Зорилго бол мөсөн уулын ил харагдах зөвхөн оройн хэсэг. Харин арга зам бол түүнд хүрэх нүдэнд тэр бүр үзэгдээд байдаггүй далд үйл явц. Уулын оройд хүрэх арга зам маш олон. Харамсалтай нь ихэнх хүн уулын оройд хүрснээр л аз жаргалыг мэдрэх мэтээр одоогийн бүх аз жаргалаасаа татгалзах хандлагатай байдаг. Тэгвэл уулын оройд гарсны дараа яах вэ? Ингээд л боллоо гэж үү? Давааны цаана даваа гэж Монголчууд ярьдаг. Нэг уулын оройд гарахад дараагийн уулын орой харагдана. Түүний цаана дараагийнх гэх мэт. Товчхондоо зорилго мэдээж чухал, гэхдээ түүнээс илүү арга зам яг одоод чухал юм гэсэн санааг зохиолч оновчтойгоор хэлж өглөө. Энэ бүх аргачлалыг ойлгоход хүнд яг ямар хэмжээний амьдралын цохилт хэрэгтэйг тодорхойлох аргагүй. Зохиолчийн хувьд сонголтгүйгээр өөрт учирсан хүнд бэрхшээлээс өдөр тутмын энгийн дадал зуршил, түүнийгээ үргэлж тордсон тогтмол сайжруулалт үйл ажиллагааныхаа ачаар гарч чаджээ. Цаашлаад өөрийн туулж мэдэрсэн арга замыг төөрч яваа олон хүнд чиглүүлэгч болгохоор энэ номыг бичихийн хажуугаар маш олон нийтлэл, илтгэл зэргээр түгээн дэлгэрүүлж байгаа аж.
Номыг унших явцад дадлыг маш олон байдлаар тодорхойлсон байдаг. Мэдээж ойлгуулчих санаатай л олон талаас нь бичдэг байхдаа. Тэдгээр тодорхойлолтуудаас сонирховол: “Дадал бол хангалттай олон удаа давтагдсаны дүнд автомат болсон зан үйл юм.” гэсэн байхад бас өөрөөр “Дадал хэвшил бол хүүгийн хүү бодогдсон өөрийгөө төгөлдөршүүлэх үйл. Дадал хэвшил тогтоох нь өөрийгөө олох явц юм. Өөрөөр хэлбэл дадал хэвшил гэдэг таны хувь хүнийг өөрчлөх зам болохыг харж болно.” хэмээжээ.
“Ухамсаргүй үйлдлийг ухамсарт үйлдэл болгохоос нааш тэр таны амьдралыг удирдан залж, та түүний эрхшээлд амьдрах болно.”
— Карл Юнг
Зохиолч маань аливаа дадал зуршлыг шинээр бий болгох болон муу дадлаас ангижрахын тулд дараах дөрвөн хуулийг боловсруулсан аж. Энэ үндсэн дөрвөн хуулийг хэрэгжүүлэх олон арван жишээг маш ойлгомжтойгоор дэлгэрүүлэн бичжээ.
Хүнд ХАРАХ, сонсох, үнэрлэх, хүрэлцэх, амтлах мэдрэмжүүд байж орчин тойрныг таньж харилцдаг. Хүний биед ойролцоогоор арван нэгэн сая мэдрэлийн эс байдаг бол эдгээрийн арван сая нь ХАРАХ мэдрэхүйд үйлчилдэг гэхээр хамгийн хүчирхэг мэдрэхүй болж таарах нь. Тиймээс л нүдэнд ил байгаа зүйлс хамгийн хурдан дадал болох магадлал өндөр аж. Жишээ нь ном их уншдаг болоход олон номтой номын сантай байвал ном унших СЭДЭЛ төрнө. Еврэй айлууд хамгийн багадаа зуун номтой орчинд хүүхдүүдээ өсгөдөг гэж нэг номноос уншиж байсан санагдана.
Орчин нөхцөлийг холиод эхлэхээр дадал зуршлууд холилдоод муу зуршил ялах боломж ихтэй болдог. Жишээ нь гар утсаараа юм бүхнийг хийгээд эхлэхээр ганц ажилтай түүнийг холбоход хэцүү болно. Бүтээлч баймаар байвч нийгмийн сүлжээ, мессенжер, мэйл шалгах, тоглоом тоглох, бичлэг үзэх гээд өдөөгч сэдлүүдийн холион бантан болж хувирна. Аль болох бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Гал тогоонд хоолоо иднэ, унтлагын өрөөнд унтаж амарна, ажлын өрөөнд зөвхөн ажлаа хийнэ гэх мэт.
Эхний ээлжинд өөрийн одоо байгаа өдөр тутмын дадал зуршлыг ямар нэгэн цензүргүй бодит байдлаар нь бичээд, дараагаар нь ард талд нь эерэг дадал бол (+), сөрөг дадал бол (-), хэвийн дадал бол (=) гэх маягаар тэмдэглэх аж. Ингэснээр таны дадлуудын хооронд гинжин хэлхээ үүсэх бөгөөд эдгээр нь хэзээ, хаана үйлдэгдэх зэргээр нарийн тодорхой болно.
Дадлын овоолгын томьёог хэсэг хараад надад блокчэйний нэг шинэ блок үүсч байгаа мэтээр орлуулан ойлгож болмоор сонирхолтой санагдсан. Өмнөх хуучин дадлын хэзээ, хаана гэдгийг hash утга болгоод шинэ блокт бас хэзээ, хаана гэсэн hash утга гарч ирснээр үргэлжлэн дараагийн блоктой буюу дадалтай hash утгаар зангилааг битүүлээд үргэлжлүүлж болмоор фантааз санаа төрсөн.
Ижилхэн хүмүүсийн хүрээлэлд орохоос илүүтэй таны санаа зоригийг тэтгэх зүйл үгүй.
Дадал гэдэг нэвтрэх цэг болохоос бус төгсгөлийн цэг биш. Өөрөөр хэлбэл таны анх гаргасан сонголтоос шалтгаалдаг. Мөн сонголт дотор юу байгаагаар хязгаарлагдана. Гол зүйл нь таны дадал аль болох амархан аргаар эхлэх боломжийг нээхэд чиглэнэ.
Энгийн дадал номыг уншиж дууссаны дараа би номын тэмдэглэлээ бичиж medium-д оруулна. Нэг үгээр энийг ДАДЛЫН МӨРДЛӨГ хэмээн нэрлэдэг аж. Дадлын мөрдлөгөө цааш улам задлан дэлгэрүүлбэл: Би ном уншина, унших явцдаа тэмдэглэж авна, мөн номын тэмдэглэлдээ зориулж зураг авна, номын талаар өөр эх сурвалжаас судална, мөн тэмдэглэлээ medium-д эмхэтгэн оруулна.
Энэ жил 150 ном унших зорилт өөртөө тавиад явж байгаа ч одоогоор төлөвлөгөөт хугацаандаа буюу 2.4 хоногт нэг ном унших хугацаанаасаа одоогоор хоцорсон харагдана. Гэхдээ санаа зоволтгүйгээр ӨӨРИЙГӨӨ ХҮЧЛЭХ замаар гинжин хэлхээг таслахгүй цааш үргэлжлүүлэх болно.
Өөрийгөө хүчлэх арга бол ирээдүйд хийх үйлдэл илүү сайн байг гэсэндээ таны одоо цагт хийсэн сонголт юм.
Цаашлаад унших номын тоонд хэт ач холбогдол өгөх нь дадлын мөрдлөгийн ач холбогдлыг алдагдуулаад зогсохгүй, чанаргүй худал хуурмаг, цаг үрсэн хэрэг болохыг бас анхааруулжээ.
“Хэмжээ нь зорилго болохын цагт энэ хэмжээ нь сайн хэмжээ байхаа болино.”
— Эдийн засагч Чарльз Гүүдхарт
Хэрэв би 2.4 хоногт нэг удаа номын тэмдэглэлээ medium-д оруулахгүй тохиол бүрт эхнэртээ, хүүхдүүддээ 50,000 төгрөгтэй тэнцэх хүссэн юмыг нь авч өгнө. Үүнийг ДАДАЛ ЗУРШЛЫН ГЭРЭЭ хэмээн нэрлэдэг аж. Таныг хэн нэгэн харж, хянаж байгааг мэдэх нь урамшуулах хүч болох боломжтой.
Сайжруулна гэдэг нь зүгээр л нэг дадал хэвшүүлэхийн нэр бус түүнд бас нарийн засал хийхийн нэр. Эргэцүүлж тунгааснаар та цагийг зөв зүйлд зарцуулж, өөрийн хувь хүнийхээ зан төлвийн чанарыг дахин нэг тольдон харж, шаардлагатай тохиолдолд багц засварыг хийнэ.
“Өөрийнхөө хувь хүний чанарыг жижиг хэвээр нь байлгах хэрэгтэй.”
— Хөрөнгө оруулагч Пол Грахам
Өөрөөр хэлбэл өөрт буй ямар ч чанарыг өөрийнхөө давуу чанар болгохоос зайлсхийх хэрэгтэй. Зөв сонголт хийж чадвал таны мөн чанар эмзэг хэврэг гэхээсээ уян хатан болж төлөвшинө. Ус саадыг тойрч урсдаг шиг, таны мөн чанар өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай тулгарахаас илүүтэй зохицож ажиллана.
Өөрт оноогдсон энэ богинохон амьдралдаа зөв үйл олныг хийж дадах, буруу муу дадал зуршлаас ангижрах нь хичнээн утга учиртай болохыг үгээр хэлэх боломжгүй ч, таны амьдралыг туулсан туршлага, дадал зуршил тань энэ бүхнийг таны өмнөөс хангалттай хэлээд өгнө.