Агнистын гэгээ цувралын хоёрдугаар дэвтэр буюу өдөр тутмын ариусгал номыг энэ удаад уншлаа. Бурханы шашинтай гэгдэх айлд байх энэхүү судрын орчуулга тайлбар бүхий номыг уншаад туйлын амар амгалан хийгээд тодорхой зарим дасгал, бясалгалын аргыг мэдэж авахаас гадна Бурхадын зүрхэн тарни, тайлбар зэргийг мэдэхийн сацуу зарим судар, тарнийн тайлбаруудыг ч гэсэн мэдэж авах боломжтой.
Бурхан багш, Манзушри, Янжинлхам, Ногоон Дарь эх, Цагаан Дарь эх, Арьяабал, Очирваань, Манал, Цагаан шүхэрт, Далай лам зэрэг Бурхан бодьсадын зурмал хөргүүдийг энэхүү номд агуулсан нь номыг дээдлэн хоймортоо залдаг сүсэгтэн олон сэтгэл дотроо бясалган дүрслэн амилуулж залбирдаг байхаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүллээ.
БУРХАН БАГШид залбирахдаа: “Дадъята. Ум мүни мүни маха мүни шагжа мүни еэ суухаа.” тарнийг хэлдэг аж. Уншигч миний хувьд энэхүү тарнийг нилээд хэдэн жилийн тэртээ одоо бурхан болсон эмээгээсээ сурч байсныг тод саналаа. Эмээ маань гандан, хийд их явдаг хүн байж билээ.
МАНЗУШРИ БУРХАНы зүрхэн тарни: “Ум ара база нади.”
Энэрэнгүй та билгийн гэрлээрээ
Эгэл миний будангуйг арилгаж,
Энгүй номын утгыг тайлах
Ирмүүн ухааны хүчийг соёрх.
ЯНЖИНЛХАМын зүрхэн тарни: “Ум сара сиди хрим хрим.”
НОГООН ДАРЬ ЭХийн зүрхэн тарни: “Ум дарэ дүдарэ дүрэ суухаа.” Энэ тарни бүтнээрээ: “Ум дарэ дүдарэ дүрэ суухаа Хара хара пад.” ажээ.
ЦАГААН ДАРЬ ЭХийн зүрхэн тарни: “Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур бүниа зана бүсдим гүрү суухаа.”
АРЪЯАБАЛ БУРХАНы зүрхэн тарни: “Ум мани бадмэ хум.”
ОЧИРВААНЬ БУРХАНы зүрхэн тарни: “Ум базар вани хум пад.”
МАНАЛ БУРХАНы зүрхэн тарни: “Дадъята. Ум биханзэ биханзэ, маха биханзэ биханзэ раза самудгадэ суухаа.”
ЦАГААН ШҮХЭРТийн зүрхэн тарни: “Дадъята. Ум аналэ аналэ, хасамэ хасамэ, вайри вайри, сомэ сомэ, сарва будда адистана адистидэ, сарва датагада үсниха сидада бадри хум пад. Хум мама хум ни суухаа.
ДАЛАЙ ЛАМын алдрын тарни: “Ум аа гүрү базар дара бада рага манзушри вагиндра сумади зана шасана дара самудра шри бадра сарва сиди хум хум.”
Мөргөл хийх нь омог дээрэнгүй зангийн номхотгол болдог аж. Мөргөлийн үед алгаа хавсрах бөгөөд дундаа хоосон зай агуулдаг нь юмс үзэгдлийн хоосон чанарыг бэлгэднэ.
Шүтэн барилдлагаас тусдаа зүйл нэгээхэн ч үгүй, мөн хоосон чанараас ангид юм ч бас байхгүй. Хоосон чанарыг шүтэн барилдлагын утгаар тайлах нь Буддын гүн ухааны охь. Юмс үзэгдлийн наад талын уялдаа холбооноос цаад талын үнэмлэхүй утга — хоосон чанарыг тодорхойлж гэмээ нь аливаа зогсонги байдлаас сална. Өөрөөр хэлбэл хоосон чанарыг юмсын харилцан шүтэлцээнээс илрүүлж чадвал ямарваа төөрөгдөлд үл автана.
Зовлонгоос гэтлэх замыг заасан Бурхан багшдаа бид өдийг хүртэл хоосон залбирч явснаас биш, хосгүй эрдмийнх нь шимээс хүртэхийг хичээсэнгүй. Өөрөө ухаарахад ч, өрөөлд заахад ч үнэлж баршгүй шүтэн барилдлага нь Бурхан багшийн айлдвар бүрт ил, далд агуулагдаж байдаг. Түүний сургаал ном судалсан хэнд ч болов ойрын болоод хэтийн сайн сайхан бүхнийг соёрхох ажээ.
Чөлөө учрал олдоход даанч бэрх атал, хүний амьдрал зав чөлөөгүй урсан өнгөрдөг. Зүрхний угаас үүнийг сэхээрч, ахархан насны аар саарт шунан тачаахаа боль. Үйлийн үрийн жам ёс хуурмаггүй агаад орчлонд төөрөхийн зовлон хязгааргүй. Түүнийг ахин дахин бясалгаснаар хойт төрөлд чиглэсэн шунал тачаалыг ч үлдэн хөө.
Бид одоо цагт үс засуулах хийгээд элдэв үйл хийхдээ өдөр судар хардаг болсон. Тэгвэл Бурхан багш энэ талаар асуусан шавьдаа ийн хэлж байжээ 🙂
Өдөр цаг бүхэн өлзий буян.
Од гараг бүхэн онцгой сайн.
Муу сэтгэлээ ялсан бүхэн зовлон үгүй.
Мунхгийн нойрноос сэрсэн бүхэн чадал төгөлдөр.
УМ АА ХУМ — Аниргүйн очирт тарни
Амьсгал авах бүрээ УМ, шингээхээ АА, гаргахаа ХУМ хэмээн мэдэрч, амьсгалаа ая зөнгөөр нь мэдэрч бясалгана. Аниргүйн очирт тарни бол тарни урилга бүхний хаан хэмээн номд онцолжээ.
Дөрвөн хүч бүрэлдсэн наминчлалд ямарваа хилэнц ариусдаг аж. Авралын оронд хандан залбирч байгаа нь шүтээний хүч, хийсэн нүгэлдээ гэмшиж байгаа нь ухаарлын хүч, уншлага нь ерөндгийн хүч, ахиж алдахгүй гэсэн зүрхний тангараг нь сахилын хүч болно.
Есөн үет хийн бясалгал: Гурван гурвын есөн үет хийн дасгалыг хийснээр судлын бүдүүн, нарийн зангилааг тайлж судалд хурсан бохирыг цэвэрлэнэ. Үүний үр дүнд бие хөнгөн, сэтгэл тунгалаг, билиг хурц болсноор бясалгалын дээд шатанд суралцах бэлтгэл хангагдлаа хэмээн сударт өгүүлжээ.
Дурьдлыг агуулах бясалгал
1. Үйлдэл бүрээ ухамсарлах, үйлдэл үгүй үед амьсгалаа ажиглах
2. Бодлын урсгалд авталгүй хөндлөнгөөс гэрчлэх
3. Таатайд шунаж, таагүйд уурлалгүй тэгш амгалан ажих
4. Сэтгэлийн тусгал бүхнийг мөнх бус болоод хоосон чанарын ном хэмээн онож, хоосон төлөвт орших үедээ ажиглагч ухамсар өөрийгөө цэгцлэх
Найман гэгээн (Нанжид)
Гэгээн гэдэг нь танин мэдэхүй юм. Найм гэдэг нь зүйл ялгаа аж. Нүд дүрсийг, чих дууг, хамар үнэрийг, хэл амтыг, бие хүрэлцэхүйг, сэтгэл юмсыг ялгах агаад нисванист сэтгэл (төсөөлөл) болон хотлын шүтээн ухамсар лугаа найм болой. Хотлын шүтээн ухамсарт би хэмээх тусгаар чанар байхгүй боловч би-гийн үзэлд автсанаар нисванист сэтгэл үүсч, түүний эрхээр зургаан эрхтний сэрэхүйгээр хуурмаг тусгалд хүлэгддэг. Үүнийг сэхээрч бясалгах аваас энэ хүлээснээс ангижирч чадна.
Эцэст нь номыг Монгол хэлнээ хөрвүүлэн, мөн уйгагүй тайлбар зүүлт хийж өгсөн нь энгийн бидэнд ойлгоход тун дөт болжээ. Шүлэглэх мэт тэр дөрвөн мөртүүдийг орчуулсан нь бас гайхамшигтай. Миний зүгээс номын сэдэв, доторх агуулга, хэрэгцээт байдал зэргээс үндэслэн 10/10 оноог өгч байна.