Бидний сайн мэдэх “Миний нутаг” шүлгийг зохиосон Дашдоржийн Нацагдорж зохиолчийн бичиж дуусгалгүй үлдээсэн гар бичмэл өгүүллэгүүдийг нэгтгэн энэхүү номыг гаргажээ. Түүний бичсэн өгүүллэг, шүлэгнүүдээс багтаж ядан асгарах өргөн мэдлэг, мэдрэмжийг харж болно. Эх нутаг, уул ус, газар шороо, эх хэл, элгэн садандаа ямар их сэтгэлтэй байсныг нь түүний бүтээл бүрээс харж болно. Энд тэнд алаг цоог бичигдсэн түүний намтар бичвэрүүдийг харахад тухайн цаг үедээ жинхэнэ дүрэлзэн асаж байсан гэлтэй. Тиймдээ ч хурдан шатаад дууссан мод шиг богинохон түүний амьдралынх нь нэгэн сүүдэр болж үлдсэн бүтээлүүдийг зориг зүрх гарган эмхэтгэн уншигч бидэнд өргөн барьж буй эрхэм хүнд талархаж байна.
Түүний бүтээлүүд тухайн цаг үеийг соён гэгээрүүлэхэд маш том түлхэц болсон нь гарцаагүй. Ийм хувь тохиол, эр зориг, авхаалж самбаа тун цөөн хүнд оногдох нь мэдээж. Бүсгүй хүн, морь хоёрыг уран бүтээлдээ дүрсэлсэн байдал нь үгийг амь оруулах мэт. Энэ номыг уншаад надад яагаад ч юм хүний үнэрийн тухай бодол санаа, ойлголтууд тодорч харагдаж эхэллээ. Хүний үнэргүй хог шаарнуудыг бий болгосон өнөө цагийн нийгэмд хүнээрээ үлдэх нэг боломж нь энэ төрлийн амьтай зохиолуудыг уншиж байх явдал юм гэж бодогдлоо. Одоо цагт ч гэсэн маанийн зургаан үсэгтэй хүрдэндээ нүгэл хилэнцээ даатган байж нүглийг үйлдэх нь юутай гашуун бөгөөд харуусмаар…
Аль ч цаг үед хайрцагнаас гарч сэтгэх соён гэгээрүүлэгчид хамгийн түрүүнд хэлмэгдэн хохирдог үзэгдлийг хүний мөн чанартай холбон тайлбарлаж болох юм.