Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ! хэмээх гарчигтай алхалтын гайхамшгийг энэхүү номд олон талаас нь эмч хүн бичжээ. Тэр тусмаа мэргэжлийн туршлагатай эмч хүн өөрөө таньд эм болон эмч огтоос хэрэггүй, өөрт байгаа бүхий л боломжоороо аль болох их алх хэмээн зөвлөж байна. Алхалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, алцхаймер, ходоод, улаан хоолойн сөргөө, өтгөн хаталт, фибромиалгиа, багтраа, ханиад томуу, хэрэх, хөгшрөлт, ясны бэртэл гээд нэрлэж дуусахааргүй олон өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх хүчтэй аж. Мөн түүнчлэн нойргүйдэл, сэтгэл гутрал зэргийг даван туулахад алхалт өндөр ач тустай.
Техник технологийн өмнөх үед амьдарч байсан хүмүүс өдөрт 30,000 алхам хийдэг байж. Тэрнийхээ хүчинд элдэв өвчлөл, хөгшрөлт, хорт хавдар зэрэг хүндрэлийг тойрч гарсан байна. Миний хувьд энэ номыг уншаад нэг их эргэлзээд байх зүйл гарсангүй. Алхалтын хайкинг клубт 2–3 жил эрчимтэй явсны дүнд энэ номд гарсан шиг өөрт тулгарсан хэд хэдэн асуудлаа давж гарч байждээ гэсэн бодол төрөв.
Заримдаа хоолоо их идээд унтах үед шөнө дунд ходоод тэсэхийн аргагүй өвддөг. Нэг удаа тэсэхээ байгаад шөнө гэрээс гарч гүйж, алхаж үзтэл 5–10минутын дотор өвчин ор мөргүй алга болсон. Дараа нь хэд хэдэн удаа энэ үйлдлийг давтаж үзээд адилхан өвчин нь 5–10 минутанд л алга болж байсан. Яагаад гэдгийг энэ номоос олж мэдлээ. Хоол, хөдөлгөөн хоёр салшгүй холбоотой аж.
ЗӨВ АЛХАХ НЬ БҮХ БИЕИЙН СУНГАЛТЫН ДАСГАЛ БОЛДОГ.
Цаашлаад зөв зогсох, зөв алхах, алхахдаа өмсөх гутлаа зөв сонгох, алхах үед гар хоосон чөлөөтэй байх гээд олон олон анхаарах зөвлөмжүүдийг хүргэжээ. Алцхаймер өвчтэй хүн алхах үедээ тоо бодох (Жишээ нь: 50-иас 3, 3-аар цээжээр хасах), шүлгийн мөрт зохиох, үг холбох гэх мэт толгойгоо ажиллуулснаар зөнөх, мартах байдалд нь эерэгээр нөлөөлдөг байна.
Нордик (тулгуурт) алхалт буюу таягтай алхалт нь биеийн дээд хэсэгт давхар үйлчилдэг учраас энгийн алхалтаас 1.5 дахин үр дүнтэй гэж үздэг. Цанын тамирчид зун бэлтгэл хийдгээс үүссэн аж. Уулын алхалтанд бас их ашиглагддаг. Хөл, нурууны асуудалтай хүмүүст нордик алхалт нь давхар аюулгүй байдлыг хангаж өгдөг.
Дугуй унах, гүйх зэрэг нь хүний биед тэс өөр өөр нөлөөтэй. Аливаа дасгал, хөдөлгөөн хийхэд зарцуулагдах энергийн хэмжээг MET (Metabolic equivalent of task) хэмээх нэгжээр хэмждэг.
ямар насны хүнд ямар хэмжээний MET нэгж тохиромжтойг миний хийсэн энэ графикаас хараад аваарай. Ж нь: 50, 60-аас дээш насны хүмүүст алхалт болон хөнгөн дасгал (3 MET) зохимжтой бол гүйлт, аеробик (6 MET) зэрэг нь 20–30 насныханд илүү тохирохоор заасан байна. Мэдээж хамгийн эрсдэлгүй бөгөөд бүх насныханд тохирох нь АЛХАЛТ юм.
Хэрвээ зөвхөн алхалт таньд хангалтгүй санагдаад байвал бүжиг хийж болох юм. Таны сонирхолоос хамаараад ямар ч төрлийн бүжиг байж болно.
Тогтмол алхалт хийдэг хүний серотонин (стрессийн эсрэг хүчирхэг даавар), окситоцин (дотно байдлын үед ялгардаг учраас хайрын даавар гэж нэрлэдэг) зэрэг дааврууд ялгарснаар аз жаргал, баяр хөөрийг мэдрэхээс гадна өөдрөг хандлагатай болдог. Тогтмол алхахад цусны эргэлт сайжирч, мэдрэлийн хоорондох сүлжээг идэвхжүүлж, мэдрэлийн эсийн тоог хүртэл нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Гольфийн машин ашиглахгүйгээр гольф нэг удаа тоглоход дунджаар 10км зайг туулдаг ба хажуугаар нь өөрийн болон өрөөлийн оноог тогтоохоос гадна харилцан ашигтай яриа хэлцэл хийхэд толгой давхар ажилласнаар ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжирдаг.
Жинхэнэ удирдагч хүн өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарах учиртай бөгөөд үүнийгээ ч сайн мэддэг тул тогтмол алхдаг.
Баян хүн болохоор л өглөөнөөс орой болтол гольф тоглоод л, уул усанд алхаад л, аялаад л байгаа юм шиг ойлгох нь өрөөсгөл юм. Иймд амьдралаа баялаг болгохыг хүсвэл нэн түрүүнд алхаарай.
Эцэст нь амьд байгаа цагтаа тогтмол алхаж байх гэдгийг л ойлгуулахыг зохиолч эмч маань юу юунаас илүү хүссэн байна. Хүн гэдэг байгаль болон бусад хүмүүстэй харилцдаг бодгаль юм. Тиймээс тархиа залуу хэвээр хадгалахын тулд алх. Алхаж чадахааргүй тэргэнцэртэй байлаа ч хөдлөхөө огтоос умартаж болохгүй.
Энэхүү номын агуулга, цар хүрээ, бичилт, ойлгомжтой байдал зэргийг харгалзан үзээд өөрийн зүгээс 8/10 оноогоор үнэлж байна.