Номын эхэн хэсэгт гарах “Залуу насны зовлонг алтаар ч болсон худалдаж ав.” гэсэн өгүүлбэр содон харагдлаа. Алдаанаас ер нь бол айгаад байх шаардлагагүй. Харин амжилт бол хуурмаг гэсэн санаа нь маш их таалагдлаа.
Амжилтын нууц алдаанд л байдаг. Алдаа яахав ээ.. амжилт гэдэг ганцхан үгэнд хууртаад алдаж болохгүй бүхнээ уландаа гишгэх вий..
Өөртэйгөө найзалж чадаагүй хүн мөнхийн ганцаардалд амьдардаг. Энэ өгүүлбэрийг уншаад одоо уншиж байгаа “Өөрийгөө дэмжих зуршил” номын тухай бодогдлоо. Уг номын зохиолч эмэгтэй яг л өөртэйгөө найзалж эхэлснээр амьдралд нь том өөрчлөлт гарч эхэлсэн талаарх түүхээ хуваалцдаг.
5 жилийн турш өөрөө өөртөө үнэнч хэн ч уншихгүй байхад блогоо хөтөлсөөр нэг л өдөр магтаалын үгс орж ирсэн байна. Үр дүнд нь энэ номыг нь бид уншаад сууж байна. Бас л тууштай чанар шүү. Энэ хэсгийг уншаад би өөрийн хөтөлдөг энэхүү номын тэмдэглэлээ (одоогоор 2 followers, 66 номын тэмдэглэл) цаашид илүү тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн итгэл нэмэгдлээ.
Хичээх нь чухал хэдий ч юунд хичээх нь түүнээс илүү чухал. Нэгэнт дуртай зүйлээ олсон бол хичээх ч шаардлагагүй мөнхийн зугаа шагналд нь ирнэ гэжээ.
Өөрийнхөө хийж чадах байж болох бүхнийг тултал нь хий. Тэгээд л даатга, орхи, тайвшир.
Номын сүүлийн хэсгүүд болох элий балай мэт эмх цэгцгүй гарчиг болон өгүүлбэрүүдийг хараад миний л хувьд зэн мастеруудын хайку уншиж байгаа юм шиг мэдрэмж төрөв.
“Эморч мэддэггүй хүмүүст энэ хорвоо хичнээн уйтай бол” энэ миний зохиосон ишлэл шүү 🙂 Өөрт байдаггүй, гэхдээ бий болгохыг битүүхэн хүсдэг олон чанаруудыг би энэ номоос олж харлаа. Маш олон буруу автуусаар зорчиж, тэр хэмжээгээрээ энэ амьдралдаа туршлагажиж, бас их азтай гэмээр ямар ч байсан зөв автуусаа олоод суусан гэж боддог доо. Эцсийн зогсоол хүртэл энэ автууснаас буухыг үл хүснэ.
Миний хувьд номын агуулга, утга санаа, өгүүлэмжүүдийг дүгнэж үзээд 8/10 оноог өгч байна. Хэрэв та уншихыг хүсвэл Mplus дээр үнэ төлбөргүй унших болон сонсох хэлбэрээр байршуулсан байна лээ.