Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Хэзээ [Даниел Х. Пинк]

Аливаа зүйлсийг хэрхэн хийх талаар олон заавар зөвлөмж байдаг бол энэ номын хувьд тийм зүйл өгүүлэхгүй. Харин хэзээ хийх нь хамгийн тохиромжтой талаар олон төрлийн судалгаан дээр үндэслэн бичжээ. Үүний тулд бидэнд цаг хугацааны талаарх ойлголт маш чухал. Мөн та өөрийгөө ямар төрлийн хүн болохоо зөв тодорхойлсноор ажлын уялдаа холбоогоо олно. Номыг унших явцад өөрт хэрэгтэй гэж бодсон хэдхэн санааг сийрүүлэн бичлээ.

ӨГЛӨӨ

Өглөө босоод хамгийн түрүүнд ус ууж занших, өглөө сэрснээс хойш хамгийн багадаа 90 минутын дараа кофе уух, өглөөний нар бол тэр чигтээ амин дэм, аливаа шинэ зүйлд суралцах процесс өглөө хамгийн үр дүнтэй аж.

Өглөө дасгал хийх нь хоол идсэний дараа юм уу, үдээс хойш хийсэн дасгалыг бодвол өөхийг 20 хувиар илүү шатаадаг. Зүрх ачаалласан дасгал хөдөлгөөн (гүйх, усанд сэлэх) нь сэтгэл санааг өргөж өгдөг. Тиймээс өөдрөг байдлаа өдрийн турш удаан хадгалахыг хүсвэл өглөө дасгал хийх нь оновчтой.

ӨДӨР

Өдрийн унтлага нь хоёр том ач холбогдолтой. Нэгт оюун бодлын үйл ажиллагааг сайжруулдаг. Хоёрт бие сэтгэлийн эрүүл мэндийг тэтгэдэг. Мөн олон талаар тархинд эерэг нөлөө үзүүлнэ. Өдрийн унтлагыг 10–20минутын хооронд хийхэд хамгийн сайн үр дүнтэй. Ойролцоогоор өглөө сэрснээс 7 цагийн дараагаас уналттай үе эхэлдэг бөгөөд яг энэ үед кофе (кофейн) уугаад 10–20 минут унтаад сэрэхэд супер сэргээш болдог байна. Учир нь уусан кофейн нь хүний биед 25 минутын дараагаас үйлчилж эхэлдэг байна. Та ч өдрийн богино унтлаганаас сэрж таарах нь. Үүнийг nappuccino = nap (өдрийн богино унтлага) + cappuccino (нэг төрлийн кофе) гэж нэрлэдэг.

ЗАВСАРЛАГА

DataTime нэртэй компани өөрсдийн цуглуулсан мэдээллийн сандаа үндэслэн ажил амралтын алтан харьцааг 52 минут ажиллаад, 17 минут амрах нь хамгийн үр дүнтэй гэж үзжээ. Амрахдаа байгальд хэн нэгэнтэй ярилцаж алхах нь төгс хувилбар болно.

Байгууллагууд ажилчдынхаа өдрийн хоолны завсарлагааг хийхдээ ажлаас бүрэн хөндийрөх боломжийг олгож, ажлын бус орчныг бий болгож, амрах орон зайг тусгайлан гаргаж өгөх ёстой хэмээн сүүлийн үеийн судлаачид нэгэн дуугаар хэлэх болжээ. Цаашлаад бид хүүхдүүдээ өсөж дэвжүүлэхийг хүсвэл анги танхимаас нь гаргаж, аль болох их завсарлага өгч байх хэрэгтэй.

Бясалгах нь бүх завсарлагын дундаас хамгийн үр нөлөөтэй бичил завсарлага юм. Бас нэг минутын дотор амьсгалын дасгал хийснээр бодол санаа цэгцэрч, стрессийн гормон буурдаг. Мөн чухал царайлахаа зогсоогоод богинохон хэсэг дуу сонсож, комеди үз.

ҮДЭЭС ХОЙШ

Хүмүүсийн биеийн хэмнэлийн төрлөөс үл хамаараад үдээс хойшийн цаг бидний мэргэжлийн ур чадвар болон ёс суртахууны байдалд сөргөөр нөлөөлдөг байна.

Үдээс хойш эмнэлгийн үйлчилгээ авах нь эрсдэл өндөртэй. Эмнэлгийн ажилчид гар угаах байдлаа умартах нь өглөөг бодвол үдээс хойш 38 хувь илүү байлаа.

Спортын амжилтаа ахиулах, тэмцээн уралдаанд амжилт гаргах магадлалтай цаг нь өдөр юм уу, оройн цагаар байдгийг судалгаа харуулжээ.

Эцэст нь амьдрал гайхалтай зүйлсээр дүүрэн. Одоо байгаа таны нөхцөл байдал, таны хүссэнээр энэ амьдралд тань бий болсон гэдгийг сана. Аз тохиол таныг гэж ирсэнд таларх. Таны амьдрал санаснаас тань гайхалтай байж болох юм.

Бусадтай нэгэн зэрэг ажиллаж, үйлдэл хийх нь хүнийг бие махбодын болон сэтгэл санааны хувьд дэмжиж, илүү аз жаргалтай болгодог.

Утга учиртай, сайн сайхан амьдралд хүрэхэд зөвхөн одоо цагт амьдрах хангалтгүй бөгөөд цаг хугацааг бүхлээр нь ойлгох хэрэгтэй. Цаг хугацааны дунд бид гээгдсэн юм биш биз! Бид хэн бэ? Яагаад энд байна вэ?