Элон Маск хэмээх энэхүү номыг анх орчуулагдан хэвлэгдэж гарсан даруйд нь уншиж байснаа саяхан мэт санаж байна. Учир нь номын хэвлэлтийн алдаанаас дунд нь 20 орчим хуудас байхгүй байсны улмаас Hub innovation төв дээр байрлаж байсан номын орчуулагч дээр зорьж очин номоо солиулж байж билээ. Номыг сэтгэл хөдлөл, хүлээлт ихтэй уншиж дуусгаад таарсан хүн бүртэйгээ номын талаар ярилцаж, ээжийн дүү надаас номыг авч уншаад надтай ярилцаж, нэг нэгнийхээ хараагүй өнцгийг олж харж байснаа саналаа. Ном 2015 онд хэвлэгдэж байсан гэхээр түүнээс хойш номд гараагүй Элон Маскийн амьдралд маш олон өөрчлөлт, шинэчлэлтүүд гарсан нь тодорхой. Миний мэдэж байгаагаар twitter-ийн тодорхой хувийг худалдан авсан, мөн Дэлхийн хамгийн баян хүн болсон зэрэг олон арван сенсаци түүний эргэн тойронд хөвөрсөөр… гэхдээ энэ удаад зөвхөн номын тухай бичнэ.
Миний хувьд түүний амжилтууд дээр төвлөрөн уншиж байсан бол, ээжийн дүү надад анзаараагүй нэг өнцгийг тайлбарлаж хэлсэн нь түүний гарал үүслийн тухай, цус холилдсон байдал нь түүний энэ чанарт нөлөөлсөн талаар ярьсан юм. Үүнээс илүү миний сонирхлыг маш ихээр татаж, намайг мотивацлаж, олон арван ном унших сэдлийг өдөөсөн хэсэг нь түүний хүүхэд насны ном уншдаг байсан хэсэг нь үнэхээр галзуу. 14 настай Маск оршихуйн хямралд орж, хямралаа даван туулах гарцыг ихэнх гоц хүүхдүүдийн адилаар шашин, гүн ухааны ном бичвэрүүдээс хайсан. Ийнхүү хайсаар гүнзгий логик бүхий эрхэм зорилго өөртөө тавьсан нь: “Хийвэл зохилтой цорын ганц зүйл бол нийтээрээ соён гэгээрэхийн төлөө зүтгэх явдал.” хэмээн сэтгэжээ.
БИЕ, СЭТГЭЛ, ОЮУНЫ НЭГДЭЛ.
— Номын зохиолч анх SpaceX үйлдвэрт зочлох үед ханан дээр бичсэн байдлаар харсан гэж номын хэсэгт гарна. Энэ бичгийг би харах санаатай google-ээр хайгаад олоогүй 🙂
Элон өөрийгөө орчноос таслан, гүн бодолд орж ажилдаа онцгой төвлөрөх чадварынхаа талаар: “Нүднээс ирж буй дүрсэн мэдээллийг боловсруулах үүрэгтэй тархины нэг хэсэг маань давхар төсөөлөн бодох чадвартай юм шиг санагддаг. Одоо надад анхаарал хандуулах олон асуудал байдаг учраас миний тархи ингэж ажиллах нь багассан. Хүүхэд байхад бол ийм байдалд зөндөө ордог байлаа. Хүлээн авсан дүрсүүдийг цэгцэлдэг байсан тархины томоохон хэсэг маань ургуулан бодох дадалтай болсон.” хэмээжээ.
Арван настайдаа анхны компютераа авч, арван хоёр настайдаа анхны компютер тоглоомыг зохиож байсан гэдгээс харахад Элон Маск анхнаасаа онцгой байжээ.
Zip2 хэмээх компаниа цахиурын хөндийд байгуулж (google map-ын анхны хувилбар) эцэст нь Compaq computers компанид зарж 27 насандаа хувьдаа 22 сая доллартай болжээ.
Үүний дараа анхны санхүүгийн салбарын финтек болох PayPal-ыг байгуулж мөн 180 сая доллараар зарж баячуудын эгнээнд шилжихээс гадна, энэ үйл явдлаараа олонд танигдаж эхэлсэн.
Ингээд 2002 онд Калифорнид SpaceX-ийг байгуулсан бөгөөд олон жилийн уйгагүй зүтгэл, удаа дараалласан амжилтгүй хөөргөлтүүдийн эцэст дөрөв дэх хөөргөлт болох Falcon 1-ийг 2008.09.28-нд тойрог замд оруулж чадсан. Мэдээж энэ амжилт нь түүхэнд анхны хувийн сансрын компани SpaceX хэмээн тэмдэглэгдэх болно. Үүнээс цааш ангараг гарагийг колончлох төслийн талаар яригдаж эхэлнэ.
2003 онд үүсгэн байгуулагдсан Tesla motors цахилгаан машин үйлдвэрлэгчийн дийлэнх хувьцааг худалдан авснаар Элон Маск ТУЗ-ын дарга болсон. Model S, Model 3, Model X, Model Y гээд загваруудыг tesla.com сайтаас нь харж болно. Элон Маск өмнөх амжилттай зарсан старт-ап компаниудын адилаар Tesla-г зарах бодолгүй байсан бөгөөд санхүүгийн хүндрэлээс гарахын тулд өөрийн сайн найз Google компаний үүсгэн байгуулагч Ларри Пэйжтэй 2013 онд уулзаж үүссэн нөхцөл байдлынхаа талаар илэн далангүй ярилцаж, энэхүү хүндрэлээс гарахад туслахыг хүссэн. Харин Ларри Пэйж Элоноос Tesla-г 6 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан байдаг.
Дэлхийн дулаарлын эсрэг SolarCity нь нарны хавтан борлуулалтаараа танигдаад зогсохгүй Tesla motors цахилгаан машины цэнэглэлт зэрэгтэй маш утга учиртай холбогдоно. Өөрийн амьдрах байшин болон унах машинаа нарны цахилгаан эрчим хүчээр шийднэ.
Үүнээс гадна 600 км зайтай хоёр хотын хооронд 30 минутанд зорчих Hyperloop төслийн талаарх галзуу мэт санаанууд Элон Маск шиг задгай сэтгэдэг хүмүүсээс л гарах бөгөөд одоо цагт ч үргэлжилсээр байгаа түүний олон сенсаци мэдээлэл койны ертөнцийг хүртэл доргиогоод авсан. Зохиолч Ашли Вансын хувьд этгээд сонин ааш авиртай Элон Масктай олон цагийн ярилцлага хийснээс гадна, түүний эргэн тойрны 200 гаруй хүнтэй уулзаж ярилцсан ярилцлагаас энэхүү гайхалтай ном бичигджээ. Номын үргэлжлэл гэж хэзээ нэгэн цагт бичигдэнэ гэдэгт уншигчийн хувьд бат итгэлтэй байгаа.