Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний тархинд өдөрт хамгийн багадаа 60,000 бодол эргэлддэг гэж үздэг. Тэдгээрийн 95% нь өмнөх бодлуудаа давтаж байдаг бол 80% нь сөрөг хандлагатай бодол эзэлдэг гэжээ. Уг нь хүн өөрийн сэтгэлийн эерэг болон сөрөг хандлагаар жаргах эсвэл зовох шалтгаанаа нөхцөлдүүлж байдаг цорын ганц сонголттой амьтан юм.
Аливаа асуудалд оюунлаг хандаж шийдэл олохыг эрмэлзэх нь эрүүл сүсэг бол тэдгээрт материаллаг байдлаар хандаж гарц хайх явцдаа асуудлыг улам бүр ээдрээтэй болгодог зуршил нь мухар сүсэг юм.
Хүн бүр аз жаргалыг хүснэ. Гэвч хүссэн аз жаргалынхаа төлөө хариуцлага хүлээж чадах нь хэд бол? “Борооны төлөө залбирч байгаа бол шалбаагтай нь зууралдахаа бүү март.” гэсэн ишлэл үүнд яг тохирно. Тэгэхлээр хариуцлагаа авч чадахгүй бол хүсэгч хэвээрээ л үлдэх нь байна.
Тэгвэл өөрийн хэн болохоо таньж мэдэхээс эхлээд юу бодож буйгаа өдөр тутам анзаарч, түүндээ дүгнэлт хийж, сайн мууг нь ялгаж сурахад тань буддын бясалгалын аргууд ихээхэн тус нэмэр болно.
“Бодгаль өөрөө өөрийнхөө аврал, өөрөө өөрийнхөө дайсан. Сайн, муу алиныг үйлдсэн ч өөрөө өөрийнхөө гэрч.”
— Бурхан багш
Эерэг сэтгэлгээ гэдэг нь шунах, уурлах, мунхаглах гурваас ангид сэтгэх чадвар буюу ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлөөс хараат бус цоо эрүүл сэтгэлгээ юм.
Эерэг яриа гэдэг нь худал хэлэх, дэмий чалчаа яриа, хараал доромжлол, хорон ухуулга зэрэг хорт зуршлын гаж нөлөөнөөс ангид зүй зохист хэл яриаг хэлнэ.
Эерэгээр биеэ авч явах гэдэг нь өрөвч бус (амьтны амь таслах), шуналтай (бусдын хөдөлмөрийг мөлжих, хулгайлах), ёс зүйгүй (садар самуун, буруу харилцаа) үйлдлээс татгалзаж чаддаг хүнлэг чанарыг хэлнэ.
Эдгээр гурван эерэг хандлага нь бидний буддист байх эсэхээс үл хамаарч жаргалтай байхын суурь үндэс болно. Мөн бие, хэл, сэтгэлийн эерэг хандлагыг бий болгох явцад элдэв стресс тайлагддаг.
ТОГТООН ТӨВЛӨРӨХ БЯСАЛГАЛыг голловол хүний анхаарал тогтворжиж, сэтгэл зүй болон бие махбодын хувьд тайвшралыг амсана. Харин АЖИГЛАН ШИНЖЛЭХ БЯСАЛГАЛыг хослуулан хийснээр юмсын мөн чанарыг танин мэдэх, аливаа асуудлыг олон талаас нь харж сурах оюуны хөгжилд нэн тустай. БОДЬ СЭТГЭЛИЙН БЯСАЛГАЛ нь хамаг амьтныг өөрийн эх мэт сэтгэн ачийг санаж, хариулах, асрах, нигүүлсэх цаашлаад бодь (гэгээрсэн) сэтгэлийг үүсгэхийг эрхэм чиглэл болгодог. Энэхүү номыг унших ёстой хамгийн том шалтгаан тань энэхүү гурван бясалгалын хэд хэдэн арга техникийг зохиолч маань өөрийн номд оруулсан болно.
“Хилэнцийг өчүүхэн ч бүү үйлд. Буяныг хотол чуулган болго. Өөрийн сэтгэлийг машид номхотго.”
— Бурхан багш
Уурын мунхаглал хийгээд үүсэх үр дагаврыг яг л нүдэнд харагдтал бичжээ. Би өөрийн уурлаад байдаг шалтгаан, үр дагаврын талаар эндээс уншаад цочирдсон шүү. Тэгээд энэ зөвлөгөө надад их таалагдлаа: “Өөрийгөө бодсон сэтгэлээр уураа барьж чадахгүй бол бусдыг бодсон сэтгэлээр уураа хянахыг оролдох нь заримдаа илүү үр дүнтэй байдаг.”
Өөдрөг үзлээс жинхэнэ баяр баясгалан төрдөг. Боломжийг олж хардаг хүнд аз жаргалтай байх маш олон шалтгаан байдаг.
Дээрх ишлэлээр энэхүү номын тэмдэглэлээ дуусгахын сацуу миний зүгээс номын агуулга, цар хүрээ, бичилт зэргийг дүгнээд 7.5/10 гэсэн үнэлгээг өгч байна.