Блокчэйний хувьсгал (Blockchain revolution) ном 2016 онд, Биткойн ба блокчэйний тухай үндсэн ойлголтууд (The Basics of Bitcoins and Blockchains) ном 2018 онд тус тус хэвлэгдэж олон нийтэд гарч байжээ. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг 2023 оны эхэнд эдгээр номыг уншиж суугаа нь яг л бодит байгаа байдал маань юм даа. Яг энэ өдрөөс 14 жилийн тэртээ буюу 2009 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хамгийн анхны биткойн мэндэлж байжээ. Улмаар 2010 оны 5 сарын 22-ны өдөр 10,000 BTC-ээр 2 ширхэг пицца худалдан авч байсан нь Дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй пицца байжээ гэх мэтээр биткойныг тойрсон үлгэр домог мэт түүхүүд үргэлжилсээр…
Эдгээр хоёр номын хооронд маш товчхон харьцуулалт хийхэд Блокчэйний хувьсгал номын хувьд технологи талаас нь илүү дэлгэрэнгүй тайлбарласан бол Биткойн ба блокчэйний тухай үндсэн ойлголтууд номоос яг л цэвэр гарын авлага уншиж байгаа мэт тодорхой мэдээллүүдийг авч болмоор санагдлаа. Үнэнийг хэлэхэд нэг уншаад шууд ойлгоход туйлын бэрх байсан тул миний хувьд давхар mplus дээр үнэгүй байрлуулсан аудио хувилбарыг нь давхар хэд хэдэн удаа сонсож байсан маань ойлгоход дөхөм боллоо. Блокчэйний хувьсгал номын хувьд удаан байдлаар 2 удаагийн уншлага, тэмдэглэл хийсний үндсэн дээр өнөөдрийн энэ тэмдэглэлийг сийрүүлэн бичиж сууна.
Интернэт бий болсон нь хүн төрөлхтний амьдралын хэв маяг хийгээд хоорондын харилцаанд тэсрэлт хийсэн аугаа үйл явдлуудын нэг юм. Интернэт сүүлийн дөчин жилийн дотор асар хурдтай тархан хөгжсөн ч одоог хүртэл дэлхий дээр 2,5тэрбум гаруй хүн үүний гадна талд оршсоор байна. Үүний шалтгаан нь мэдээж эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш бус байдлаас хамааралтай. Өнөөг хүртэлх мэдээллийн технологийн хөгжил нь гуравдагч талын оролцоог үргэлж шаарддаг учраас хувийн нууц, аюулгүй байдал, хүртээмжтэй байдлын тал дээр тун хангалтгүй хэвээр. Тэгвэл итгэлцлийн протокол гэж нэрлэгдээд байгаа блокчэйн технологиор хүн төрөлхтний өмнө тулгараад буй түмэн асуудлуудаас шийдвэрлэх боломжтой эсэхийг эдгээр номын тусламжтай мэдэж болох юм.
Блокчэйн бүр тархмал байдалтай байх бөгөөд дэлхий даяар тархсан сайн дураараа оролцогсдын компютерээр ачааллагдахаас бус төвлөрсөн өгөгдлийн мэдээллийн сан гэж байхгүй. Мөн шифрлэгдэн нууцлагдсан байдаг бөгөөд үлэмж хүчтэй нууцлал бүхий нийтийн (public) болон хувийн (private) түлхүүрээр виртуал аюулгүй байдлаа баталгаажуулсан байдаг. Арван минут тутамд хийгдэж буй гүйлгээ, шилжүүлэг бүхэн тодорхойлогдон баталгаажиж блок гэх зүйлд хадгалагддаг нь өмнөх блоктойгоо холбогдож гинжин хэлхээс үүсгэдэг нь яг л блокчэйний зүрхний цохилт гэмээр. Блок бүхэн хүчин төгөлдөр болохын тулд өмнөх блоктойгоо холбогдохоос өөр аргагүй. Энэ бүтэц нь байнгын цагийн бүртгэл (timestamp) хийж, солигдсон үнэ цэнийг хадгалдаг учир, хэн нэг хүн бүртгэлийг дахин хувилахаас урьдчилан сэргийлдэг.
Олон нийтийн болон хувийн блокчэйнүүд нь асуудал тус бүрийг тодруулахын тулд өөр өөр агуулга болон эко системд ажиллаж байдаг. Технологи гэдэг нь багаж хэрэгсэл бөгөөд багаж хэрэгслийг бид хэрэгцээгээ хангахад хэрэглэдэг. Хэрэгцээ нь өөр өөр бол багаж нь дагаад өөр байна.
Блокчэйн нь өөрөө нээлттэй эх код бөгөөд үүнийг хүссэн хэн бүхэн үнэгүй татан авч ашигласнаар интернэтээр гүйлгээ хийх шинэ багаж хэрэгслүүдийг зохион бүтээж, хөгжүүлэх боломжтой юм.
ХУВИЙН НУУЦ БОЛ ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН ҮНДЭС СУУРЬ ЮМ.
Back to the future кинон дээр 1885 оноос 1955 он хүртэл (70 жилийн турш) захиаг нь хадгалаад Мартид хүлээлгэн өгч буй хэсэг гардаг. Уг хүргэлтийг хийж буй Western Union компани нь эдүгээ дэлхий дахиныг хэрсэн 500 мянган төлөөлөгчтэй болохын тулд 170 жилийн урт хугацааг туулсан байна. Харин одоо үед крипто валютын хэдэн зуун биржүүд үүнээс асар богино хугацаанд хүн бүрт хялбар хүртээмжтэй нээлттэй, дэлхийн санхүүгийн системийг хэдийн бий болгоод эхэлжээ.
Биткойн бол ямар нэгэн гуравдагч талын оролцоогүйгээр интернэтээр гүйлгээ хийж дамжуулагдаж болдог хамгийн анхны үнэ цэнтэй тоон хөрөнгө юм.
Мүүрийн хууль: Жил бүр үйлдэл боловсруулах чипний чадвар хоёр дахин нэмэгдэхэд хулгайч, луйварчдын хүч чадал мөн хоёр дахин нэмэгддэг.
Дээр хэлсэн Мүүрийн хуулийн дагуу аливаа амжилт араасаа атаа хорслыг (гэрэл сүүдрийн адилаар) мөнхөд дагуулдаг. Амжилт ба сүйрэл дундах уулзвар бол технологи болон инновацийн хувьд нийтлэг санагдах нэг үзэл санаа юм. Гэвч амжилт олох олон замнал байдаг. Бизнес болон компанийн үйл ажиллагааг урт хугацаанд сайжруулах технологи гарган авах нь амжилт болох юм.
Бизнесийн итгэл гэдэг бол хамтран ажиллаж буй нөгөөх талаа шударга байдал, хүндлэл, хариуцлагатай байдал, ил тод байдал гэх дөрвөн үндсэн цогц зарчмыг хэрэгжүүлж чадна гэх төсөөллийг хэлдэг.
БЛОКЧЭЙНИЙ ХУВЬСГАЛ МӨРӨӨДӨЖ ЧАДДАГ ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДСАН. ТОВЧХОНДОО ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ АСААНА.
Тогтвортой байдлыг хөрөнгийн үнээр бус зах зээлийн хөрвөх чадвараар тодорхойлдог. Хөрвөх чадвар гэдэг нь ямар нэг үнээр хэр олон хүн тухайн барааг худалдан авахад бэлэн байна вэ гэдгийг илэрхийлдэг.
Тархмал данс бүртгэлд суурилсан крипто мөнгөний аппликэйшн ихээхэн сонирхолтой, төлбөр тооцооны хэлбэрийг өөрчилж чадахуйц боловч цаана нь буй өгөгдлийн мэдээллийн сангийн (database) технологи нь илүү чухал ач холбогдолтой.
— Блайт Мастерс, JPMorgan-аас гарч Digital Asset Holdings гэх старт-ап компанид ажиллах болсон шийдвэр нь хүмүүсийг гайхшруулж байсан удаатай.
Блокчэйн бол дэлхий ертөнц хаалттай системээс нээлттэй системд шилжиж буйн хөдөлшгүй нотолгоо бөгөөд зөвхөн санхүүгийн үйлчилгээний салбар гэлтгүй бүхий л бизнесийн салбаруудад, ирээдүйд тэр чигт нь асар их нөлөөлөл үзүүлж чадах болно. Өөрөөр хэлбэл халхавчлах байдлаар амжилттай байхыг хүсэхээс илүүтэй амжилттай байхын тулд нээлттэй байх нь илүү дээр сонголт болно.
Дүгнээд хэлэхэд энэ хоёр ном хэвлэгдсэнээс хойш 5–6 жил өнгөрч, түүнийгээ дагаад номын зарим мэдээлэлд өөрчлөлт их гарсан байгаа нь анзаарагдана. Гэсэн хэдий ч технологийн гол бүтэц хийгээд түүхэн замналд өөрчлөлт орохгүй нь лавтай. Гол нь энэ технологийн хөгжлөөс та бид одоо ч гэсэн хоцорч оройтоогүй байгаа гэдэгт итгэх нь чухал. Бидний өнөө цагийн амьдралын хэв маягт тулгарч буй асуудлуудыг технологийн тусламжтай шийдвэрлэх боломжтой бөгөөд одоогоор мэдэгдээд байгаа хамгийн зөв сонголт нь блокчэйн технологи юм.