Номын жор 2 дээр МУСГЗ, яруу найрагч Л.Нямаа багшийн “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” ном байдгийг мэдээд олж уншина гэж байсан чинь номын жорыг санаачлагч Б.Базарсүрэн туйлын мэдрэмжтэйгээр түүний номыг эргэж сэргээн номын жор 3 болгон хэвлүүлжээ. Энэ бүтээлд Билгүүн номч Бямбын Ринчен, Ардын Уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг, Эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба тэргүүтэй олон олон Монголын домог болсон зохиолчидтой хийсэн ярилцлагууд багтжээ. Дахин уншиж баймаар санагдсан хэсгүүдээ тэмдэглэлдээ багтаахыг хичээлээ.
* * *
Эрдэмтэн зохиолч ШАНЖМЯТАВЫН ГААДАМБА
Амьдралыг гүн ухааны үүднээс өвөрмөцөөр харах билгийн хараа, жинхэнэ уран бүтээлийг амилуулах ур чадвар, утга зохиолын хэлний төгс найруулга зохиолч хүнд байх хэрэгтэй.
Га багшийн бичсэн “Уран зохиолын онолын товч” 1958он, “Зохиолчийн хөдөлмөр” 1967он, “Монголын аман зохиолын дээж бичиг” 1978он, “Монголын нууц товчооны нууцсаас” 1989он, “Монголын нууц товчоо судлалын зарим асуудал” 1990он, “Монголын нууц товчоог худам Монгол бичгээр сэргээн сийрүүлсэн эх” 1990 он зэрэг бүтээлүүдийг олж унших хэрэгтэй.
* * *
Нэрт яруу найрагч, орчуулагч МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖ
Шүлэг зохиол цаазалдаг улсад уран зохиол хөгжихгүй шүү дээ хэмээн өгүүлэх энэ эрхэм тухайн цаг үедээ нам засгийн дарга нарын хараанд өртөж, шүлэг зохиолыг нь байнга хянаж нийтлүүлэхийг нь хорьж цагддаг байж. Түүний сүүлчийн захиасууд үнэхээр санууштай.
Ухамсрын урсгал чиглэлийг сайн танин мэд! Сайн номын сантай бол. Сайн номыг хоёр ширхгийг аваад сайн нөхөртөө бэлэглэж бай. Бэлэглэж буй ном дээрээ ухаалаг үг бичиж сур! Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна. Олон янзын ажилтай найз нөхөдтэй бол.
* * *
Төрийн шагналт яруу найрагч НЯМБУУГИЙН НЯМДОРЖ
Яруу найргийн мэдрэмж бага наснаас төлөвшдөг байх. Багш нар яруу найргийн тухай ярих биш, яруу найраг уншуулах, цээжлүүлэх нь чухал.
“Номыг шатааж үнс болгохоос илүү шийтгэл байдаг. Тэр нь номыг уншихгүй байх.”
— Нобелийн шагналт яруу найрагч И.Бродский
* * *
Төрийн шагналт яруу найрагч РИНЧИНИЙ ЧОЙНОМ
Түүний амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөн хэвтэж байсан орны нь гудсан дороос олдсон шүлгийн хэсгээс (түүний гэрээс байсан гэнэ.)
… Хэнтий их уулын цэнгэл шартам хормойд
Хэрлэн их мөрний цэцгийн гурван сард
Эхний шүлэг бичсэн алтан өдрөөс хойш
Эгэл миний биед хоёр хүн багтсан юм.
Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн эр бий.
Жинхэнэ шүлэгчийн туулах хүнд замыг дагаж
Ядуу шүлэгчийн буйраас яруу найрагч болтол нь
Ядрал ялалт хоёрыг мөрөндөө үүрч явлаа…
* * *
Яруу найрагч ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН
… Дотор нь амтат жимсний шүүстэй нэгэн шилэн лонх байна гэж бодьё. Шилнийх нь гадарга дээр нэгэн ялаа амсар руу нь явж байлаа. Жимсний амтыг авсан ялаа улмаар шунан тэмүүлж лонхруу дотогшоо орлоо. Гурван хоногийн дараа ялаа уусан үгүй болж амтат шимүүс болон хувирчээ.
1. Лонх өөрөө сав шим ертөнц юм
2. Амтат ундаа бол дорнын яруу найраг
3. Ялаа өрнө юм
4. Лонх, ялаа, амтат энэ бүгд нэгдсэний үр дүнгийн дотроос л Монгол яруу найргийг эрэх, олох …
Учрал бүхэн баяр болог
— С.Дашдооров, Ардын уран зохиолч
Уншсан бүхэн найраг …
* * *
Ардын уран зохиолч СЭНГИЙН ЭРДЭНЭ
Хүүхэд залуучуудад амьдралын учир утгыг зөв ухааруулах талаар сургууль боловсролын байгууллагууд их юм хийх ёстой. Энэ үе бол залуу хүмүүс өөрийгөө таньж, олох хэцүү үе шүү. Мэдээллийн их шуурга залуу хүмүүсийн оюун ухаан, ёс зүйд их нөлөөлөх болов. Эрин үеэ зөв таних, хүүхдүүдэд өөрийгөө зөв танихад багш нар их хариуцлагатай хандах нь зөв шүү. Би “Өвгөдийн тавьсан газар буюу амьдралын тойрог” роман бичлээ. Өөрт тохиолдсон зовлонгоо өөрөө л үүрч гарах тухай бичсэн юм. Хүнээ, хүний оюун ухааны бүтээлийг дээдэлж байж л жинхэнэ ёсоор хөгжил болдог юм байна.
С.Эрдэнийн “Амьдралын тойрог”, “Занабазар” романуудыг олж уншина.
* * *
Соёлын гавьяат зүтгэлтэн ЖАМЦЫН БАДРАА
Эртний мэргэдийн туурвисан, орчуулсан судар номыг туулж л эх хэлээ сурна шүү дээ. Эх хэлээ төгс төгөлдөр сурсны дараа харийн хэл сур.
Ном түшсэн хэн хүн
Номхон болдог ёсон буй гэлээ
Эрдэм зорьсон хэн хүн
Эрчтэй байдаг үнэн буй гэлээ
Эрдэм номын чинь үйлст
Энэхэн хорвоогийн олз онч ерөөе!
* * *
Соёлын гавьяат зүтгэлтэн БЭГЗИЙН ЯВУУХУЛАН
Шүлгийг далд санаатай бичихийн тулд их бодох учиртай. Юуг яаж үзүүлэх вэ гэдгийг тунгааж бичих нь чухал. Шүлгийг мэдрэх, ойлгох нээн бичихээс хэцүү шүү. Түүний шүлгүүд хайкү мэт гүн утга агуулдаг аж. Жишээ нь:
Удахгүй дээ, удахгүй үүр цайна, удахгүй
Уудам хорвоод наран мандана, удахгүй
Удахгүй дээ, удахгүй үүд тогшино, удахгүй
Учралт чи минь наддаа ирнэ, удахгүй.
Удахгүй дээ удахгүй наран мандана, удахгүй
Ургах наран хорвоог гийгүүлнэ, удахгүй
Удахгүй дээ, удахгүй чи минь ирнэ, удахгүй
Ухаалаг чи минь ирж намайгаа жаргаана, удахгүй хэмээх шүлгийг ихэнх хүн хайрын шүлэг гэж ойлгоно. Гэвч энэ нь Монголчуудын сэтгэлгээний эрх чөлөөг далд утгаар илэрхийлж байжээ.
* * *
Зохиолч, яруу найрагч ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВ
Зохиолч уран бүтээлчдийг бүгдийг нь баривчилж эхэлсэн үе. Нэг өдөр Маршал Чойбалсантай уулзаж “Таныг Монголын уран зохиолд мөнхөлнө. Амьдралыг тань уран зохиолын аргаар дүрсэлж, найраглал, жүжиг бичнэ.” гэж амлаад “Өлгий дээр чинь” найраглал, “Цогийн идэр нас” жүжиг бичжээ. Их баривчилгааны дараа түүний нэр гурван удаа баривчлах хүмүүсийн нэрэнд орж байж. Маршал улаан харандаагаар нэрийг нь дугуйлж, гурван удаа аварч байж.
“Хүний сэтгэлийн жинхэнэ цэгт хүрч чадах эсэхийг би мэдэхгүй. Гэвч бид ойртож дөтөлмөөр байна. Өнөөдөр нэгд эрдэм, хоёрт мэдлэг… “
— Д.Содномдорж, Хүүхдийн нэрт зохиолч