Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Арван сарын тэнгэр дор [Чинагийн Галсан]

Цаг хугацааны тухай ойлголт нь өөрөө маш эртнээс маргаан дагуулсан сэдэв байсаар ирсэн. Хувьсал өөрчлөлтийг гэрчлэх нэгж нь цаг хугацаа болохоор маргаангүй бүхнийг эдгээх хүчтэй мэт санагдана. Өнгөрсөн, одоо, ирээдүй — бидний ойлголцдог цаг хугацааны ерөнхий чиг хэмжүүр. Хэрэв би зохиолч байсан бол өнгөрснийг сөхөж амь оруулдаг төрлийнх байх байсан болов уу, эсвэл ирээдүйг нэхэж төлөвлөдөг төрлийнх нь байх байсан уу бүү мэд. Бичдэг хүнд бол аль аль чадвар нь маш чухал байх. Харин хамгийн төгс бүтээл одоо цагаас л төрөн гарах нь тодорхой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хийгээд ирээдүйгээ одоод авч ирэн мэдрүүлэх гэх юм уу.

Арван сард энэ номыг уншиж таарах нь нэг хувь зохиол гэлтэй. Учир нь өнөөдрөөс 2160 өдрийн өмнөх арван сарын тэнгэр дор миний амьдралын хувьд маш том шийдвэр гаргасан нэгэн өдөр бий. Эцсээ хүртэл дардан биш цаг хугацааг туулан өнгөрүүлэхийг хүний амьдрал гэж нэрлэж болмоор…

… Ингэхэд өөрийн минь амьдрал аль чигт явах бол? Хорвоогийн таних, танихгүй түм буман хүнтэй хайр, өшрөлийн аль нэгээр холбогдохгүйгээр үл бүтэх амьдралаа би өөрийн ухаанаар залж явж чадах болов уу? Гол нь түүний төгсөх цэгт “Үүний төлөө амьдарсан юм.” гэж хэлэх зүйл миний хувьд юу байх бол? …

— Номын хэсгээс

Энэ номыг уншаад зохиолын гол дүр шиг дөрвөн мөрт зохиож үзмээр санагдав.

Навчсаа хаялан модод нүцгэрсэн
Намрын шаргал өдрүүд ард үлдсэн
Надад яг одоо өнөөдөр л байна
Найдвар тээсэн маргааш хэрэггүй

Зам дээр салхи татуулан навчис хийсэхүйд
Залуу нас минь яг л тэндээ хийсэн хоцорсон
Залбиралдаа өнөөдрийг багтаасан мөчөөс эхэлж
Зааг чиг минь илүү тодорхой болсон

Өнгө алагласан энэхэн хорвоод
Өнгөрсөн өнөөдрийг холбох гүүр үгүй
Өөрчлөлт хувьслын хуурмаг ертөнцөд
Өр зүрхнээс амар амгаланг хүснэ

Бичсэн: 2024.10.10 Улаанбаатар

Хиймэл оюунаар (ChatGPT) хүртэл дөрвөн мөрт зохиолгодог болсон энэ цаг үед амьдрах болсон бидний хойч ирээдүйд ийм төрлийн амьтай уран зохиолууд маш их хэрэгтэй санагдана.