ
Илбийн үзэгдлийг сэхээр.

Бясалгал хийх хоромдоо хоосон чанар, тунгалаг ухамсарт нэвтрэхийг заасан бол бясалгалаас бясалгалын хооронд үзэгдэл бүрийг зүүд зэрэглээ шиг бодож явахыг сануулсан. Үүрд амарлих хүртэл энэ арга хорвоогийн хүлээсийг таслах илд болно.

Өгөх авах хоёрыг
Ээлж солбин бясалга.
Орох, гарах амьсгалыг
Унаа болгон хөлөглө.

Адишагийн арга нь: Амьсгал авах болгондоо бүх ертөнцийн өнгөрсөн, одоо, ирээдүйн зовлон шаналгаа, нүгэл хилэнцийг өөртөө хүлээн ав. Амьсгал гаргах тоолондоо өөрт буй баяр жаргал, буян заяаг бусдад бэлэглэ.

Гурван орон нь гурван хор,
Гурван буяны үндэс.

Уур хилэн, үзэн ядалт тамын гурвалжингийн нэг талыг бүтээдэг. Шунал тачаал, өмчирхөл нөгөө талыг нь бүтээдэг. Тоомжиргүй алгуу зан нөгөө хэсгийг нь бүтээдэг. Энэ гурван хорыг гурван булаг болгох аргыг Адиша айлдсан. Энэ бол энэрэн нигүүлсэл. Амьсгалах бүртээ орчлонгийн зовлон шаналал, муу муухайг сорон авах юм бол чамаас яаж уур унтуу, шунал тачаал, хайхрамжгүй зан гарах билээ? Болзолгүйгээр бүх гай гамшгийг хүлээн авч, болзолгүйгээр бүх сайн сайхнаа түгээх аваас юунд дургүйцэж, юунд хоргодох билээ.

Хаа ч явсан, юу ч хийсэн
Халирч няцалгүй судлаарай.

Орчин нөхцлөөс зугтаад байвал дотоод хөгжил дулимаг болно. Аятай аягүй, таних танихгүй олон хүнтэй учирна. Араатны архираа, шувуудын жиргээ аль алийг нь сонсоно. Аль болох олон хэмжээст амьдралаар амьдар. Ямар ч орчинд орсон энэрэл хайраа хөгжүүл. Энэ бол үнэхээр зүрх зориг, тэсвэр хатуужил, суу билиг шалгасан аялал.

БУЯНЫ ТАРИАЛАН

Бясалгал бол эх булаг. Махбодийн эрчим хязгаарлагдмал. Бясалгал бол дотоод ертөнцөд нэвтрэх гүүр. Буддагийн хэлснээр: “Өөрийгөө таниагүй хүн өрөөлийг хайрлаж чадахгүй.” гэсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс хорвоог хардаг. Адиша мянган жилийн тэртээ амьдарч байсан хүн. Түүний амьдарч байсан дэлхий ертөнц одоо бидний амьдарч буй орчноос тэс өөр байсан. Гэвч түүний сургаалиуд амин чухал хэвээр. Гагц үүнийг мухар сохроор дагаж барьцалдалгүй, өөртөө орон зай үлдээж, уян хатан бай. Бид хариуцлагаа Будда, Есүс, Кришна, Адиша нарын алинд ч даатган орхиж болохгүй. Чиний хариуцлага зөвхөн чинийх. Өөрөө л мэдэрч, бясалгаж гэгээрэх учиртай.

Өөрөө өөртэйгөө харьцахаас
Өнийн бясалгалаа эхэл.

Хүмүүс үргэлж өөрөөсөө зугтдаг. Эхлээд өөртэйгөө харьцаж сурахаас эхэлнэ. Гуниг зовлон мэдрэх аваас үүнийгээ бясалгал болго. Зовлон шаналлаа аль болох хүчтэй мэдэр. Дотор чинь юу болоод байгааг нухацтай ажигла. Шархан дээрээ төвлөр. Өвчин зовиураа улам бүр гүнзгий мэдэр. Зугтаах хэрэггүй. Цай, кофе, тамхи, архи, мансууруулах бодис бүгд л зугтах арга. Орчин үеийн хүмүүс дэндүү их мансуурах болсон. Зурагт үзэх, радио сонсох, утас ухах, ном унших бүгд мансуурах арга. Орь ганцаар нам гүмхэн суу. Мөргөл, залбирал ч хэрэггүй. Энэ ч бас мансуурах арга.

Сав шим ертөнц
Нүгэл хилэнцээр дүүрсэн ч
Маар муу нөхцлийг
Бодь мөрт урвуул.

Бүх нүгэл хилэнцийг бодь мөр буюу будда болох замд хувиргаж болно. Энэ бол буддист алхими. evil — live: нүгэл амьдрал болох боломжтой — амьдрал нүгэл болох боломжтой. Яаж харахаас шалтгаална. Үүний тулд нүглийг бүү эсэргүүц, эсрэг талууд бие биесээ нөхцөлдүүлдэг учраас нэгэнд нь уурлаж, нөгөөд нь тачаах хэрэггүй, зүгээр л хөндлөнгөөс ажиглагч гэрч бол.

Гэм буруу бүхнийг
Нэг тийш нь туу.

Надад тохиосон уйтгар гуниг, өвчин зовиурт өөрөөс минь өөр хэн ч буруугүй. Энэ бол миний тарьсан үрээс гарсан ургац. Ямар үр суулгахаа би өөрөө л сонгосон.

Чин зүрхний талархлаа
Хэн бүхэнд ундраа.

Тус болсон, төвөг удсан, тоомжиргүй хандсан хүн бүхэнд таларх. Тэд бүгд надад агаар ус мэт хэрэгтэй.

Элдэв хуурамч үзэгдлийг
Дөрвөн биеэр тодруул
Эгэлгүй хоосон чанар нь
Ивээлт сахиус болно.
Дөрвөн холбоо зарчмыг
Дөхөм аргаа болго.

Бясалгал гэж юу вэ? Энэ бол өөрийнхөө юу хийж байгааг өөртэй нь юу учирч байгааг ухамсарлахын нэр.

Зуур зуурын учралыг
Даруй бясалгалдаа холбо.

Алхам тутамдаа сэхээлэг байх юм бол алдаа эндлийн хар мөр амьдралын харгуйд арилж, үйлдэл хийдэл бүр чинь зөв зүйтэй болно.

Их хөлгөний шим нь
Таван хүчинд агуулаастай.

1. Шийдмэг байдал. Бүрэн дүүрнээрээ байх чадвар гэж ойлгоорой. Хэрэв чи амьдралаа өөрчлөхийг хүсч байвал, дотроо гэрэл асааж үнэмлэхүй баяр баясгаланг амтлахыг хүсч байвал шийдмэг бай. Юу ч хийсэн түүндээ бүрэн дүүрэн орш. Анхаарал сарнисан, нозоорсон, хагас дулимаг байх хэрэггүй. Бүх сэтгэл зүрхээ зориул.
2. Мэргэшихүй. Амьдрал бол чиний уран бүтээл. Зүрхний угаас дурлан тэмүүлж буй тэр зүйлдээ мэргэших учиртай. Саад болж буй юмсаас ангижир.
3. Цагаан үрийн хүч. Хайр энэрэл, үнэн сэтгэл, билиг ухаан энэ бүгд цагаан үр.
4. Эрслэн таслахуй. Эго төвт бэртэгчин санаа илэрсэн даруйд түүнээс холбоогоо тасал.
5. Зориулахуйн хүч. Буян заяа бүхнээ бусдын сайн сайханд зориулна гэсэн үг. Гэрэл гэгээтэй юу л байна түүнийгээ бусдад түгээж, будант хорвоод цацраа. Энэ бол буддизмын үндсэн зарчмын нэг. Юу ч хадгалж харамлах хэрэггүй.

Их хөлгөний шим нь
Таван хүчинд агуулаастай.

Энэ таван хүчээр үйлдэл бүрээ цэгнэж, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал.

Хамаг номын үзүүр нь
Нэгэн чигт хандаастай.

Буддагийн сургаал бүхэлдээ би-үгүйг ухаарахад чиглэдэг. Эго бол хуурамч үзэгдэл. Эго-үгүйгээр амьдарсан цагт амьдрал чинь үнэний амт шимт, эрх чөлөөний баяр жаргалаар халгина. Сэхээрч үз, бясалгаж үз, хэрэгжүүлж үз.

ГЭРЧИЙГ ГЭРЧЛЭХҮЙ

Хоёр өөр гэрчийн
Гол чухлыг барь.

Хүний амьдралд хоёр янзын гэрч бий. Нэг нь гадна талд, нөгөө нь дотор талд. Эхлээд сэтгэлд юу л орж ирнэ тэр бүхнийг дуугайхан ажиглах аваас дияан бясалгал болно. Дараа нь бодлоо ажиглаж сур. Ажиглах тусам бодлын хөл татарч, сэтгэлийн агаар хоосорно. Тэглээ гээд зорилгодоо хүрэх болоогүй. Одоо л гэрчийг гэрчлэх самади буюу сатори эхлэх гэж байна. Ажиглагчийг ажигла. Өөр хэн ч тэнд алга. Өөрөөр хэлбэл ухамсар өөрийгөө ухамсарлах агшинд дияан хувирч самади болно. Товчхондоо эхлээд хоосорч үзэгдлийн торноос ангижраад, дараа нь дүүрч үнэмлэхүй ухамсарт нэгдэнэ.

Хоёргүй сэтгэлийн амгаланд
Цаг үргэлж шүт.

Оршихуйг таньсан хүн Бурханыг танина. Оршихуй хаа сайгүй учраас диваажин хаа сайгүй.

Үймэрч хямарснаа сэхээрвэл
Сэтгэл санаа ариусна.

Анхааралгүй байгаагаа анхаар. Сэхээгүй байдлаа сэхээр. Тэгээд гүйцээ. Өөрийгөө шийтгэх хэрэггүй. Алдаа гэдэг чинь онооны тал. Өөрийгөө зүхэж, өр төлөөсөнд зоволгүй (наманчлал бол шархаараа тоглож байгаа хэрэг.) бүрэн дүүрэн ухамсарла. Нэгэнт ухамсарласан бол урам зоригтой цааш алхаарай.

Үндсэн гурван утгыг
Алхам бүртээ тунгаа.

Хаа ч явсан сэрэмж сэхээгээ алддаггүй хүнийг билгүүн хүн гэдэг.
1. Бясалгал чинь тогтмол байх ёстой.
2. Цаг заваа дэмий зүйлд үрэхгүй байх. Цаг хугацааг хайрла, амьдралыг хайрла. Юу хийгээд байгаагаа анзаарч эртхэн сэхээрч үз.
3. Алдаа дутагдлаа бүү зөвтгө. Сэтгэл үргэлж өөрийгөө зөвтгөдөг. Алдаа дутагдалдаа тайлбар хийхээс ямагт татгалз. Тайлбар нь бусдыг хуурч чадах авч өөрийгөө хуурч чадахгүй. Үүнийг ухамсарлахад цагаа зарцуул.

Нүүх чигээ өөрчилж
Буух бууриа бататга.

Дадал болсон хуучин чиг хандлагаа өөрчил гэсэн үг. Тархинаас зүрх рүү шилж. Бодол бол үүл манангаас өөрцгүй. Бодохоо зогсоож мэдэрч эхэл. Хайрыг бодоод нэмэргүй, мэдэрч байж л өөрчлөгдөнө. Эго бодож сэтгэх дуртай байдаг. Тэр чигтээ үзэл бодлын шинжтэй зүйл. Сэтгэхүйн хүрээнээс мэдрэмжийн хүрээрүү нүүгтүн. Учир нь дотоод цөмд чинь мэдрэмж ч хүрч чадахааргүй гүн бодгаль чанар бий.

Эх булаг нь бодгаль чанар юм. Энэ нь бодлоос хол, мэдрэмжид ойр цэвэр оршихуй юм. Эцсийн нүүдэл нь бодгаль чанараас хоосон чанар руу, оршихуйгаас эс оршихуй руу. Ингээд чи бүр мөсөн алга болно. Алга болохын хамт анх удаа амьдарч эхэлнэ.

Буруу зөрүүг бүү гоочил.
Бусдын тухай бүү бод.

Өрөөл бусдыг гоочлох, өөрийгөө гоочлох аль аль нь туйлшрал, салаа зам нь явсаар эго хэмээх нэг цэгт л хүрнэ. Үүнийг л ухамсарлаж сэхээрэх аваас элдэв арга засал илүүц. Дөрвөн настай хүү маань rokit bay-ийн дуунаас ийн дуулна: “Би чиний толгой дотор, толгой дотор амьдарч байна…” яг л үүний адил бид бусдын тухай байнга бодно. Одоо больж үз. Амьдрал богино шүү дээ хамаа эртхэн сэхээр.

Өөрийн гол дутагдлыг
Хамгийн түрүүнд анхаар.

Эхлээд өөрийнхөө хамгийн их шаналаад байгаа зүйлээ тодорхойл. Түүн дотор нуугдан тэжээгдэх өөрийн эго-г илчил. Тэгээд түүнийгээ цаг ямагт ухамсарла. Сэхээ алдах хоромд л шаналгаат эго эргээд л сэрдэг.

Бид ихэнхдээ нэг туйлаас нөгөө туйлруу савлах гээд байдаг. Энэ бол хувирлын зам биш, савлуурын зам. Зуун зууны турш хүн төрөлхтөн амар заяа үзэхгүй савлаж иржээ. Савлуур чинь зогсох ёстой. Тэгж байж л ухамсрын ид шидийг үзнэ.

Үр дүн горилсон
Хамаг найдлагаа хая.

Үр дүн горилдоггүй хүнд л бясалгал нууцаа дэлгэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь бууж өгөх, хүлээн зөвшөөрөх, хэн ч биш болох, анир чимээгүй болох цаашлаад үнэмлэхүй хоосон чанарын тухай ойлголт юм. Үүнийг үгээр, бодлоор, мэдрэмжээр илэрхийлэх боломжгүй хязгааргүй амар амгалан. Бууж өгье хэмээн зүрхэн тольтоосоо хэл.

ХОРЖООНТОЙ НАРГИАН

Хортой хоолыг цээрлэ.

Адиша энэ судартаа бие махбод, сэтгэл санаа, сүнсний гурван хорыг багтаан хэлжээ. Биеэ элдэв хороор бөмбөгдөхөө боль, сэтгэлээ хог ялгадсаар дүүргэхээ боль, сүнсээ би-гийн үзлээр гутаахаа боль. Хор үгүй болоход эрүүл ухамсар л үлдэнэ. Энэ бол цэвэр оршихуй.

Буурьтай зангаа хая.

Амьдралын бүх ааш аяг, өнгө хэмнэлийг тань. Уйтан давчуу нүхэнд өөрийгөө бүү хорь. Аятай тухтай санагдлаа ч ичээгээ орхиж, амьдралын их аянд хэрэн бэдэр. Амьдралд юу л байна, тэр бүхнийг хүлээн зөвшөөр. Амьдрал богино учраас аль болох баялаг, халгиа цалгиатай амьдар. Билгүүн хүн ёс журмын хүлээснээс ангид, ардаа мөргүй, урдаа замгүй учраас таньж мэдэх бараг боломжгүй.

Хоржоонтой наргиан бүү үйлд.

Инээд хөөр бол хамгийн ариун залбирал. Үнэн голоосоо инээх үедээ чи бүтэн болдог. Харин гутаан доромжлох санаа агуулчихаад инээмсэглэх аваас наад инээмсэглэл чинь нүгэл болно.

Завшаант мөчийг бүү хүлээ.

Одоо биш бол хэзээ сэхээрэх юм бэ? Маргааш гэж хэзээ ч байхгүй. Боломж завшаан яг одоо, яг энд л байгаа.

Зүрх рүү бүү довтол.

Адиша: сэтгэлгээ, үзэл суртлыг шүүмжилж болно. Харин хайр, итгэлийг бүү шүүмжил. Хайрлаж, итгэж байгаа хүний зүрх рүү товтлох нь хамгийн адгийн мөртлөө хамгийн хялбар нүгэл.

Хайнагийн ачааг үхэрт бүү тох.

Тухайн нөхцөлд хариултаа өгч сур. Өөр тийш нь битгий шилжүүл. Шилжүүлж юүлээд байвал амьдрал чинь эцэс төгсгөлгүй там болно. Эрсдэл, хариуцлагыг өөртөө хүлээж ав.

Жинлүүрийн сум шиг бүү аашил.

Сайхан муухайн хэмжүүр гэж байхгүй. Бид л түүнийг санаанаасаа зохиодог.

Буруу үзлээс сал.

Амин хувийн ашиг сонирхол, хүчирхийлэл, шунахай, атгаг санаанд тулгуурласан үзэл бодлоос сал.

Бурхан дүрт шулмаас сэргийл.

Эго-г ийн нэрийджээ. Сэхээлэг байх юм бол өдөр тутмын амьдралдаа эго-гүй хормыг олон удаа амтална. Энэ бол цэвэр оршихуй юм.

БООЛУУД СЭРЦГЭЭ

Энэ ертөнц үдлээд өнгөрөх буудал болохоос үүрд төвхөнөх орон биш.

Хуурамч жаргалын төлөө
Зовлон бүү эрэлхийл.

Үхэлд булаагдаж байгаа бүхэн хуурамч. Үхэлд үл булаагдах тэр зүйл л үнэн. Үнэнийг сэхээр. Үхэл мөхлийн хязаараас давсан, цаг хугацааны чанадад орших зүйлийг сэрж мэдэр. Баяр жаргал уйтгар зовлонгийн цаана нуугдаж байдаг.

Хутагт сайн үйлсийг
Нэгэн оньсонд хураа.

Үнэнд хүрэхийн тулд, бүх гай зовлон, нүгэл хилэнцээс ангижрахын тулд дотогшоо өнгийн шунал тачаал, уур бухимдлаа ажигла.

Эндэл осол бүхнийг
Ганц аргаар залруул.

Үнэнд хүрэх ганц арга нь бясалгал юм. Адиша үүнийг ухамсарлахуй гэдэг. Ухамсарлах нь алив бүхний үндсийг таслах арга.

Эхлэл төгсгөл хоёрт
Хоёр үйлийг үйлд.

Эхлэл гэдэг нь өглөө, төгсгөл гэдэг нь үдэш юм.

“Өнөөдөр би энэ боломжийг алдахгүй. Үнэхээр хангалттай. Өдрийн турш би сэргэлэн цовоо байна. Үйлдэл бүрээ сэхээрч, алхам бүрээ бясалгах болно. Өдөр тутмын ажил амьдрал минь өөрчлөгдөхгүй ч цоо шинэ агуулгаар баяжна. Би түүнийг ухамсраар цэнэглэх болно.”

хэмээн өр зүрхний угаас шийдэн өглөө бүр бясалгана гэж ойлголоо.

Орой бүр унтахын өмнө өдрийн явдлаа цэгнэ. Цаашид илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад тустай. Алдаандаа гутарч, амжилтандаа сагсуурах хэрэггүй.

Хоёр тохиолдлын алинд ч
Тайван хүлээцтэй ханд.

Яарч адгасан хүн хэзээ ч сэхээлэг байх боломжгүй. Аливаад бүтсэн, эс бүтсэн алинд ч хүлцэнгүй байх.

Хоёр нандин суртахууныг
Аминаас илүү эрхэмлэ.

Хоёр нандин суртахуун нь энэрэл хийгээд билгүүн. Амьдралд өөрт нь заяамал утга учир байхгүй. Түүнийг өөрөө бүтээх учиртай. Бүтээх утга нь энэрэл билгүүнийг олохоос өөр юу ч биш.

Гурван бэрхэд суралц.

1. Тухайн үйл явдлыг болж байхад нь ухамсарлах.
2. Тухайн үйлдлийг болж байхад нь бус, болохоос нь өмнө ухамсарлах. Үүний тулд бодлыг үүсч байхад нь танин мэдэх шаардлагатай. Анир чимээгүй суугаад бодлоо ажигла.
3. Мэдрэмжийг ухамсарлах. Товчхондоо бодол үүсэхийн өмнө мэдрэмж төрдөг.
Жинхэнэ оршихуй нь мэдрэмжийн цаана буй.

Гурван сурвалжид шүт.

Буддагийн өлмийд мөргөмү (багш дор)
Номын ахан дүүстээ мөргөмү
Үнэмлэхүй хууль — ном дор мөргөмү.

Гурван эрдэнийг үргэлж өмгөөл.

Будда, сангха, дхарма гурав бол нандин эрдэнэ. Одоо байгаа энэ амьдралын хуурмаг зүүднээсээ сэрэх хэрэгтэй, тэгсэн цагт бусад сэрсэн нэгнийг мэдэрч танихаас гадна бусдад ч үнэнд хүрэх зам мөрийг чиглүүлж өгөх боломжтой болно.

Гурван буянаас бүү хөндийр.

Буддад үйлчлэх, коммунд үйлчлэх, үнэнд үйлчлэх нь буян болно.

СҮНСНИЙ АЯЛАЛ

Хүн гэдэг анх төрсөн цагаасаа солиотой хүмүүсийн дунд амьдарсан учраас энэ бүхнээ хэвийн зүйл гээд итгэчихсэн. Өөрийгөө уруугаа харчихсан байгааг ойлгох агшин бол хамгийн үнэтэй агшин. Үзэл суртлын хүлээсэнд амьдарч байгаа хүн бүхэн хоригдол, товчхондоо дотоод эрх чөлөөгөө боомилж байна.

Бүх орчинд нээлттэй бай.
Бүх талаар өөрийгөө хөгжүүл.

Сэжиг таамагт автдаг хүн бол хулчгар хүн. Хулчгар хүн хаагдмал байхаас аргагүй. Хаагдмал бүхэн ялзарч муудна. Үнэний эрэлд гарсан л бол алдаа эндлээс бүү ай. Хүүхдийн цайлган зүрх, баатрын эр зориг чамд байг. Алдаан дээрээс оноог ухаарна. Бурууг ойлгож байж зөвийг танина. Аль болох олон хэмжээст амьдралаар амьдар. Төгсөгч байхаас суралцагч байх нь илүү хөгжил баясалтай. Амьдрал өөрөө суралцахуй юм. Юунд суралцаж буй түүндээ бүрэн дүүрэн суралц. Тэр цагт чиний өмнө далд чанадын нууц тайлагдана.

Онцгой тохиолд байнга бясалга.

Бясалгалаа сөрөг объектоос эхэл. Чамд алт (эерэг объект) байгаа бол алхими хэрэггүй. Харин төмрийн хаягдал байгаа бол түүнийгээ алт болго. Үзэн ядалт байгаа бол түүнийг хайр болго. Уй зовлон байгаа бол баяр хөөр болго. Бүх будда нар эхлээд зовлонг тань гэж хэлдэг.

Ондоо зүйлд бүү сатаар.

Сөрөг объект дээр бясалгал хийж байгаа бол түүнд бүрэн уус. Түүнээс өөр зүйл энэ хорвоод байхгүй мэт мэдэр. Улам бүр гүн рүү нь уусан хайл. Бясалгал бол уусал нэгдэл. Уг гүнээс эерэг объект гарч ирнэ. Одоо харин эерэг объект дээр зай завсар үлдээгүй мэт гүн бясалга.

Чухал хэрэгт өөрийгөө зориул.

Хүний амьдрал богино, энерги хязгаарлагдмал. Энэ хязгаарлагдмал энергиэр хязгааргүйг нээх учиртай. Үхэлд булаагдах бүхэнд өөрийгөө битгий үр. Үхлийн дайрлагад үл өртөх тэр юм чинь ухамсар. Ухамсрын гэрэл гялбаа болсон хайр нигүүлсэл. Үүнээс бусад нь хаягдал юм шүү.

Зохист байрандаа эргэж ор.

Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн өрөөлийг хайрлаж чадахгүй. Өөрийгөө хувиргасан хүн хорвоог хувиргах болно. Байгалийн хуулийг даган мөрд, бүү тэрсэлд. Жам ёсны урсгалыг хүлээн зөвшөөрсөн цагт л баяр наадам амилна.

Эргэлзэх сэтгэлээс ангижир.

Үнэхээр хөгжиж цэцэглэхийг хүсч байвал ингэх үү, тэгэх үү гэсэн гуйвж савчсан зангаа хая. Амьдралд чин үнэнчээр ханд. Хийж байгаа зүйлдээ бүрэн дүүрэн орш. “за”, “үгүй” хэмээх үгс ариун тангараг байх ёстой.

Ээнэгших шижмийг тасал.

Бясалгагч хүн сэтгэлээ үргэлж ажиглаж байдаг. Ажиглахын ганц зорилго нь сэтгэлээс гэтлэх. Сэтгэл дотор бодол үймрэх аваас зүгээр ажигла. Дараах гурван төвшний бясалгал байдаг. Сэтгэлээс ангижирч, ухамсарт гүн нэвтрэх ганц хормыг сатори гэнэ. Гэнэтийн энэ үйл явдал цөмрөлт шиг санагдана. Удаах саторид хаалга хаана байгааг мэддэг, хүссэн үедээ онгойлгох болно. Гурав дахь саторид сэтгэлээс бүрмөсөн хэтийднэ. Хаалга, хашаа юу ч үгүй задгай орчин. Үүнийг Японоор сатори, Энэтхэгээр самади, Англиар ecstasy гэж нэрлэдэг.

БИД ӨНӨ ЭРТНИЙ БАДАРЧИД

Ажиглах, шинжлэх хоёр аргаар
Эрх чөлөөг өөртөө нээ.

Эрх чөлөө гэдэг нь юуны ч эсрэг биш, бас юуны ч төлөө биш, өнгөрсөн хийгээд ирээдүй рүү үсчихгүй яг энд одоо цагтаа зүгээр л байж, зөнгөөрөө урсахыг хэлнэ. Бясалгалтай учрах цагт хайр, эрх чөлөө хоёр хамтдаа ирнэ. Хором тутамд сэрүүн тунгалаг байж сэтгэлийн хувирал бүрийг ажиглахаас эхэлнэ. Уур бухимдал төрж буйг ажигласан бол түүний үүслийг шинжлэн тогтооход анхаарна. Уур бухимдал бол өвчний шинж тэмдэг. Жинхэнэ шалтгаан түүний цаана нуугдаастай. Магад эго ч байж мэднэ.

Бардах хэрэггүй.

Эго тэсч үлдэхийн тулд шийдсэн мэхээ хийх нь гарцаагүй. Энэ бол бардамнал.

Атаархах хэрэггүй.

Өөрөө бардахгүй байсан ч бусад хүн онгирч бардаад ирэхийн цагт атаархах сэтгэлд автуузай. Атаархаж байгаа цагт нууцыг алдахад хүрнэ.

Ихэрхэх хэрэггүй.

Бусдад өөрийгөө зарлаж явах шаардлагагүй. Нийгэм амбиц дотор амьдардаг. Тийм учир илүү сэрэмж болгоомжтой байх учиртай.

Баяр талархал горьдох хэрэггүй.

Хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл, гэхдээ адгийн мууд бэлэн байгтун. Учир нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг түнэр харанхуйд амьдардаг. Энэ сүүдрийг дайрч гарахаас тойрч гарах жим энэ хорвоод үгүй.

Тансаг рашааны охь шимийг
Дармагирди багш минь надад уламжиллаа.
Таван зүйлийн бохир буртгийг
Бодь мөр болгох увдис билээ.

Миний багш Дармагирди энергийн чигийг өөрчилж, хувиргах нууцыг надад өглөө. Одоо таван мэдрэхүй минь хог шаар, бохир буртаг хуралдах нүх сүв байхаа больж, бурханлаг энергийн халгиа дэврэн асгарах суваг болж хувирлаа.

Урьд урьдаас хураасан
Буяны авъяас минь сэргэж,
Унал, доромжлолыг тоохгүй
Чин зориг минь хөвчирч,
Би-гийн үзлээс салах
Билиг ухааныг эрсэн сэн.
Одоо үхэвч харамсах зүйлгүй боллоо.

Би багштайгаа ганц энэ нас биш, урьд өмнөх олон төрлийн зол буян, ерөөл хүслээрээ учирсан. Үнэн номын эрэлд би өч төчнөөн амьдрал туулан бэдэрсэн. Эдгээр судар бүхэлдээ эго-г үлдэн хөөх арга ухааны цогц. Энэ ном чамайг билгийн чанадад хүрэхэд чинь тус болно. Хэрэв бодь сэтгэлийг эзэмших юм бол энэ амьдралд харамсах зүйлгүй болно.

Сэтгэл үргэлж эргэлзэж байдаг, цаашлаад улам ихийг олох гэсэн шуналаар хөдөлдөг. Сэтгэлийн хүлээснээс гарсан нөхцөлд л амьдарч эхэлнэ. Амьдрах орон зай энэ агшинд гэдгийг л ухаарчих. Бид юу хийх нь тийм ч чухал биш, гагцхүү агшнаас агшинд сэхээлэг бай. Урагшаа үсчилгүй, ухарч тэнүүчлэлгүй энд, одоо цагтаа орш.

Өөртөө итгэх итгэлээ бид яагаад ингэж ихээр алдана вэ? Хиймэл оюун ухаан гарч ирснээр бидний оюун тархи түүнээс нэг их ялгаагүй болохыг олж харна. Оюун ухаанаа бид ашиглаж байна уу? эсвэл оюун ухаандаа ашиглуулж байна уу? Нийгмээрээ хордсон үзэл суртлын ертөнцөд бид амьдарч байна. Ийм орчинд цэвэр тунгалаг хүүхдийн оршихуй хэрхэн булингартаж байгааг харахаас өөрийг үл хийж чадна. Хүүхэддээ өгөх хамгийн том тус нь түүнд саад бололгүй, хүлээцтэй байж, илүү сэхээлэг, нээлттэй, бусдыг аялдан дагагч биш, өөрөө өөртөө зам нээж итгэл төгс алхагч, үнэний эрэлч байхад нь алсаас ажиглан дэмнэх юм.

Итгэлд ид шидийн хүч бий. Бодлоос ангид байх урлагийг эзэмшвэл бодол сэтгэхүй чиний хувьд маш нандин багаж зэмсэг болж хувирна.

“Үнэнийг тодорхойлох агшинд худал болдог.”

— Лаоз

Өөрийн дотоод дуу хоолой, зүрхээ сонс. Өөрөөрөө л бай. Гэхдээ авшиг хүртсэн багшаасаа сүнслэг чанар, аниргүй амгаланг сонссоор нэг л өдөр өөрийн дотоод гүний дуу хоолойг мэдэрч эхэлнэ. Будда бол Будда, Кришна бол Кришна, чи бол чи. Өөрийгөө хүндэлж, өр зүрхээ дага. Алдахаас бүү ай. Хичнээн алдана, төчнөөн сайн. Агшин тутам сонор соргог байх учиртай. Өөртөө л гэрэл бол. Ямар нэг зорилгогүй агшин бүрт уусан зохирч, хайр итгэл хоёроор халгин амьдарсан цагт үхэл хүртэл өнгөлөг тунгалаг байна.