Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Тархины блок [Ганбатын Мөнгөн]

Энэ номын өмнө уншаад тэмдэглэл оруулсан “Өөрийгөө дэмжих зуршил” номын гол санаа энэхүү номын эхнээс давхцал үүсгэж байгаа нь сонирхолтой. Уг номын зохиолч Мел хатагтай яг л коуч Мөнгөний адил илтгэх урлаг, бусдад нөлөөлөх чадвартай хэдий ч яг өөрийн бодит амьдралаа эргэн харахад нэг л биш байгааг анзаарч үүн дээрээ ажилласан туршлага, мэдлэг, түүхээ номоор дамжуулан бусадтай хуваалцсан байдаг. Мөн цаашлаад өөрт хэрэггүй маш олон мэдээлэл, дурсамж, хүслээр өөрийн тархийг дүүргэсэн байдаг талаар нэгэн рестораны хананд зарахаар байрлуулсан байгалийн зурсан зурагт татагдан түүнийгээ авч чадалгүй 11 жилийн турш дотроо тээж явсаар эцэст нь өөрийн болгосны эцэст толгойноос нь нэг хүнд зүйл аваад хаясан мэт болсон талаар өгүүлсэн хэсэг гардаг. Үүнээс үзвэл зохиолч Мел Роббинсын хэлэх гэсэн санаа Мөнгөний хэлж буй тархины блоктой агаар нэг болж таарах нь. Яг л нөгөө тархинд хадгалагдсан хэзээ ч хэрэглэгдэх эсэх нь тодорхой бус хог новшнууд.

Тэгвэл тархины блокоо хэрхэн гаргасан туршлагаас нь хураангуйлан өөрт дараа уншаад ойлгох байдлаар тэмдэглэн авсан болно.

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Коуч Мөнгөний хувьд өөрийн туулсан амьдралын алдаа дутагдал, бүтэлгүйтэл бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийгээ ч энэ ном болон өмнөх “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номондоо ний нуугүй бичсэн байдаг. Ганц Мөнгөн гэлтгүй саяхан уншсан “Өөрийгөө дэмжих зуршил” номын зохиолч Мел Роббинс өөрийгөө өөрийн номдоо эрээ цээргүй илчлэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн энэ мэт өөр олон арван номууд дээр алдаагаа эхлээд хүлээн зөвшөөрснөөр дараа дараагийн зөв хаалга нээгдэж байгааг ойлгосон түүхүүд гардаг.

ОДОО ЦАГТАА БАЙХ
буюу өнөөдрөөр амьдрах, ягштал төлөвлөхгүй. Яг тухайн цаг мөчид хийж байгаа ажилдаа бүрэн өөрийгөө зориулах тухай яригдаад байх шиг. Хэдэн хоногийн өмнө миний уншсан Хэзээ номын талаарх подкаст сонссоноо бичжээ. Өдөр тутмын цикл буюу 24 цагт юуг хийх хэрэгтэй, хэрэггүй талаар маш олон судалгаанд үндэслэн бичсэн Даниел Пинк хэмээх зохиолчийн сайн ном байсан.

ХООЛЛОЛТ
Бид хүн төрөлхтөний бүх цаг үеийн хамгийн таатай үед амьдарч байгаа гэж нэг номноос уншиж байсан. Үүнийгээ дагаад хүмүүст хоолны олон сонголт гарч ирсэн ч бараг 80–90% нь хүний эрүүл мэндэд алсдаа сөрөг гэсэн судалгааг ч гаргаад байгаа аж. Коуч Мөнгөний хувьд өөрт тохирсон хооллолтын хэв маягийг бүтээсэн туршлагаа дэлгэжээ. Оройн 6 цагаас хойш хүнд хоол идэхгүй, гурил, цагаан будаа, төмснөөс татгалзсан, өндөгний шарыг идэхгүй, хуурж шарсан хоолноос татгалзах, гаазтай ундааг хорих гээд маш олон туршлагаа хуваалцжээ. Цаашлаад хүнд хэрэг болох амин дэмийг хаанаас нөхөж авах талаар бичжээ. Жимс, тараг, омега-3, цэнэг гээд сонголтуудаас дурдаж болно.

УНШИХ БА ХӨДӨЛГӨӨН
Коуч Мөнгөний хувьд олон ном унших нь гол бус уншиж байгаа нэг ч гэсэн номноос өөрт хэрэгжүүлж болох санаа авах гэжээ. Уншигч миний хувьд харьцангуй шинэ уншигч тул эхний ээлжинд их унших гэсэн чигийг барьж байгаа бөгөөд тэрийг энэ номд шахалт хийх арга хэмээн тодорхойлжээ. Номд бичсэнээр өдөрт 15–30 минут тогтмол уншиж сурах нь маш сайн дадал. Бодит үнэн гэвэл олон ном уншихыг хүсвэл фитнест зарцуулах 2 цагаасаа илүү цагийг номд зарцуулах хэрэгтэй. Хэдхэн хоногийн өмнө Япон эмчийн бичсэн Алхалт номыг уншсан. Түүн дээр алхалтын гайхамшгийг нэг бүрчлэн бичсэн байдаг. Коуч Мөнгөний тодорхойлсноор манай Улаанбаатар хот алхалт хийхэд тохиромжтой жижиг хот шүү дээ.

САНХҮҮГЭЭ БЭХЖҮҮЛ
Хадгаламж өлсөхөөс эхэлнэ буюу зургаан дансны арга номыг гарсны дараахан нь авч уншаад хэрэгжүүлэх сэдэл төрж хадгаламжийн данс нээхээс цааш хэтрээгүй байгаагаа хараад өөрийгөө голонгуй уншиж сууна. Товчоор дүгнэхэд санхүүгийн сахилга бат сул байгаагаа хүлээн зөвшөөрч байна.

НӨХӨРЛӨЛ, ХАРИЛЦАА, АЯЛАЛ
Тухлаг бүсээс гарах гэдгийг өмнө нь уулзаж байгаагүй шинэ харилцаа, нөхөрлөлийг бий болгохоор тайлбарлажээ. Цаашлаад аялал хүний нүдийг нээж, ертөнцийг харах өнцгийг тань өөрчлөх шидтэй талаар бичжээ. Далай лам нэгэнтээ жилд нэг очиж үзэж байгаагүй газраа очиж байх талаар хэлсэн байдаг хэсэг санаанд оров. Мөн дан ганц ном уншаад суух биш, хүмүүстэй харилцаа үүсгэж ажиглах, суралцах талаарх хэсэг нь таалагдлаа.

ҮНЭТ ЗҮЙЛЭЭ БҮТЭЭ
Хайр бол үнэт зүйлийн нэгт орох аж. Эхнэр нөхрөө хайрлах, эцэг эхээ хайрлах, үр хүүхдээ хайрлах. Заавал хэрэгжүүлэх ёстой гоё санааг номноос оллоо. Ээжтэйгээ хааяа нэг уулзахдаа зүгээр л хөлийг нь бариад угааж өгөхөд л болно гэжээ.

Хайр бол үйлдэл юм.

Нэр төр, өвөг дээдэс, удам судраа дээдлэхээс эхлээд хийж байгаа ажил, мэргэжлээрээ үнэт зүйлээ бий болгосноор гагц орлого мөнгөний төлөө бус хийж буй бүхнээсээ үнэ цэнийг мэдэрч амьдардаг байна.