Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Жаргалтай болох зориг [Кишими Ичиро, Кога Фумитакэ]

Ад үзэгдэх зориг номын үргэлжлэл болохоор маш их сонирхол татсан ном. Өмнөх номын адил философич, залуу хоёрын харилцан яриагаар үргэлжилнэ. Гэхдээ энэ удаад тэд философичийн гэрт үүр цайтал ярилцсаны эцэст ямар дүгнэлтэнд хүрсэн бол гэдэг тун сонирхолтой санагдана.

“Хүндлэл гэдэг бол тухайн хүнийг байгаагаар нь харж, давтагдашгүй цор ганц оршихуй болохыг нь ойлгох чадвар юм.”

Эрих Фромм

Энэ номонд Эрих Фроммын талаар хэд хэдэн удаа гарахыг бодоход Адлерийн сэтгэл судлал нь түүний онолтой нэг шугам дээр оршдог байх гэлтэй. Нилээд дээхэн үед би Эрих Фроммын “Хайрлах урлаг” номыг уншиж байснаа эргэн санасан юм. Хайрын талаар бид тун өөр бодолтой байж мэдэх талаар уг номонд тун тодорхой гардаг. Цаашлаад Эрих Фромм мөн “Хүндлэл гэдэг бол тухайн хүнийг өөрийнхөөрөө өсөн хөгжихөд санаа тавих явдал юм.” гэж тодорхойлсон байдаг. Ярилцлагын эхэнд философич, залуу хоёр хүндлэлийн талаар нилээд өргөн хүрээнд ярилцана. Философич маань өөрийн хүүхдүүдийг яг л энэхүү хүндлэлийн аргаар гардан өсгөн хүмүүжүүлсэн гэхээр тун догь сонсогдоно.

  • Айдас халддаг, зориг ч халддаг. Хамгийн сонирхолтой нь хүндлэл бас халддаг.
  • Хүндлэлийн бөмбөг нь хэзээд шидсэн хүндээ л буцаж ирдэг учиртай.
  • Аливаа хүн хоорондын харилцааны анхны алхам нь хүндлэл юм.

Бид бүгд л өнгөрсөн амьдралынхаа хувьд зохиолын найруулагч, гол дүр нь бөгөөд одоогийн би хүнээ өнгөрснөөр зөвтгөх шаардлагатай тул дур зоргоороо зохиож эхэлдэг байх нь. Шуудхан хэлэхэд өнгөрсөн бидэнд огт хэрэггүй бөгөөд түүнийг өөрийн амьдралаас булшилж орхиод шинэ би-дээ боломж олгох хэрэгтэй. Энэ процесс нь мэдээж хэцүү болохоор ихэнх хүн одоогийн байдлаа буюу “энэ хэвээрээ байхад болно” гэдгээ зөвтгөх шалтгаан хайж амьдрах болдог. Дахин хэлэхэд өнгөрсөнөөс аваад байх зүйл огт байхгүй. Тиймээс өнгөрснөөс өөрийгөө 101% чөлөөлсний дараа л аз жаргал гээчийг 100% ойлгох боломжтой.

“Та бусдын хүлээлтийг хангахын тулд амьдарч буй биш. Бусад ч таны хүлээлтийг хангахын тулд амьдарч буй биш.”

Адлер

Бид болон бидний үр хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдралыг үзэх үзэл нь хүн хоорондын буруу харилцаанаас болж хэрхэн гэмтэж бэртдэг вэ? Бид хүүхэдтэйгээ хүндлэлтэй харилцаж чаддаг уу? Хэвтээ харилцааг эрхэмлэж чаддаг уу? Эсвэл босоо харилцаа буюу дээрээс зандарсан, удирдсан харилцааг илүүд үздэг үү? Эцэст нь та хүүхэддээ хэр зэрэг итгэдэг вэ?

Жинхэнэ итгэл бол хэзээд өөдрөг, идэвхтэй үйлдэл байдаг.

Буруу үйлдлийн таван шат

1. Магтаал хүсэх

Магтаал хүлээж авахгүй л бол хийхгүй буюу шийтгэл оноох хүн байхгүй бол бурууг ч хийхэд бэлэн болтлоо үзэл бодол нь өөрчлөгддөг.

2. Анхааралд өртөхийг хүсэх

Магтуулахаас ангижрах зориг дутсан үед магтуулахгүй байсан ч яах вэ, юутай ч ялгарч харагдъя гэж бодно.

3. Эрх мэдлийн тулаан

Хэнд ч захирагдахгүй, харин бусдыг өдөөн хатгаж, дайралт хийнэ гэсэн үг. Дайралтад ялснаараа өөрийн хүчийг харуулж, онцгой байр суурьтай болох гэнэ.

4. Өшөө авалт

Эрх мэдлийн тулаан хийсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй, онцгой байр суурьгүй үлдсэн хэсэг нь өшөө авахаар төлөвлөнө. Магтаал хүсэх, анхаарал хүсэх, эрх мэдлийн тулаан зэрэг нь намайг хайрлаж, хүндэл гэсний илрэл дохио байсан. Гэвч бүтээгүй учраас эрхэм нандин би-г нь хүлээн зөвшөөрөөгүй нэгнээс хайрын өшөө авна. Мөн өөрийгөө гэмтээх, гэртээ бүгэх зэргийг Адлерийн сэтгэл судлалд өшөө авалтын нэг хэлбэр гэж үздэг.

5. Чадваргүйгээ батлахаар зүтгэх

Амьдралд цөхөрч, өөрийгөө үзэн ядаж, юу ч шийдэж чадахгүй хэмээн өөртөө итгүүлж орхино. Тэгээд илүү их шаналж эмзэглэхгүйн тулд аливаа асуудлаас тойрч зугтдаг болох. Цаашлаад зориуд тэнэг хүн мэт аяглаж, юу ч хийх сэтгэлийн тэнхээгүй болж, энгийн хялбар асуудлыг ч шийдвэрлэе гэхгүй, төд удалгүй өөрийн тэнэг би-дээ итгэж орхино.

Мэдээж бүх л эцэг эх, асран халамжлагч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг сайн хүн болгож өсгөх зорилготой байдаг байх. Гэтэл өнөөг хүртэлх бидний харилцаа энэ бүхний эсрэг байсан бол яах уу? Тэгвэл бид өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байж мэдэх юм. Өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлаж үл чадна. Өөртөө итгэлгүй бол бусдад итгэж үл чадна. Ихэнх томчууд бас өөрийн сул дорой, золгүй, уй гуниг, таагүй орчин, урьдын сэтгэлийн шархаар “зэвсэг” хийж бусдыг хянах гэж зорьдог. Ийм томчуудыг “танхил хүүхдүүд” хэмээн нэрлэх нь бий.

Хувиа хичээсэн хүн гэдэг нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй, ямагт санаа зовж явдаг учраас өөрөөсөө өөр хүнийг анхаарахаа больдог. Бие даах бол хувиа хичээхээс ангижрах явдал юм. Эрхэлж өссөн хүүхэд ахуй насныхаа хэв маягаас салахгүй бол болохгүй. Би-гээс, ертөнцийн төв байхаас ангижирч, нийгмийг сонирхож мөн бусдыг сонирхож эхэлснээр өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл “Бид” бүхэн хайрын дор “Би”-ээс ангижран бие дааж, жинхэнэ утгаар ертөнцийг хүлээн зөвшөөрөх учиртай юм. Бид бүхэн бусдыг хайрласнаар сая нэг том хүн болдог. Хайр бол бие даахын нэр. Том хүн болохын нэр. Цаашлаад амьдралд хандах хандлага, хэв маягийн асуудал юм. Хүн өөрчлөгдөж чадна. Амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, амьдралаа өөрчилж чадна.

Амьдралын сорилт хийгээд шийдвэр нь заавал тэмдэглэлт ойн баяр, шалгалт шүүлэг, ажилд орох, үр хүүхэдтэй болох, гэрлэх зэрэг онцгой өдрүүдэд л ирдэг юм биш. Бидний хувьд онцын сонин зүйлгүй эгэл жирийн өдрүүд ч сорилт болж яг одоо, энэ мөчид биднээс шийдвэр нэхэж байдаг.

“Хайр бол итгэл үнэмшлийн үйлдэл бөгөөд өчүүхэн итгэл үнэмшилтэй хүн өчүүхэн л хайрлаж чадна.”

Эрих Фромм

Адлер байсан бол энэ “итгэл үнэмшил” гэдгийг зориг болгож өөрчлөх байсан биз. Тиймээс өчүүхэн зоригтой учраас өчүүхэн л хайрлаж чадна. Өөрөөр хэлбэл хайрлах зориг буюу жаргалтай болох зориг юм.

Бидэнд оногдсон цаг хугацаа хязгаартай. Нэгэнт л хязгаартайгаас хойш бүхий л хүн хоорондын харилцаа нь “хагацал” хэмээх угтвар нөхцөл дээр тогтдог. Үнэхээр ч бид бодит байдал дээр хагацаж салахын тулд учирдаг. Тиймээс бидний хийж чадах ганц зүйл бол аливаа бүх учрал хийгээд хүн хоорондын харилцаанд цаг ямагт сэтгэл зүрхнээсээ хандах л юм. Тиймээ, дэргэд буй хүнийхээ гараас хөтлөн “яг одоо, энд” өөрийнхөө хамгийн сайнаар бүжиглэ.

Бурхан минь, та надад өөрчилж үл болох зүйлийг хүлээж авах тайвшрал, өөрчилж болох зүйлийг өөрчлөх хүч зориг хийгээд энэ хоёрыг хэзээд ялгаж салгах ухаан хайрла.

Нибурын залбирал