Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

3-6 насны хүүхдийн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ? [Шиоми Тошиюки]

Шулуухан хэлэхэд энэ номын тэмдэглэлийг хийхээс ч өөрөөсөө ичиж байна. Учир юу гэхлээр манайх гэдэг айл 0-4 насны 3 хүүхэдтэй ба энэ номд бичсэний яг эсрэгээр нь гэж хэлж болохуйц байдлаар хүүхдүүддээ хандлага гаргаад байгаадаа өөрөө өөрийгөө зэмлэх, дотроо шаналах юм. Харин ч тэр тусмаа хэрэгтэй байж мэдэх номыг зөв цагтаа уншиж байж ч мэдэх юм гэсэн өөдрөг бодлоор өөрийгөө цагаатган бичнэ. Хүүхэд өсгөх гэдэг бол маш их тэвчээр, ухаан, мэдрэмж, уян хатан байдал, хайр энэрэл, мэдлэг, цаг хугацаа шаарддаг ажил бөгөөд энэ ажлыг жинхэнэ утгаар нь хийж сурахад энэ ном гарцаагүй хувь нэмэр болно гэдэгт мэдээж эргэлзэх зүйл үгүй. Яагаад гэхлээр номын зохиолч маань өөрөө олон хүүхдийг гардаж өсгөн хүмүүжүүлсэн амьдралын туршлага дээрээ бичжээ.

Хүүхдийн чадварыг дээшлүүлж, хувь шинжийг нь хөгжүүлэхэд анхаарах 10 зүйл

  1. Хүүхдийн өөрийн гэсэн онцлогийг хүндэтгэх нь
    Хүүхдийнхээ онцлог шинж (яаруу, тайван, удаан, ноомой, нийтэч, эмзэг) нь юу болохыг сайтар ажиглаж, түүнийг нь сайн талаас нь харж, бусадтай харьцуулахгүй хүлээн авснаар өдөр өдрөөр өөрчлөгдөх өсөлт хөгжлийг нь догдлон хүлээдэг болно. Хүүхдийн өөрийн гэсэн мэдрэмжийг хүндэтгэх нь хамгаас эрхэм. Мэдрэмжид зөв, буруугийн ойлголт байхгүй.
  2. Идэвхтэй хөдөлгөөнийг нь дэмжье
    Адал явдал, сорил дүүрэн тоглоомоор тоглуулснаар олон шинэ хөдөлгөөн, чадварыг туршиж, суралцдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд аливааг ойлгохдоо туршлага дээрээ тулгуурладаг.
  3. Өдөр бүр ном уншиж өгье
    Хүүхэддээ яг өөрийн биеэр аль болох их ном уншиж өгөх нь чухал. Хүүхдийн тань сайхан дурсамж нэгээр нэмэгдээд зогсохгүй эх хэлэндээ сайн байснаар суралцах бусад чадварын суурь тавигддаг.
  4. Бүтээлч хүүхэд болгон өсгөе
    Хүүхдийнхээ бүтээлч байдлыг нь дэмжсэнээр гарын ур дүйг сайжруулаад зогсохгүй, генийн өгөгдлийг сэргээж, хүний аливаа чадварыг идэвхжүүлдэг юм.
  5. Найзууд дундаа хүлээн зөвшөөрөгдөх харилцааг бий болгоё
    4-5 насанд хүрээлэл дотроо хүлээн зөвшөөрөгдөх нь илүү чухал болж ирнэ. Хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг хүүхэд найзуудтайгаа тоглонгоо олж авах учир бусадтай идэвхтэй, эрчтэй тоглуулах нь чухал байдаг.
  6. Хүнтэй мэндэлдэг болгож сургах нь
    Өглөөний мэнд хэмээх энгийн мэндчилгээ нь хүүхдийн нийгмийн харилцааг хөгжүүлэх цонх болж өгдөг. Тиймээс эцэг эх өөрсдөө үлгэр болох нь байна.
  7. Хүүхдээрээ туслуулахыг зөвшөөрье
    Өөрийнхөө өмсдөг шаахайг арчихаас эхлээд, хоол бэлтгэх, гэр цэвэрлэх зэрэгт туслуулах өөрт нь тохирсон хөнгөн ажлуудад аль болох оролцоотой байлгаснаар өөрийгөө тус нэмэртэй хүн гэж бодох нь чухал.
  8. Хүүхдийнхээ асуултад чин сэтгэлээсээ хандах нь
    Хүүхдийн ертөнц уран сэтгэмжээр дүүрэн байдаг. Тиймээс тэр гайхамшигтай ертөнцийг нь улам баяжуулах ид шидтэй хариултаар асуултуудыг нь мялааж байгаарай.
  9. Үсэг болон аравтын орныг ойлгох суурьтай болгоё
    Хэдийгээр одоо цагийн хүүхдүүд youtube дээрээс үсэг нүдэлсэн ч, богинохон эх, үлгэр, захидал зэргийг сонирхон уншдаггүй бол хүүхэд тань хөгжихгүй. Нэг чухал зүйл бол бичиг үсгийн ертөнцөд сонирхолтой болгох юм.
  10. Хөгжилтэй дурсамж бүтээж өгье
    Дурсамж гэдэг хөгжилтэй эсхүл хүнд хэцүү янз бүр байхаас шалтгаалж хүний зүрх сэтгэл, аливаа мэдрэмжид нөлөөлсөн байх нь бий. Бага насны хөгжилтэй, сонирхолтой дурсамж, туршлага нь эрүүл саруул, урт удаан амьдрах хүч болдог.

Хүүхэд өөрөө хийж үзэж байж хөгждөгийг санаж, хичнээн удаан байсан ч хамаагүй өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Хэрэв өмнүүр нь орж хийж өгөөд байвал сайн хийж сурахгүй. Өөрөө бие засах, хоолоо халбагаар идэх, эв дүй нь бага багаар сайжирч байгаа нь мэдрэгдэхээс гадна хэл ярианы чадвар огцом сайжирдаг. Ганцаараа тоглох нь хүүхдэд илүү төвлөрөх боломж олгох бөгөөд аливааг нягт, нямбай хийж сурах цаг юм.

Түшигт Номт 2-ыг бараг гадаа тоглуулдаггүй байлаа. Энэ хавар гадаа тоглуулангаа ажигласан чинь Түшигт дүүгээ хүүхдүүдээс өмөөрч орилон, цаашлаад хүүхдүүдтэй тоглох эв учраа олохгүй байлаа. Энэ зун дугуй, скүүтэр унуулах маягаар хааяа хааяадаа гэрийн гадаа тоглуулаад байлаа. Саяхан нэг анзаарсан Түшигт маань хүүхдүүдтэй маш хурдан учраа олж, хамт тоглох дуртай, насыг нь нэрийг нь очиж асуугаад найзлан тоглож, өөрийн дугуйгаа хүртэл шинэ найздаа өгч байгаа нь анзаарагдав. Номтын хувьд бол ах юу хийнэ, түүнийг нь шууд л хуулбарлана. Энэ номд яг л энэ мэт хөндлөнгөөс ажиглан, тэвчээртэй ажиглаж чадвал өөрчлөлт маш гайхалтай харагддаг юм байна.

Үнэнийг хэлэхэд хүүхдүүддээ ном уншиж өгнө гэсэн бодлоос цааш хэтрэхгүй л байна. Үүндээ өөртөө тун шүүмжтэй байгаа. Номт маань нэг зурагт номонд уг нь их дуртай. Энэ юу вэ? гэж бүгдийг нь асууна, эргээд өөрөө бас хариулах дуртай. Тэр төрлийн номнуудыг илүү авч хамт уншиж ярилцах гэсэн бодлоос цааш хэтрээгүй л байна. Хүүхэд тун фантастик, романтик, уран сэтгэмжтэй зүйлд маш их дуртай. Хүүхдийн хаанаас нь гардаг юм гэмээр яг л 100% цэнэгтэй утас шиг цовоо сэргэлэн, гэнэн цайлган энэ насанд нь зөв л чиглүүлчих юмсан даа.

Мэдэхгүй юм үнэхээр их байна. Гар утасны хэрэглээ, чихэрлэг хүнсний хэрэглээ, зүрх сэтгэлийг нь ойлгохоос эхлээд шийдэж чадахгүй олон олон юм байна. Ингээд бодохоор асуудал ихэнхдээ эцэг эх бидэнд байна. Өөрсдөө хийж чадахгүй байгаа зүйлээ хүүхдээсээ нэхэж, тулган шаардана. Орчин нөхцөл яг ийм байх ёстой гэсэн дүрэм үгүй. Гэтэл ийм тийм байх ёстой мэтээр худлаа баахан номлол айлдана.

Amaraa’s weekly show-ны Амараа УИХ, ЗГ-т хэлдэг шиг худлаа баахан яам, агентлаг, дүрэм журам. Зүгээр л юу ч битгий хий. Тэгвэл улс орон чинь өөрөө хөгжинө гэдэг шиг л эцэг эхчүүд бид элдэв номлол, дэг жаягаа зогсоогоод хүүхдүүдээ хөндлөнгөөс зөв ажиглаад, багахан дэмнэхэд л байгалийн жамаараа эвдрэлгүй өсөн торних боломжтой мэт санагдана. Мэдээж илтэд аюул учруулахуйц орчин, нөхцлөөс хамгаалах нь тэргүүний үүрэг.

Энэ номыг уншаад маргааш гурван хүүгээ дагуулаад ууланд алхах санаа төрлөө. Саяхан бид 4 зуслангийн ууланд ямар ч бэлтгэлгүй алхаад ирсэн л дээ. Энэ удаад харин хоол хийж идэх багахан юм бэлдээд, том хүүд зургийн аппарат хариуцуулж, дунд хүүд өөрт нь тохирсон цүнх үүрүүлээд гал түлэх жижиг мод түүх даалгавар өгөөд, бага хүүгээ өөрөө хөтлөөд явж болох юм. Бяцхан гүнж энэ удаад ээжтэйгээ гэртээ үлдэх нь дээ.

2024.08.26 Богд ууланд алхаж, хоол хийж идээд хөнгөн хайкинг хийцгээв

Youtube, гар утас их үзсэний ашиг нь тоо болон үсэгнүүдээ бүгдийг нь асуудалгүй мэддэг болсон байна. 4 настай Түшигтийн хувьд ABC, 123 маш сайн мэднэ. 2 настай Номтын хувьд бүгдийг нь мэдэхгүй ч тодорхой хэсгийг нь сайн цээжилсэн байгаа. 5-6 насанд нь хүүхдийг аливаа зүйлийг мэдэх, ямар нэг зүйлийг өөрөө хийхийг зорих чин эрмэлзэлтэй болгон өсгөх л маш чухал.

Цэцэрлэгт явахын нэг сайн тал нь аав, ээжийн гараас түр холдох юм. Хүүхдийн цэцэрлэг сонгохдоо аль болох цөөн хүүхэдтэй, хүүхэд бүхэнд тулж харьцдаг байх нь маш чухал. Өөрөөр хэлбэл хүүхдийг хүчлэхгүйгээр өөрийнх нь дур сонирхлыг нь өдөөх маягаар сургаж, нийгэмшүүлдэг байвал бүр сайн. Багш, эцэг эхийн хооронд байнгын илэн далангүй, чөлөөтэй харилцааг үүсгэх нь хүүхдийн хөгжилд тустай. Хүүхэд 3-5 насандаа цэцэрлэгт явах нь багаасаа амжилттай нийгэмшиж, бусадтай харилцах чадварт суралцсанаар дунд сургуульд суралцах он жилүүд, цаашлаад насанд хүрч бие даан амьдрах чадварын үндэс суурь ч тавигдаж байгаа хэрэг.

4 настай Түшигтэд одоо үлгэр, ном уншиж өгөх нь маш чухал гэдгийг ойлголоо. Хүүхдийн уншиж сурах хүслийг төрүүлэх олон арга байдгаас өвөө эмээдээ захиа бичих, захиа авах, өвлийн өвгөнд хүслээ бичих гэх мэтээр сонирхолтой аргаар сэдэлжүүлж болох аж. 2 настай Номт угаас ахыгаа яг дуурайх учир зурагт ном бас авч өгч ажиллах хэрэгтэйг мэдлээ.

Финляндад хүүхдээ 6-р анги хүртэл нь ном уншиж өгдөг гэр бүлүүд ч байдаг. Финляндад жирийн оффисын ажилтны гэрт хүүхдэд зориулсан ном ойролцоогоор 500 байдаг бөгөөд тэрийг өдөр болгон аав нар нь уншиж өгдөг байна.

Хүүхдээ үсэглэж уншаад сурсан ч үргэлжлүүлэн үлгэрийн номнууд уншиж өгч байх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн өдөр тутмын дадал, соёл болох хэрэгтэй аж. Үсэглэж уншихдаа хүүхэд маш их ядардаг тул үлгэрийн номыг нь заавал эцэг эх өөрөө дадсан сурснаар нь уншиж өгөх чухал. Товчхондоо хүүхэд тань хэдэн настай байсан ч хамаагүй уншаад өгөөч гэж гуйсан л бол заавал уншиж өгөөрэй.

Тоог заагаагүй юм шигээр өдөр тутмын үйл хөдлөлд нь шингээх маягаар сургах боломжтой. 3-4 насны хүүхэд 10 хүртэл тоолж чадна. 5 нас хүрээд 100 хүртэл тоолдог болно.

Харилцааны чадвар нь эцэг эх, хүүхдүүдийн өдөр тутмын ярианаас төлөвшдөг зүйл. Тиймээс англи хэлтэй болгох суурийг нь гэртээ аль болох англи хэлний орчин бүрдүүлж өгөхөөс эхлээрэй. Англи хэл дээр хүүхэлдэйн кино хамт үзэж, англиар дуу дуулах гэх мэт. 6 хүртэлх энэ насанд англиар ярьж сурах нь хөгжилтэй бололтой гэж бодохуйц ухамсартай нас юм.

Хүүхэд ямар нэг зүйлийг эрчимтэй сонирхож, зөвхөн түүнийг л хийх гэж дурлах энэ үеийг тархи судлалын шинжлэх ухаанд “чухал үе” гэдэг. Энэ нь өөрөө өөрийнхөө тархины үйл ажиллагааг идэвхтэй нэмэгдүүлмээр байгаа үе бөгөөд түүнийгээ өөрөө сонгож үйлдэх үе шат юм. Энэ үед нь эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаас нь сайтар анхаарч бодох хэрэгтэй. Тиймээс хэт эрт боловсрол эзэмшүүлэх гэж бяцхан үрсээ програмчилсан элдэв хөтөлбөрөөр аль болох дарамтлахгүй байх хэрэгтэй. Үүний оронд хүүхдийнхээ бага насыг аз жаргалтай, хөгжилтэй дурсамжаар дүүргэн, амьдралын урт удаан хугацаанд эргэн дурсах олон сайхан дурсамж бүтээж өгөх нь эцэг эхийн үүрэг гэлтэй.

Зохиолч өөрийн туршлагаар хүүхдийн бага сургуулийн боловсролыг хувийн сургуульд оруулахаас илүүтэй орон нутагт бага сургуулиа дүүргэхэд хангалттай гэж үзжээ. Учир нь тогтсон давхаргын хүүхдүүд сурдаг хувийн сургуулийг бодвол янз бүрийн орчинд өссөн, өөр өөр давхаргын айлын хүүхдүүд сурдаг улсын сургууль нь хүүхдийн үзэл бодлыг тэлэхэд илүү нөлөөлдөг гэж үзжээ. Эхнэр бид хоёрын хувьд ч Номт, Түшигт 2-ыг бага ангид нь улсын сургуульд өгөх нь зөв гэж ярилцах болсонтой санал нэгдэж байна.

Таны хүүхэд ямар ч зан араншинтай байлаа гэсэн тэд дуртайдаа ийм болоогүй. Угтаа хүүхэд өөрийн хүслээр биш, эцэг эхийнхээ генийг өвлөж төрөөд, тэднийхээ хүмүүжлээр өсөж төлөвшиж байгаа тул хүүхдийн зан авирт хариуцлага хүлээх хүн нь хүүхэд биш харин эцэг эхчүүд өөрсдөө юм. Цаашлаад тухайн нийгэм нь ч хүүхдийн өмнө хариуцлага хүлээх ёстой.

Хүүхэд өсгөхөд хамгийн байж болохгүй нэг зүйл бол бусадтай харьцуулах юм. Ингэснээр хүүхдийнхээ сайн талыг олж харахгүй болно. Хүүхдээ магтахдаа аль болох “сайн байна”, “мундаг шүү” гэх мэт ерөнхий магтаалыг хэрэглэхгүй, хувь шинжийг нь хурцлан хөгжүүлэхэд нь түлхэц болохуйц байдлаар хэрэглэж сурах чухал. Жишээ нь “байшинг ихэвчлэн дөрвөлжин хэлбэрээр зурдаг ч дугуй хэлбэрээр зурсан нь сонирхолтой байна шүү. Дээрээс нь улаан, ногоон 2 өнгө хоорондоо ингэж гоё зохицохыг чиний зурагнаас л олж харлаа.” гэж хэлж болно. Харин хүүхдийг загнаж зэмлэх үедээ хувь шинжийг нь оролцуулснаар өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. Эелдэг байдлаар товч тодорхой алдааг нь тайлбарлаж, ойлгуулах арга хэрэглэх хэрэгтэй.

Хамт тоглох байдлаар хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь бага настнуудын хувьд хамгийн үр дүнтэй. Шууд тоглох дүрмийг заах бус сонирхлыг нь татах байдлаар хүүхдэд ойлгуулж болно. Тодорхой хугацааны дараа хүүхэд ихэнх дүрмийг өөрөө сурсан байх болно. Манай Түшигт 2 настай байхдаа явж байсан, одоо Номт явж байгаа Little kickers хүүхдийн хөл бөмбөгийн сургалт нь тоглоом тоглох хөгжилтэй байдлаар гол нь хүүхдийг залхаахгүй, сонирхлыг нь татах аргаар хөл бөмбөгийн ертөнцтэй танилцуулдаг. Иймэрхүү сургалтын систем энэ насны балчирхан үрсэд маань зайлшгүй шаардагдаж байна.

Хүүхэд маань энэ насан дээрээ яг л толь шиг бидний бүх үйл хөдлөл, яриаг давтана. Дөрвөн настай Түшигт юу хийнэ, хоёр настай Номт яг шууд дагаж барьцана. Түшигт аав ээж ахынхаа үг үйлдэл бүрийг анзаараагүй мэт боловч бүгдийг нь маш чадварлагаар тархиндаа бичиж авч байдаг нь нотлогдсон. Дараа нь гэнэт цочтол хэлнэ шүү дээ бидний санамсаргүй, ухамсаргүй хэлсэн бүхнийг. Гэрийн ажил, хоол хийх зэрэгт бага багаар тусламж хүссэн байдлаар хүүхдээ сургаж болно. Хийж дуусах болгонд нь зөндөө тус болж байна шүү гэж магтах хэрэгтэй. Эрүүл харилцан яриа хүүхдийн хөгжилд маш их түлхэц болж өгнө. Гар утас, видео тоглоом энэ цаг үеийн эцэг эхчүүдийн бас нэг толгойны өвчин болсон. Харин үүнийг огт хориглох нь буруу гэжээ. Тодорхой цагийн хязгаартай, эцэг эхийн хяналтанд тоглох, үзэх хэрэгтэйг онцолжээ. Үзэж байгаа youtube сувгийг нь хамт үзэж харилцан ярилцах, тоглож байгаа тоглоомыг нь хамт тоглох байдлаар хязгаар болон хяналтаа үргэлжлүүлэх талаар зөвлөсөн байна.

Бид энэ цаг үеийн хүүхдүүдийн гар утас, электрон хэрэглээг хориглох боломжгүй. Тиймээс хамт хөгжиж суралцахаас өөр сонголт үгүй. Дөрвөн настай Түшигт аавынхаа машины хөгжим дээр тоглоом суулгаад тоглоно, аавтайгаа viber-аар холбогдож ярина, play station 5-ын astro’s playroom-ийн бүх үе шатуудыг дуусгасан гээд бодохоор цаашаа юу болохыг төсөөлөхөд бэрх. Хатуу хориг тавих нь эрүүл шийдэл биш, харин хамт цагийг өнгөрүүлэх орчин, нөхцлийг нь аав ээжүүд хяналтандаа байлгах боломжтой.

Түшигтийг ээжийнхээ хэвлийд байх үеэс л эхнэр бид хоёр өөрсдөө ном идэвхтэй уншиж эхлэх шийдвэр гаргасан. Нөгөө талаас хүүхдүүддээ өөрсдөөрөө үлгэрлэхийг оролдож байгаа юм. Энэ байрандаа 7 хайрцаг номтой ирж байсан бол одоо 13 хайрцаг номтой болоод нүүж байна. Хүн унших тусам өөрийгөө чамлаж, цааш илүү ихийг мэдэх хэрэгтэйг ойлгодог. Үнэнийг хэлэхэд хүүхдүүддээ ном уншиж өгөхсөн гэж бодохоос хэтрэхгүй л байна. Шинэ байрандаа очоод эхнэр бид хоёр гэр бүлийн бяцхан дүрмээ зохиож, мөрдөж эхэлнэ дээ. Үүндээ ном уншиж өгөх гэдгийг бүр заавал оруулах ёстой.

Хүүхдүүд үг хэлээр ойлголцохдоо тааруухан бөгөөд юу юугүй маргалдах талтай байдаг учраас эцэг эхчүүд тэднийг хичнээн цаг хугацаа шаардлагатай ч бай хичээнгүйлэн эвлэрүүлэх нь зүйтэй. Тэгж чадсанаар ах, эгч, дүүс хоорондоо өрсөлдөх бус хамтарч ажиллах чадварт суралцана. Ах, дүүсийг хэрхэвч хооронд нь харьцуулж болохгүй. Хэрэв тэгвэл тэд хэзээ ч бие биетэйгээ дотно болж чадахгүй.

3-6 нас бол хүүхдэдээ цаг гарган, хамт тоглох хамгийн боломжит үе юм. Энэ богинохон үеийг бүү алдаарай. Аав аа, аав гоё юм аа, аав ёстой мундаг юм аа гэж хүүхэд энэ үедээ л боддог. Хүүхэд сургуульд орохоор нь тоглоно гэж бодвол бараг бүтэхгүй болов уу.

Эцэст нь энэхүү номыг хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эцэг эхчүүд болон одоо бага насны хүүхэдтэй хүмүүс, цаашлаад сурган хүмүүжүүлэх салбарт ажилладаг багш, сургагч нарт уншуулахсан гэж маш их бодогдлоо.