Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Архины дон [Андерсон Спиккард, Барбара Томпсон]

Архидалт бидний эргэн тойронд хаа сайгүй хэвийн үзэгдэл болтлоо газар авчээ. Миний хувьд энэ номыг уншаад маш их хямарлаа. Архины хор нөлөө, үр дагавар ямар аймшигтай болохыг та эндээс олж мэдэх болно. Номыг бичсэн хүн Христэд итгэгч хэдий боловч номын агуулга нь цэвэр архины асуудал дээр тулгуурласан учраас шашингүйн үзэлтэн ч уншиж болохоор санагдлаа. Энэхүү номыг сэтгэцийн болон донтолт, сэтгэл зүй, сэтгэл заслын чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүдээс эхлээд цагдан хорих байгууллагын ажилтан, архидалт хийгээд архичин хүний талаар бодит үнэнийг мэдэхийг хүссэн хэн бүхэн зайлшгүй унших шаардлагатай санагдлаа. Нэмж хэлэхэд 1985 онд АНУ-д анх хэвлэгдэж байжээ. Олон зүйл нуршилгүй гол тэмдэглэж авсан хэсгүүдээсээ орууллаа.

Шашин шүтдэггүй хүмүүсийг бодоход шашины хатуу итгэл үнэмшилтэй хүмүүс архинд донтох эмгэгтнүүдэд хамаагүй муу ханддаг гэдгийг судалгаа харуулдаг. Сүмүүд тэдэнд сөрөг ханддаг гэдгийг эмчлэгдэж байгаа архинд донтох эмгэгтэн сайн мэддэг. Христэд итгэгчдийн зүгээс тэднийг элдвээр шүүмжлэх хандлагаас болж архинд донтох эмгэгтнүүд сүмд очихоос татгалздаг.

Энэ дэлхий дээр байгаа хүн бүхэн аль нэгэн байдлаар сул дорой байдаг. Хэрэв хэн нэгэн үүнийг өөртөө хамаагүй гэж бодож байгаа бол түүний сул тал нь түүний бардам зан юм. Энэ бол хамгийн том дутагдал. Цуглаан бол түүнд харьяалагдаж байгаа хүмүүсийн сайн чанарууд дээр биш, өршөөгдөх хийгээд эдгэрэх гэсэн бидний нийтлэг хэрэгцээн дээр тулгуурладаг. Янз бүрийн гэм нүгэлтэй хүмүүсийн цуглаан байсаар ирсэн. Тэрнээс нийгмийн хамгийн сайн сайхан хүмүүс бие биенээрээ бахархах гэж байгаа хэрэг огтоос биш. Сүм бол музей биш эмнэлэг юм.

Итгэгч Сэм Шүмейке

Архины дон эцгээс 1/10, эхээс 1/3 хувийн магадлалтайгаар (Орос рулет шиг) удамшиж байна гэсэн судалгаа бий. Архидалт гэдэг бол энэхүү аюулт дон руу ухамсаргүйгээр очиж байгаа хэрэг. Генийн хувьд уух хандлагатай хүн аюулд өртлөө гэдгээ ойлгох үедээ нэгэнт оройтсон байдаг. Аюулт дон түүнийг нэгэнт эзэмдсэн байдаг учир бусдын тусламжгүйгээр түүний эрхшээлээс өөрөө гарч чаддаггүй. Тиймээс гэр бүлийн удмын түүхэнд энэ аюулт донгийн тохиолдол байсан бол спиртийн төрлийн ундаанаас бүрэн хэмжээгээр татгалзах нь ухаалаг, хариуцлагатай хэрэг юм. Алжаал, стрессээ тайлах өөр олон арга энэ дэлхий дээр байдгийг санах хэрэгтэй.

Архинд донтох эмгэгтний архидалт илэрхий болж ирэх тэр шатанд түүний хуучин найзууд дүрэм мэт түүний амьдралаас алга болсон байдаг. Архичин хүний гэр бүлийн амьдрал олон нийтийн хараанаас гол төлөв далд байдаг. Архидалт урт удаан үргэлжлэх тутам түүнийг татаж авахад илүү их үнэ төлөх хэрэгтэй болдог боловч тэр өөрийгөө өвчтэй байгаа гэдгээ улам бага ойлгодог нь хачирхалтай байдаг. Архичин хүний хувьд химийн бодисын үйлчлэлээр ой санамж нь гэмтсэн учир өөрийн биеэ авч явах байдалтай эргэн холбогдох холбоо байдаггүй. Тэр юу ч санахгүй байгаа учир түүнд мартах ч юм байдаггүй.

Архинд донтох эмгэгийн тухай таван эндүү ойлголт

  1. Тусламж авахаас өмнө архинд донтох эмгэгтэй хүн өөрөө түүнийг хүсэх ёстой. Үүнийг хүлээх юм бол түүний хамаарал улам гүнзгийрч, эмчлэгдэхгүй шатруу дөхөж байгааг гэр бүл, эцэг эх, ойр дотны хүмүүс нь ойлгох хэрэгтэй.
  2. Тусламж авахаас өмнө архинд донтох эмгэгтэн маш дор орсон байх ёстой. Архидалтын ёроолоос (үхэл, галзуурал, шоронд орох) хэр хол байна тэр хэмжээгээр архинаас татгалзахыг хүлээн авах чадвар өндөр байна.
  3. Архинд донтох эмгэгтэн өөрөө уухаа больдог. Архичид амьдралынхаа тодорхой хэсэгт уухгүй байснаар хий хоосон найдлага өөртөө болон бусдад бий болгодог. Архидалт нь өвчин гэдгийг гүйцэт ойлгоогүйгээс маш олон архичин түргэн эдгэрэх домгийн золиос болдог. Товчхондоо хэн нэгэн, ямар нэг зүйл тэдний хамааралд нөлөөлөхгүй л бол арван архичин тутмын ес нь үхэл хүртлээ уудаг.
  4. Архинд донтох эмгэгтэн уух эрхтэй, харин бид түүнд нь оролцох эрхгүй. Амиа хорлохоор ус руу үсэрч байгаа хүнийг аврах нь түүний амьд явах эрх чөлөөг нь хамгаалж байгаагаас биш эрх чөлөөнд нь халдсан үйлдэл огтоос биш гэдэгтэй маргах хүн үгүй биз. Үүний адилаар архин далайд живж буй нэгнийг түүнээс татан гаргах нь эрх чөлөөнд нь халдаж байгаа тохиолдолд тооцохгүй.
  5. Архинд донтох эмгэгтэнд туслах гэсэн оролдлого түүнд зөвхөн хор хүргэж болох юм. Архидалт нь улам даамжирдаг өвчин юм. Үүнд ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхгүй л бол улам муудаж байдаг. Зарим үед архичин маань гэнэт уухаа зогсоох нь эдгэсэн мэт мэдрэмж төрүүлж болох ч ерөнхий чиглэл нь налуу хавтгайгаар уруудаж байдаг. Хамгийн их ганцаардсан, тусламж хэрэгтэй нэгэн бол архичин юм.

АРХИДАЛТ БОЛ ӨВЧИН БӨГӨӨД ТҮҮНИЙГ ЗӨВХӨН СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БОЛОН САЙХАН ЭРМЭЛЗЛЭЛЭЭР ДАВАХ БОЛОМЖГҮЙ.

Шинэ хүнд

  1. Архинд донтох эмгэгээс ангижирч байгаа эхний үед архинд донтох эмгэгтнийг өөрийнх нь хүндрэл бэрхшээлтэй хамт ганцааранг нь үлдээж хэзээ ч болохгүй. Удаан хугацааны архидалтын дараа архиа гэнэт зогсоосноор бие махбодийн болон сэтгэцийн маш их зовиур (delirium tremens — цагаан солио) бий болдог. Архины цагаан солионд орсон архичдын 15–20 хувь нь үхдэг гэсэн статистик байна. Багадаа гурван долоо хоногийн хугацаанд эмчийн, эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай.
  2. Архины хамаарлаас бүрэн эмчлэгдсэн тохиолдол одоог хүртэл ажиглагдаагүй байна. Анагаах ухаан архидалтыг хяналтанд авч зогсоохоос биш бүрэн төгс эмчлэх аргыг олоогүй л байна. Үүний нэгэн адилаар шашины итгэл үнэмшил ч гэсэн дан ганцаар архидалтаас ангижруулах баталгаа болж чадахгүй л байна.
  3. Агшин зуурын эдгэрэл нь маш ховор үзэгдэл. Архидалтын удаан хугацааны явцад бий болсон бие махбод болон сэтгэлийн зовиурууд, хувь хүний төрх байдал, түүний гэр бүлийнхэний паталогийн хамааралтай холбоотой сэтгэцийн, сүнсний болон ёс суртахууны бүхэл бүтэн комплекс бэрхшээлүүдийн эсрэг тэмцэх хэрэгтэй болдог. Эдгээр бэрхшээлүүдийн аль нь ч агшин зуурын дотор алга болдоггүй.
  4. Архинд донтох эмгэгтний эдгэрэл нь тэр өөрийн донг өвчин хэмээн хүлээн авах чадвараас үргэлж хамаардаг. Ганцаараа архинд донтох өвчтэй биш, ийм өвчтэй хэдэн сая архичид эрүүл саруул байдлаа хадгалаад амьдарч чадаж байгааг ойлгох нь чухал.

Архинд донтох эмгэгээсээ эдгэрч буй хүмүүст өгөх зөвлөмж (АА уулзалтын тусламжтайгаар)

  1. Урьд нь хамт архи ууж байсан хүмүүсээс зайлсхийх шаардлагатай. Эрүүл саруул байх нь одоо түүний амьдралд нэгдүгээр зэргийн чухал зүйл. Энэ замд нь хамгийн гүн гүнзгий гэр бүлийн болон нөхөрсөг холбоо ч саад болох явдлыг гаргуулж болохгүй.
  2. АА уулзалтанд үргэлжлүүлэн явах нь хамгийн том баталгаа болдог. Эрүүл саруул болсон эхний үедээ архичид эйфорын төлөв байдалд (сэтгэл хэт хөөрсөн) орж уулзалтгүйгээр өөрөө чадах мэт мэдрэмжид автдаг. АА хөтөлбөрийг үл тоомсорлох, эсвэл түүнийг эхний шатанд нь хаявал дэмжлэгийн системүүд дотроос хамгийн үр ашигтайгаас татгалзаж байна гэсэн үг.
  3. Архидалтаас нэг мөр татгалзах нь тийм ч амар зүйл биш. Олон жилийн архаг архидалтын явцад архичид өөрийн хэрэгцээ хүслийг тэр дор нь хангадаг зуршилд өөрийгөө сургасан байдаг. Эрүүл саруул байдалд орж ирээд алдсан жилүүдээ нөхөхөөр бүх зүйлийг зэрэг амжуулахаар яардаг. Тийм учраас л хүлцэн тэвчихэд суралцах үйл явц АА бүх шатанд явагддаг. Архичин хүн аль болох л энгийн хэв маягаар амьдрахыг хичээх хэрэгтэй.
  4. Ааш араншинд нөлөөлөх үйлчилгээтэй эм бэлдмэлээс аль болох татгалзаж байх хэрэгтэй. Эм хэрэглэх шаардлага гарсан үед эмчээс уг эмийн найрлагад спиртэн төрөл агуулагдаж буй эсэхийг нягталж байх хэрэгтэй.
  5. Сөрөг сэтгэл хөдлөлийг зохицуулж сурахгүйгээр удаан явах нь маш аюултай. АА уулзалтын Арванхоёр алхам хөтөлбөрийн тусламжтайгаар эдгээр асуудал (уурлах, уйтгарлах, ичих, түгшүүрлэх, гомдох гэх мэт) болон мэдрэмжүүдээ эрүүл саруул байдлаар даван гарах чадварт суралцдаг.
  6. Хэрэв уух дур хүсэл дахин төрвөл АА уулзалтандаа очих, уулзалтандаа тогтмол очиж байгаа бол очих тоогоо нэмэх, уулзалтан дээр болон уулзалтын дараа өөрт тохиолдоод байгаа мэдрэмжээ ижил зорилготой нөхөдтэйгөө хуваалцаж, ярилцах байдлаар гадагшлуулах нь зөв. Энэ гэнэт бий болсон дур хүслийг дутуу үнэлж болохгүй. Уруу таталтаас болгоомжлох үүднээс архидалттай орчноос зайгаа авч сурах хэрэгтэй.
  7. Эцэст нь архичин хүн даруу төлөв зантай байж, АА уулзалтандаа явж, Арванхоёр алхам хөтөлбөрөөр ажиллаж байвал үлдсэн бүх л амьдралдаа архигүй амьдрах нь гарцаагүй.

Архинд донтох эмгэгтний хувийн зан чанарын онцлогт нийтлэг ямар ч зүйлүүд байлаа гэсэн эдгээр нь энэхүү хорт зуршил бий болохын өмнө нь биш, харин дараа нь хөгждөг. Сэтгэцийн нийтлэг энэ чанарууд донтолтын шалтгаан биш харин үр дагавар юм.

– Харвардын их сургуулийн доктор Жорж Вейлентоны судалгаанаас

Өнгөрсөн үеийн гэм нүгэл, алдааны ачааг дааж даван амьдрах гэж хамгийн эрүүл саруул хүмүүс ч муу муухай дурсамжаа дардаг. Дарна гэдэг нь өнгөрсөн үеийн үйл явдлууд, үйлдлүүдийг ухамсар ба бодлын хүрээнээсээ зайлуулж, далдлан булшлахыг хэлнэ. Энэ булшлалт нь ухамсаргүйгээр автоматаар хийгддэг хамгаалалтын механизм бөгөөд архичин хүний хувьд үргэлжийн ажил нь болон хувирдаг. Өөрийгөө үзэн ядах хэрэгцээ гарсан үед гаргаад ирдэг, шаардлагатай үед хэдхэн хоромд тэр зовоож байгаа зүйлээ яриагүй, хийгээгүй мэтээр өөртөө итгүүлж чаддаг.

1. Ядарч туйлдах

Зарим архичид архидалтаас болж алдсан цаг хугацаагаа нөхөж авахаар яардаг. Ингэснээр хэт ядарч туйлдах буюу эрүүл мэндээ дордуулах байдалд өөрийгөө оруулдаг. Эрүүл сэтгэлгээтэй хүмүүс сайн ажиллахын тулд биеийн байдал сайн байж, хангалттай амарсан байх хэрэгтэйг мэддэг. Эсрэгээрээ биеийн байдал муудвал ухаан санааг ч буруу тийш нь залах аюултай.

2. Шударга биш байх

Ямар ч шалтгаангүй бага багаар худлаа ярьсаар эцэстээ өөртөө худал хэлэх шаардлага үүсдэг. Цаана нь өөрийгөө зөвтгөх гэсэн өчүүхэн байдал л нуугдаж байдаг.

3. Тэвчээргүй зан

Ихэнх ажил хэрэг тийм түргэн хийгддэггүй. Бусад хүмүүс хийх ёстой зүйлээ хийхгүй байх нь элбэг бөгөөд ихэнх тохиолдолд тэд таны хүслээр аливааг хийдэггүй.

4. Үндэслэл шаардах

Бусдын өчүүхэн жижиг алдааг ч өнгөрөөж чадахгүй, байнга шүүмжлэх нь өөрөө үргэлж зөв байх шаардлагыг бий болгодог. Энэ нь даамжраад эхэлбэл өөрийгөө зөвтгөх шалтаг бий болох аюултай.

5. Депресс

Тайлбарлах аргагүй, арга тасарсан байдал тогтмол үүсэх үед энэ байдалд дүн шинжилгээ хийж сурах, цаашлаад таньд тусалж чадах хүмүүстэй энэ тухай ярилцах нь чухал.

6. Санаагаар унах

Ажил төрөл болон хүмүүс санаснаар болохгүй байх нь элбэг. Нэгэн өндөр настай хүний үхэхээсээ өмнө хэлсэн захиасын хамгийн эхэнд: “Амьдрал шударга бус гэдэгтэй аль болох түргэн эвлэрэх.” гэж бичсэн нь тохиолдлын хэрэг огт биш юм.

7. Өөрийгөө өрөвдөх

”Би яагаад заавал архинд донтох эмгэгтэй байх ёстой юм бэ?”, “Ийм зүйл яагаад надад тохиолдож байна вэ?”, “Миний хийж байгааг хэн ч үнэлэхгүй юм.” гэх мэт хүүхдийн араншин илрэх нь зургадугаар алхам хийж эхлэх дохио ч байж мэдэх юм.

8. Авантюризм

Бусдад уухгүй байгаагаа батлан харуулахаар уух эрсдэл өндөр орчин байдалд өөрийгөө оруулах, өөрөөр хэлбэл ялихгүй юманд ямааны гарз гэдэгтэй агаар нэг юм.

9. Өөртөө итгэлтэй байх

Нөхцөл байдал хэвийн, бүх зүйл таатай мэт санагдах үед ихэвчлэн өөрийн дэг журмаас бага зэрэг татгалзахад гэмгүй гэсэн итгэл төрдөг. Архичин хүний “Надад уух тухай бодол байхгүй болсон.” гэдэг бодол хамгийн хуурмаг зүйл.

10. Бусдаас хэт их зүйл хүсэн хүлээх

Та өөрөө өөрчлөгдсөнийхөө төлөө бусдын байгаа байдлыг өөрчлөхийг бусдаас шаардаж болохгүй.

11. Дэг журмыг үл тоомсорлох

Эдгээр нь (Залбирах, тунгаан бодох, өдөр бүрийн дүн шинжилгээ, АА уулзалтанд очих) өөртөө хэт итгэх, уйтгарлах явдлаас таныг урьдчилан сэргийлж болох юм. Алхамтай ажиллах нь таныг залхаах байдалд хүргэх байдлыг гаргуулж болохгүй. Өөрөөр хэлбэл залбирал, тунгаан бодох, өдөр тутмын үйл ажиллагаа, АА уулзалт, алхам хөтөлбөртэй ажиллах нь тус тусын үүрэгтэй. Аль нэгийг нь нөгөөгөөр нөхөх боломжгүй.

12. Зан ааш өөрчлөх эм хэрэглэх

Тайвшруулах болон бусад төрлийн сэтгэцэд шууд нөлөөтэй эм бэлдмэлийг ааш зангаа засахын тулд хэрэглэхийг эмч тань зөвшөөрсөн байж болно. Эдгээр эм алкохол агуулагдаагүй хэдий ч удаан хугацаанд хэрэглэх нь таны эрүүл саруул байдалд аюултайг мартаж, хуурагдахаас үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй.

13. Хэт ихийг хүсэх

Ердийн чармайлт гаргаад хүрч чадахгүй зорилго өмнөө бүү тавь. Хэт их зүйлийг бүү хүсэн хүлээ. Таны хүсэн хүлээгээгүй сайн зүйлүүд болох нь үргэлж таатай байдаг. Та хийх ёстойгоо хийж л байвал авах ёстой зүйлээ бүгдийг нь авах л болно. “Аз жаргал гэдэг бол хүссэн зүйлээ олж авах бус, харин өөрт байгаа зүйлээ хүсэх явдал юм.”

14. Талархалгүй байх

Та одоогоор шийдвэрлэгдээгүй асуудлууд дээр төвлөрөн өөрийн амьдралыг хэт бараан өнгөөр хардаг байж болох юм. Гэвч та юунаас ангижирсан, одоо урьдынхаасаа ямар дээр амьдарч байгаагаа санан талархаж сурах нь чухал.

15. Ийм зүйл надтай тохиолдохгүй

Энэ бол аюултай бодол. Эсрэгээрээ тантай юу ч тохиолдож болох бөгөөд та үүнд анхаарал сэрэмжээ алдахгүй байх л чухал.

16. Баяр хөөр

Энэ мэдрэмж нь дээр дурдсан олон төлөв байдлын хольц болон гарч ирдэг. Одоо та дахин уухад хүргэж болзошгүй асуудлуудыг мэдэж авлаа. Эдгээр олон төлөв байдлаас таньд байгаа бол шийдвэртэй өөрчлөлт хийгээрэй. Үгүй бол дахиж уух нь бараг гарцаагүй.

Архидалт гэр бүлийг бүхэлд нь өвчлүүлдэг. Хамгийн гайхалтай нь архичны ойр дотны хүмүүс түүнийг архины хамааралтай болохыг хүлээн зөвшөөрөх хүртлээ маш олон жилийг зарцуулдаг. Хүлээн зөвшөөрсөн хэсэг нь яах учраа олохгүй маш их хугацааг алддаг. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүн нь өөгшүүлэгчийн дүрд хувирдаг. Өөгшүүлэгч маань архичны үүрэг хариуцлагыг нэг нэгээр нь өөр дээрээ авдаг. Өөгшүүлэгчийн энэ байдал нь архичинд уух улам таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Архичин хүн бусдын сул тал дээр тоглох гайхалтай чадвартай байдаг. Эхнэрийн хатуу ширүүн хайргүйгээр архичин нөхрийн өвчин улам даамжирч, эхнэр нь үнэхээр сүйрлийн байдалтай амьдралын хэв маягт татагдан ордог. Гадны тусламж байхгүй бол гол өөгшүүлэгч болон гэр бүлийн бусад гишүүд архинд донтох эмгэгтнээс салах хэрэгтэй, үгүй бол түүнтэй ихээхэн ээдрээтэй амьдралын урт замыг туулах болно.

Өрөвдөх гэдэг нь хэн нэгэн хүнтэй хамт тэвчээртэйгээр зовох явдал болохоос биш, зовохыг үл хүсэх түүний хүслээс болсон зовлон биш.

– Жозеф Келлерман

Архичны гэр бүлд өссөн хүүхэд хор хөнөөлд өртөөгүй нэг ч хүүхэд байдаггүй. Энэ хор хөнөөл нь хүүхэд төрөхөөс ч өмнө эхэлж болох бөгөөд бараг дандаа шахам хүний бүх л амьдралын турш урт сүүдрээ үлдээдэг. Архинд донтох эмгэгтэй хүний хүүхэд хүндэтгэл дутах явдлаар их дутагдаж байдаг нь хамгийн муу зүйл юм. Архинд донтох эмгэгтний насанд хүрсэн хүүхдүүд ямар ч мөчид тэсэрч болзошгүй цагийн механизмтай бөмбөг мэт өнгөрсөн үеэ өөртэйгөө хамт авч явдаг. Аз болоход үүнээс салах боломж бий. Архинд донтох эмгэгтэн болон түүний гэр бүлийнхнийг эмчлэх үр дүнтэй хөтөлбөрүүд Монголд орж ирээд хэдийн 20 гаруй жил (АНУ-д 1935 онд үүссэн) болжээ.