Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Аранзал дарвуулт хөлөг [Александр Грин]

Ийм уран сайхан зохиолууд хичнээн ганцаардсан, өнчирч хоцорсон нэгэнд итгэл найдварын гал асааж өгдөг бол. Нялх балчир байхдаа эхээсээ өнчирч, бүхнээс зожиг аавтайгаа хоцорсон Ассоль охинд тохиолдох адал явдал, түүний хүсэл мөрөөдөл хичнээн олон хүний доог тохуу болсон ч эцэстээ биелэж байгаагаар зохиолын үйл явдал өрнөнө. Зохиолч өөрөө бас эхээсээ өнчирч, амьдралын хар барааныг туулж явсан ч түүний дотор орших итгэлээ гээлгүй явсаар түүнийгээ зохиолоороо амилуулж, түүний бүтээл олон олон хүнд итгэл найдвар төрүүлсээр байна. Уншигч миний хувьд ийм номыг яагаад ийм хойно уншина вэ гэж харуусан суухын сацуу бусдад байнга санал болгож байх цөөн номынхоо нэгээр тодрууллаа.

Нийгмийн олон өнгөнд төөрч, өөрийн хүсэл мөрөөдлөө битгий алдаасай гэж зохиолч ийн бичсэн бизээ. Над шиг хөлдүү төмснүүд энэ мэт уран зохиолыг бага залуугаасаа яагаад уншаагүй юм болдоо. Хөлдүү төмс байснаа мэдэх нь их хэцүү л дээ. Мэдсэн ч нэгэнт хөлдүү төмс учраас хэрхэн гэссэн төмс болохоо сайн мэдэхгүй нь бүр харамсмаар. Магадгүй гэсэх нэг арга нь энэ төрлийн уран зохиолуудыг сайн унших хэрэгтэй байх. Бас нэг боломж нь халуун төмстэй учирч түүний илч дулаанд гэсэх боломжтой. За тэгээд халуун төмстэй ч учраад, уран зохиолоо ч уншаад эхэлсэн байхад нэг л өдөр халуухан төмс болж л таарна. Замдаа итгэл, мөрөөдлөө л гээж болохгүй юм шүү.