Мял богд хэдий чинээлэг айлын өв залгамжлах ёстой ганц хүү нь болон мэндэлсэн хэдий ч эцэг нь түүнийг бага байхад нь өнгөрч, тэрээр ээж болон охин дүүгийн хамт үлдэж, өвлөх ёстой эд хөрөнгөө авга ах, эгчдээ бүгдийг нь алдана. Дутуу хатуу амьдралаар өсөж насанд хүрсэн даруйдаа ээжийнхээ ятгалга захиасаар хар шидийн эрдэмд суралцахаар алс холыг зорино. Өөрийн зорьсон эрдэмд суралцсанаар өш хонзонгоо хатуу хараал, догшин мөндрөөр авч өөртөө ихээхэн хар нүгэл хураана.
“Чамд гэгээрэх чин хүсэл байвал гомдол тунирхлаа хаях хэрэгтэй.”
Марва ламын Мял богдод хэлж байсан үг (Доволүн хийд)
Богд багш авшиг хүртсэн даруйдаа уулын агуйд хоол хүнс, эд хэрэгслэлээ базааж гаднаасаа битүүмжлэгдэн нямба бясалгалд суудаг. Улмаар Марва багш, өрлөг ижий хоёртоо ойлгосон ухаарлаа айлдаад эргэн агуйгаа битүүмжилж, бясалгалаа үргэлжлүүлдэг: “Эрдэнэт хүний чөлөө учрал олдоход бэрх атлаа удаан үргэлжлэхгүй. Үхэл хэзээ ч ирж болно. Тэр үед үйлийн үрийн шуурганд автан харанхуй заяаны ангалд шидэгдэх юутай их эмгэнэл вэ! Хүлээст орчлонгоос гэтлэхийн тулд нүглийг цээрлэж, буяныг хөгжөөх сахил хэрэгтэй. Газар дэлхийд бүх юм үндэслэх шиг сахилд дулдуйдаж эрдэм билиг дэлгэрнэ. Тийм болохоор ам авсан сахилаа нүдний цөцгий шиг хайрлаж, буртаг халдсан даруйд ариусгаж байх ёстой. Чингэхдээ зөвхөн өөрийн амгаланг эрхэмлэвэл бага хөлгөнд уягдана. Хамаг амьтны төлөө гэгээрэх бодь сэтгэл бол их хөлгөний амь билээ. Үлэмжийн энэ хайраар үйлдэл хийдэл бүр минь амьсгалж байг! Авшиг хүртэхийн утга нь хоосон чанарыг ухаарахад оршино…”
Богд багшийн зүүдэнд нэгэн удаа дагинас лүндэн буулгаж тэрээр бясалгаж байсан агуйгаа дотроос нь цөм цохин гарч ирээд Марва багшид өөрийн зүүдийг хэлсэнд Марва багш түүний утгыг олж мэдэхээр Энэтхэг орныг зорин Наро банчинтай уулзаж учрыг асуусанд Наро банчин: — Аяа гайхамшиг! Төвдийн харанхуй оронд ургамал нар шиг гэгээн төрөлтөн заларч байгаа юмсанж хэмээн хоёр мутраа орой дээрээ хавсарч ийн залбирахад:
Умар зүгийн харанхуйд
Цасанд ургасан нар шиг
Сонор баясгах алдарт
Сод төрөлхтөнд мөргөмү
Энэтхэг орны уул хад, ургамал мод хүртэл Төвдийн зүг бөхийсөн гэдэг.
Улмаар Наро хутагт Марва багшийн сонорт шивнэх дагинасын нууц сургаалийг соёрхсон байна.
Сайн багштай учирна гэдэг юутай зол завшаан гэлтэй. Нөгөөтэйгүүр шавь бэлэн болоход багш бэлэн болдог ч гэж хэлдэг. Марва багш, Мял богд хоёрын салахын өмнөх сүүлчийн мөртүүд тун гайхалтай сэтгэгдэл төрүүллээ. Багш хүн шавиа хэрхэн хайрлан эрхэмлэдэг болохыг эндээс харж болохоор. Жишээ болгон дараах дөрвөн мөртийг бичвээс:
Амин зүрхний шавь чамдаа
Амар амгалангийн дээжийг ерөөе.
Эх дагинасын ивээл хайр,
Эрдэм номын буяныг ерөөе.
Үйлс бүтээлийн залгамж халаа
Үнэнч шавийн учралыг ерөөе.
Үргэлж тасралтгүй өрнөн дэлгэрэх
Өлзий хутгийн цогийг ерөөе.
Энэ номын өмнө уншсан “Жаргалтай болох зориг” номын бас нэгэн агуулга санаанд оров. Бидэнд оногдсон цаг хугацаа хязгаартай. Нэгэнт л хязгаартайгаас хойш бүхий л хүн хоорондын харилцаа нь “хагацал” хэмээх угтвар нөхцөл дээр тогтдог. Үнэхээр ч бид бодит байдал дээр хагацаж салахын тулд учирдаг. Хамгийн сайхан хагацлыг багш, шавь хоёрын энэ хэсгээс харж болохоор ч юм шиг.
Марва ламын гэргий, Мял богдын өрлөг ижий сүүлчийн захиастаа ийн хэлжээ:
Хувьтай төрсөн Дагмидмаа би
Хутагт зүрхний үр чамдаа
Үнэн сэтгэлийн дуугаа дуулав
Өр дотроо дурсаж яваарай.
Ирэх төрөлдөө энхжингийн оронд
Ижилдсэн сэтгэлээр учран золгоё.
Эгээрэл бүхэн ёсоор биелж,
Эхийн ачийг номоор хариулаарай.
Ингээд Мял богд маань төрсөн нутгаа зорив. Нутагтаа очоод эхийнхээ ясыг эвдэрсэн байшингаасаа олж, их уй гашууд автан, сэтгэл үймрэхүйд хорвоогийн мөнх бусыг хоёргүй сэтгэлээр ухааран ойлгожээ. Эндээсээ холгүйхэн цагаан чулуут хэмээх газарт он удаан бясалган, дияанд суув. Энэ хугацаанд авга эгч, ах, нутгийн танилууд, уулын анчид хийгээд Зэсээ болон охин дүүтэйгээ хүртэл учирч амжжээ. Энэ бүгдийн алинд ч үл сатааран зөвхөн гүн бясалгалдаа анхаарсаар дан ганц халгайгаар өл залгах хэмжээнд хүртлээ хатуужсан байна.
Мял богд үйлийн үрд үнэн голоосоо итгэдэг байсан тул үйлдсэн гэм нүглээсээ айн багшдаа итгэж, бясалгалд хүчээ шавхахаас өөр сонголтгүй болсон аж. Аз золоор жинхэнэ багштайгаа учирч, тантрын дөт замаар гуйвалтгүй явсны хүчинд хүний энэ насандаа амжиж гэгээрлийн хутгийг олжээ. Ийнхүү өөрийн энэ насанд амжуулах их хэргийг бүтээж дуусаад наян дөрвөн насандаа ариун номын хотол чуулан жанч халжээ.
Мял богдын хүн төрөлт шавь нар дундаас нь дээд шидийг олсон хорин таван шавь бий гэж тэмдэглэжээ. Зуун шавь нь хоосон чанарыг нээж, харилтгүй төвшинд хүрчээ. Мөн дээд самадид орсон зуун найман шавь бий. Хорвоогоос сэтгэл ангижирсан мянга нэгэн даяанч шавь гарчээ.
Эцэст нь хэлэхэд Мялын намтрыг уншин бясалгаж, сонсон залбирах аваас орчлонгийн хэвтэшд таван хорын (уур, шунал, мунхаг, атаа, омог) өвчнөөр гаслан шаналагсад дээд суу билгийн эмт рашааныг хүртэх хувьтай аж.