Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Агнистын гэгээ I — Амьдралын хүлээснээс ангижрахуй [Пүрэвийн Бадрал]

Айл бүхний хойморт залрах Агнистын гэгээ цувралууд маань ингэхэд дотроо чухам юуг агуулж байдаг вэ? Хэзээ нэгэн цагт зав гарахаараа бүгдийг нь уншина даа гэсэн өөдрөг урт холын бодлын хэзээ нэгэн цаг нь яг хэзээ юм болоо гэж бодогдох үед яг одоо л уншихгүй бол өөр хэзээ ч үгүй гэсэн зоримог бодол орж ирэх тэр мөчид уншиж эхлээд эхний дэвтрийг нэг удаадаа уншиж дуусгалаа. Унших явцдаа өөрт ойр санагдсан ишлэлүүдийг тэмдэглэн авснаа та бүхэнтэйгээ хуваалцах ээлж маань ирлээ.

Хорвоо дээр хүн болох хувь төөрөг нь бидний олонтаа сонссоноор зүүний үзүүрт будаа тогтох хэмжээний ховор аз учрал байдаг бол цаашлаад энэ аз учрал маань мөнх бус, хэзээ ч байхгүй болж мэдэх учраас энэ ахархан богино хүний заяанд оюун санааны тэрхүү эрх чөлөөнд хүрэх боломжтой ганц төрөл зүйл нь одоогоор гагц хүн ажээ. Ийм атал бид шунал, хорсол, мунхаглал гэх харилцан нөхцөлдсөн гурван хоронд оюун санаагаа хордуулснаар бидний зовлонгийн үндэс маань бий болдог аж. Эгэл хүний ёсоор аж төрөгчдөөс авахуулаад аглагт даяанчлагчид хүртэл их бага хэмжээгээр шуналын аргамжаанд хүлэгдсэн байх аж. Үүнийг маш гоёмсог байдлаар ийн өгүүлжээ:

Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн ертөнцийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шунал дунд баглагдахгүй. Ядуу, зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Утга чанарыг танисан учир мунхаг харанхуйд үл төөрнө. Бусдаас ашиг завшаан горьдож тэнүүчлэхгүй. Харин өдөр, шөнийн туршид агшин бүрийн мөнх бусыг сэрж мэдэрч, ухамсар сэхээлэг амьдарна. Оюун санааны эрх чөлөөг бүрэн олсон тэрээр үйл үрийн эрхээр сансрын хүрдэнд эргэлдэхгүй, Үхэшгүй мөнхийн агаарт уусах болно.

Яг одоо миний дотор ямар зовлон байна вэ? Энэ зовлон бусад хүмүүст адил тохиолддог уу? Энэ зовлонгийн учир шалтгаан нь юу вэ? Энэ зовлон хэзээ дуусах вэ? Угтаа бол нэг зовлон нөгөөгөөр солигдох хором чөлөөг бид жаргал гэж эндүүрдэг. Жаргал, зовлон нь гадаад ахуйгаар хэмжигдэхгүй, дотоод сэтгэлийн төлөв байдал гэдгийг ойлгож мэдээд, ахуй амьдралын хэрэг төвөг бүхнээс сэтгэл ангижрах хэрэгтэй.

Өглөө мөнх бусыг санаагүй бол өдрийн хугаст энэ ертөнцийн харъяат, өдрийн хугаст санаагүй бол үдэш оройдоо ч үүний харъяат. Энэ ертөнцийн харъяат байгаа цагт юу ч хийсэн гэгээрлийн үйл болохгүй.

Номын бясалгалын талаар дурдахгүй байхын аргагүй. Бясалгалыг шууд хэрэгжүүлж болохуйц хэд хэдэн арга техникийг энэ номд бичсэн нь надад маш их таалагдлаа. Номыг зөвхөн үг авиа төдий болгоод, гарын авлага болгохгүй бол тэр нь ший жүжгийн дуу, тотины үглээнээс өөрцгүй болно. Ганц хоёр үзсэн номоо гарын авлага болгож, атга чимх мэдлэгээ зүрхний гүнд уусгах хэрэгтэй. Эцэст нь амьдралын элдэв хүлээс бүхнээс ангижрах нь бясалгалын амин сүнс хэмээжээ.

Бясалгах арга техникийн жишээ: Мөнх бус зэрэг сэдвийг бясалгахдаа, Бирузана бурханы долоон зүйл (хөлөө завилж, баруун гарын алгаа зүүн дээрээ тавин, хүйсэн тушаа тэгш агуулах, нуруугаа цэх шулуун байлгах, хүзүүгээ бага зэрэг бөхийлгөх, хоёр мөрөө тэгш байлгах, нүдний харцаа хамрын үзүүр тушаа тогтоох, хэлний үзүүрээ тагнайд тулгах) төгөлдөр байдлыг биедээ бүрдүүл. Бясалгах зүйлийнхээ мөн чанар, хуваарь горимыг нарийвчлан тогтоож, өөр зүйлд анхаарал хандуулахгүй гэж хатуу шийд. Анхнаас нь сэтгэл оюунаа эмх цэгцтэй байлгаж, хэрхэн төлөвлөсөн тэр дагуугаа л бясалгах хэрэгтэй.

Цаашлаад бясалгалд харшлах аливаа нөхцөлөөс зайлсхийж, зайлшгүй шаардлагатай эерэг нөхцөлийг бүрдүүлж, одоо үүнээс өөр юу хийх вэ гэхээр бай. Бусдыг ч гэсэн энэ номын бясалгалд уриалж, тэр талаар магтаж алдаршуул. Түүнд нийцтэй ажил үйлийг аль чадахаар хий. Эдгээр зүйлсийг мөрдөж чадвал, энэ насандаа эзэмшиж чадах нь лавтай. Хэрэв амжихгүй байлаа гэхэд дараах төрөлдөө төвөггүй эзэмших болно.

Өөрийн болон бусдын багтаж ядан оволзох шунал тачаалыг зүрхэндээ хүлээн аваад ажиглан бясалгахад шунал тачаалын мөн чанар сэтгэлээс тусдаа бүтсэн тоосон ширхэг үгүйг ойлгоно. Энэ бүхэн гагцхүү сэтгэлийн хувирал. Сэтгэл өөрөө юу сан билээ? Өнгөрсөн цагийн сэтгэл улирч замхарсан. Ирээдүй цагийн сэтгэл төрөө нь үгүй хоосон. Одоох агшны сэтгэл харагдах өнгө, барагдах биегүй, хаанаас ирж, хаашаа буцах орон зүг үгүй хоосон. Огторгуй мэт хоосон чанарыг ухаарч, тэрхүү хоосон агаарт бодлоос ангижран уусах нь үнэмлэхүй бодь сэтгэлийн бясалгал юм.

Сэтгэл ариусгах найман мөчлөг

  1. Идээ ундаанд дулдуйдах бясалгал
  2. Амьсгалд дулдуйдах бясалгал
  3. Ганга мөрний хумхийн тоогоор биеэ хувилгах бясалгал
  4. Мах, цусанд дулдуйдах бясалгал
  5. Балинд дулдуйдах бясалгал
  6. Махбодод дулдуйдах бясалгал
  7. Биеэ чандмань эрдэнэд хувиргах бясалгал
  8. Нөгчих үеийн бясалгал

Эдгээр найман бясалгалын тайлбарыг уншихад л ийм их сэтгэл, энэрэл нигүүлсэл, ухаарал, аргачлалууд хаанаас бий болдог байнаа гэж бодогдоход хүрсэн шүү. Төгсгөлд нь цохон тэмдэглэхэд заавал унших хэрэгтэй. Бурханы талаар, мөнх бусын талаар, зовлонгийн талаар, үхлийн талаар, бясалгалын талаарх таны ойлголт хэрхэн өөрчлөгдөх бол! Таны ертөнцийг харах өнцгийг хэрхэн өөрчлөх бол!

Уг номд гарах сургаалуудыг эшилсэн 61 мэргэдийн товч намтар, түүхийг мөн буддагийн товч намтрын хамт номын төгсгөлд хавсаргажээ.