Мөнгийг удирдах чадвар бидний оюуны чадамжаас илүү зан төлөвөөс хамаардгийг зохиолч маань энэхүү номоороо харуулахыг зорьжээ. Бидний амьдралд хүссэн ч хүсээгүй ч ямагт нөлөөлдөг хоёр хүчин зүйл бий: Мөнгө ба эрүүл мэнд. Энэ хоёроос бид бүгдийг төөрөгдүүлэх чадалтай мөнгөний тухай авч үзье.
Мөнгө бидэнд эрсдэл, итгэл (өөртөө итгэх) болон аз жаргалын талаарх амьдралын чухал хичээлүүдийг сургамжилдаг. Тэгээд зогсохгүй, хүний ааш авирыг хуу илчилж, учир шалтгааныг ч тайлбарладаг. Хүмүүсийн өрөнд орж, амьдралаа үрж буй шалтгаан нь зээлийн хүү биш харин хүний шунахай сэтгэл, найдваргүй зан чанар ба хэт өөдрөг үзэлтэй холбоотой.
Төрсөн цаг үе, улс орон, гэр бүлийн үнэт зүйл ба орлогын түвшин, тухайн үеийн нийгэм эдийн засгийн байдал, хөдөлмөрийн зах зээлийн орчин, цалин урамшууллын тогтолцоо гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүмүүсийг мөнгө санхүүгийн талаарх ойлголт харилцан адилгүй хэлбэрждэг.
Зарим хичээлийг номоор биш харин амьдралаараа сурдаг.
— Хөрөнгө оруулагч Майкл Батник
Бидний хичээл зүтгэлээс үл хамааран амьдралд тохиох олон үйл явдал, үр дагаврыг аз, эзтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Үүнийг өөрөөр хувь тавилан гэж үзэж болохоор. Бид бол зогсошгүй хөдөлгөөнд орших талбайд тоглож буй долоон тэрбум тоглогчдын нэг юм.
Амжилт олигтой багш биш. Учир нь тэр ухаантнууд алдах ёсгүй мэтээр ойлгуулдаг.
— Билл Гэйтс
Тэгвэл эсрэгээрээ бүтэлгүйтэл ч мөн сайн багш биш. Бүх зүйл харагдаж байгаа шигээ сайн эсвэл муу байдаггүй.
- Эцсийн зорилгодоо хүрээд зогсох гэдэг эзэмшихэд хамгийн хэцүү санхүүгийн чадвар юм.
- Нийгмийн харьцуулалт асуудлын гол зангилаа мөн. Нийгмийн харьцуулалтын тааз дэндүү өндөр бөгөөд хэн ч хүрч үл чадна. Хэзээ ч үл ялах дайн гэсэн үг.
- Хангалттай нь чамлахаар бага биш. Үүний эсрэг ухагдахуун болох үл ханамж нь эцэстээ таныг харуусалд хүргэхийг ойлгож ухаарсныг хангалттай гэнэ.
- Ямар ч их олз ашгийн төлөө эрсдэлд оруулж болдоггүй олон зүйл бий. Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Гэр бүл, найз нөхөд маань юугаар ч сольшгүй.
- Эр зориг ба ичгүүр сонжуургүй авирын хооронд нарийн мяндсан зааг байдаг бололтой.
“Юунд ч туугдалгүй амар жимэр амьдрахын тулд ширүүн өрсөлдөөнөөс гарахыг жинхэнэ амжилт гэнэ.”
– Нассим Талэб
Үржүүлэн, арвижуулах зарчим нь нэг дор их хэмжээний ашиг олохтой хамаагүй. Их биш ч, бага сага ашгаа урт хугацаанд (ялангуяа сүйрэл, самууны үед) тогтвортой удирдан, зохицуулах нь үргэлж амжилтад хөтөлнө. Ирээдүй тааварлашгүй. Аюулгүйн маржин (алдах магадлалын тооцоолол) өндөр байхын хэрээр азад найдах шаардлага багасдаг нь үнэхээр гайхалтай. Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, алсдаа хүрэх тэрхүү сайн сайхныг хүртэх хүртлээ удаан тэсэж үлдэхийн тулд болзошгүй муу бүхнийг төсөөлж, тооцоолох хэрэгтэй.
“Үүнийг том алдаа хэмээн үзэж буй хүмүүст хэлэхэд бид илүү том алдааны төлөө ажиллаж байна. Би тоглоогүй ээ. Бидний бүтээж буй зарим төслүүд бүтэлгүйтэхэд Fire гар утасны хэрэг дэндүү өчүүхэн санагдах болно.”
– Fire гар утас бүтэлгүйтсэний дараа Амазоны гүйцэтгэх захирал Жэф Бэзосын хэлсэн үг
Аливаа зүйлээс хараат бусаар амьдралаа мэдэх боломж нь бидний судалсан бусад объектив нөхцөл байдлуудаас харьцангуй эерэг, сайн сайхан мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл өглөө бүр сэрээд “би өнөөдөр юу хүссэнээ хийнэ” гэж хэлэх бололцоотой хүн хамгийн баян ажээ. Мөнгийг ашиглан өөртөө цаг хугацааг худалдан авч, боломжуудыг бий болгоно гэдэг хосгүй үнэтэй тансаглал юм. Герентологич Карл Пиллэмэр мянган өндөр настнаас амьдралаас сурсан хамгийн чухал хичээл юу байсан талаар асууж, улмаар “Амьдралын гучин хичээл” ном бичжээ. Уг номд:
“Тэд бүгд юунд ч баригдалгүй, эрх чөлөөтэйгөөр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг эрхэмлэх аж. Хүүхдүүдэд таны мөнгө огт чухал биш. Тэд тантай хамт байхыг л хүсдэг.” гэж бичжээ.
Хүмүүст харуулахын тулд мөнгө зарах нь мөнгөгүй болох хамгийн хурдан арга мөн.
Үндсэн хэрэгцээнээс хэтэрсэн зардал нь ихэнх тохиолдолд тухайн хүний санхүүгийн чадлаа харуулах гэсэн хүний эгог илэрхийлдэг. Мөнгийг санхүүгийн зарчмууд биш харин бидний сэтгэлзүй л удирддаг.
Ингэтлээ даяарчлагдсан дэлхийд цойлоход оюуны чадамж хангалттай биш. Цаг хугацаанд баригдалгүй, боломжуудаар хязгаарлагдахгүй амьдрах эрх чөлөө бол энэ ертөнцийн хамгийн үнэтэй валют юм. Мөн торгон мэдрэмж, харилцааны ур чадвар, бусдыг ойлгох чадвар, уян хатан чанар зэрэг нийгмийн ур чадварууд өрсөлдөөнд давуу тал бий болгоно.
Нөхөгдөшгүй зардал бол өнгөрсөнд зарсан хүчин чармайлт, цаг хугацаандаа хорогдон, шийдвэр гаргахыг хэлнэ. Энэ бол байнга хувьсдаг бидний амьдралд огтоос хэрэггүй үйлдэл юм. Үүнээс болж бид өнгөрсний шоронд ирээдүйгээ хорьдог. Гэтэл таны хуучин хүн хэдийн өөрчлөгдсөн. Өнгөрсөнтэйгөө зууралдах нь танихгүй хүнээр амьдралаа шийдүүлэхтэй адил.
Хүмүүс компанийн дампуурал, дайн эсвэл онгоцны сүйрэл зэрэг муу мэдээнд шууд л итгэн, үнэмшдэг хэр нь сайн мэдээг ямар удаан, урт хугацаанд хүлээн зөвшөөрдөг. Үнэн худлыг үл дэнслэн, бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Хамаг юм хоолойд тулаад ирэхэд бид юунд ч итгэдэг. Тэгвэл хүссэн үр дүндээ хүрэхийн тулд итгэхийг хүссэн үнэн болон бодит үнэний хооронд хол зөрүү байх тусам та сэтгэл татам, санхүүгийн уран зөгнөлийн хохирогч болохоос та өөрийгөө хамгаалж чадна. Бүгдэд таардаг үнэн гэж байхгүй. Гагцхүү та өөрт болоод гэр бүлдээ тохирох үнэнийг олж авах нь чухал. Амар амгалан, нойр бүтэн хонохын тулд шийдвэр гарга.
“Электронууд сэтгэл хөдлөлтэй байсан бол физикийн шинжлэх ухаанд ямар их хүндрэл үүсэхийг бодоод үз дээ”
– Физикч Ричард Файнман
ТУУШТАЙ, ДАРУУ, САХИЛГА БАТТАЙ, ХАДГАЛЖ ЭХЭЛ
- Амжилттай явахдаа даруусаж, зовлон дунд өршөөнгүй, нинжин бай.
- Эгогоо дарж, эд баялгаа арвижуул.
- Бүтэн нойртой хонохын тулд мөнгө хуримтлуул.
- Хөрөнгө оруулагчийн хувьд өгөөжөө нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга бол хөрөнгө оруулалтын хугацаагаа нэмэгдүүлэх юм.
- Олон зүйл санаснаар болохгүйг хүлээн зөвшөөр. Таны шийдвэрүүдийн тэн хагас нь буруудсан ч амжилт олох тохиол үргэлж бий.
- Мөнгөөрөө цаг хугацаа худалдан ав.
- Эелдэг, эгэл бай.
- Хадгал. Зүгээр л хадгал. Мөнгө хадгалахад шалтгаан заавал хэрэггүй.
- Амжилтын төлөөсийг тодорхойлж, төлөхөд бэлэн бай.
- Алдах орон зайг олго.
- Санхүүгийн хэт туйлширсан шийдвэрээс зайлсхий.
- Тоглоомоо зөв тодорхойл.
- Үнэн зөвийг ялгаж ойлго.
Эцэст нь хэлэхэд санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь хөдөлмөрлөхгүй байхын нэр биш. Харин ч хийх дуртай ажлаа, таалагддаг хүмүүстэйгээ, хүссэн цагаараа, хүссэн хугацаагаараа хийхийг хэлнэ.