Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Ажилдаа амжилтыг уургалахуй [Д.Энхбат, П.Гандолгор]

Хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор өөрийн ментор Д.Энхбат гуайд хамтран ном бичих санал тавьж зөвшөөрүүлснээр энэхүү ном бичигдэж бидний гар дээр иржээ.

Өдрийн хорин дөрвөн цагийн найман цагт нь унтаж, үлдсэн цагийн идэвхитэй найман цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тэгвэл энэ номоор бид энэ идэвхитэй ажил дээрх найман цагийг хэрхэн амжилтын томъёо болгон хувиргаж болох талаар унших болно. Номын туршид П.Гандолгор зөвлөхийн бэлтгэсэн өөрөөсөө асуух асуултуудад заавал хариулаад явбал илүү үр дүнтэй санагдсан. “Ямар ажил намайг сэтгэл хангалуун байлгадаг вэ?” хэмээх эхний асуултаас эхлээд л тун гүн бодолд орсон доо.

ЗОРИЛГО

Хүн ямарваа нэгэн зорилгыг өөрийн гэж итгэсэн үеэс урамтай ажилладаг. Тиймээс компанийнхаа зорилгыг өөрийн зорилготой уяж, өөрийн болгож олж харах нь их чухал.

ЗАРЧИМ

Таны зарчим байгууллагын чинь зарчимтай нэгэн цул болж байвал та зөв газраа байна гэсэн үг. Товчхондоо зарчим нь юуг хийх ёстой, юуг хийх ёсгүй вэ гэдгийг зааглаж өгдөг. Өөрөөр хэлбэл зарчим нь зөв үйлдэл хийхэд жанжин шугам болдог.

Юунд итгэдэг, юу бодож байгаа, яг яах гээд байгаа нь тодорхойгүй өөх ч биш, булчирхай ч биш хүмүүстэй харьцах төвөгтэй. Харин эсрэгээрээ баримтлах зарчмаа (мөн үнэт зүйл, жанжин шугам) тодорхойлсон хүнтэй нэг хэлээр ярьж, ойлголцоход хялбар, хамтран ажиллахад үр бүтээлтэй байж чаддаг.

Хүн зарчимд суралцдаг. Зарим хүн эцэг эхээсээ, зарим хүн ном зохиолоос, зарим нь өөрийн гашуун туршлагаасаа суралцдаг.

  • Туйлбаргүй
  • Залхуу
  • Маргааш гэж хойшлуулдаг
  • Зорилгоо нарийвчлан гаргадаггүй
  • Цагаа төлөвлөдөггүй

Хэрэв танд дээрх таван сул талын дөрөв нь байгаа бол та “жинхэнэ Монгол хүн” мөн гэдгээ баталж байна. 3000 гаруй Монгол хүнийг хамруулсан судалгаанаас гаргаж авсан сонирхолтой давхцал аж.

“Хэрэв та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Юу ч болсон хамаагүй урагшлах хэрэгтэй.”

– Мартин Лютер Кинг, Энх тайвны Нобелийн шагналт, уран илтгэгч, эрх чөлөөний тэмцэгч

ТУУШТАЙ БАЙДАЛ

Баяж, сэтгэ номын зохиолч Напелион Хилл: “Тэвчээр, тууштай байдал хоёр амжилтад хүрэх гайхамшигтай хослол.” гэж хэлсэн байдаг.

Тууштай байхад саад болж буй зан чанарын жагсаалт:

  • Амархан бууж өгдөг
  • Зорилгоо ухамсарлаагүй
  • Цаг хугацааны үнэ цэнийг ойлгоогүй
  • Амьдралын хэвшил болгоогүй
  • Сэтгэлийн тэнхээ дутмаг
  • Өөрийгөө сахилга батжуулаагүй
  • Өөртөө итгэлгүй

Тэгвэл тууштай занд суралцахад дараах алхмын дагуу яваад үзье.

  1. Зорилгоо ухаарах
  2. Сахилга баттай байх
  3. Бодол санаагаа зорилгодоо чиглүүл
  4. Өөртөө урам өг
  5. Дадлын хүчийг ойлго

БҮТЭЭМЖ

Бүтээмжийг сайжруулах эхний дүрэм бол төлөвлөлт юм.

“Үг нисэн одож, цаас л үлддэг.” гэсэн үгийг санаж ажлын төлөвлөгөөг аль болох дэвтэртээ тэмдэглэж хэвших. Долоо хоног, сар, жилийн төлөвлөгөөнүүд аль болох хоорондоо уялдаа холбоотой байх чухал.

Бүтээмжийн хоёр дахь зарчим нь чанартай гүйцэтгэл.

  1. Тухайн ажлаа яаж хийх талаар аргачлал боловсруулахад анхаарах
  2. Уг аргачлалаар хэрхэн чанартай гүйцэтгэх тал дээр бүрэн төвлөрөх
  3. Тасралтгүй сайжруулах дадалд суралцах нэн шаардлагатай.

Бүтээмжтэй ажиллах гуравдугаар зарчим нь хурдтай ажиллагаа.

  1. Хурдтай үйлдэлд тань таны эрч хүч, энерги шууд нөлөөлнө. Иймд эрч хүч, энергиэ байнга сэлбэхэд суралцах хэрэгтэй.
  2. Аливаа ажлыг төлөвлөсөн хугацаандаа хийж дуусгах тэр товлосон хугацаагаар өөрийгөө шахах аргыг Паркинсоны хууль гэж нэрлэдэг.
  3. Нэгж хугацаанд хийх ажлын үр дүн болох хурдаа сайжруулах аргачлалуудад суралцах.

ЭНЕРГИ

Хүнд цаг хугацаа, эрч хүч (энерги), мөнгө, мэдлэг, нэр хүнд гэсэн нөөц баялаг байдаг. Үүнээс эрч хүчний талаар дэлгэрүүлбэл хүнд дөрвөн төрлийн энерги байдаг.

1. БИЕИЙН ЭНЕРГИ нь суурь энерги болж өгдөг. Энэ энергийг хоол хүнс болон дасгал хөдөлгөөнөөр олж авдаг. Энэ хоёр бол арга билгийн шүтэлцээнд оршин амьдралын урсгалыг бүрдүүлдэг. Амьдралын хууль бол орох, гарах урсгал, хоол хүнсээр орж ирсэн энергийг хөдөлгөөнөөр дамжуулж гаргана.

2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЭНЕРГИэ өндөр байлгахад амгалан тайван байдал хийгээд аливаад эерэг хандлагатай байх нь чухал. Бусдад талархах сэтгэлээс л энэ бүхэн эхэлдэг.

3. ОЮУН УХААНЫ ЭНЕРГИ гэдэг нь товчхондоо төвлөрлийн энерги юм. Тэгэхээр яг одоо хийж байгаа зүйлдээ зуун хувь анхаарах, байгаа орчиндоо зуун хувь оршиж сурах, цаашлаад төвлөрөлд бясалгал тун сайн дасгал болдог.

4. МӨН ЧАНАРЫН ЭНЕРГИйг дотоод эрч хүчний энерги гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл өөрийн дотор хүнээ сонсож сурснаар дуртай зүйлдээ цаг гаргах, үнэт зүйлсээ илүү тордсоноор өөртөө болон бусдад эерэг өөрчлөлт үзүүлж чадна.

“Чи чадах бүхнээ хий, бусдыг нь Бурханд даатга.”

– Дипак Чопра

Нойр бол энергийг нөхөх маш чухал цикл. Шөнийн нэгээс хоёр цагийн хооронд гүн нойронд орохын тулд хамгийн оройдоо 11 цагт унтсан байх ёстой. Учир нь хүн унтсанаас хоёр цагийн дараа гүн нойронд ордог байна. Гүн нойр авч чадсан хүн өглөө таван цагт боссон ч эрч хүчтэй, энергиэ бүрэн авсан байдаг аж.

Ус тогтмол ууж хэвших, тэгэхдээ хүйтэн ус биш аль болох бүлээн ус уух нь сайн. Цаашлаад эрч хүч өгдөг ном, эрч хүч өгдөг радио, эрч хүч өгдөг лидерүүд, эрч хүч өгдөг найзуудыг сонгоорой. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаагаа ухамсартайгаар төлөвлөх хэрэгтэй.

САНААЧЛАГА

Ажлаа дүгнэх бол ажил хэрэгч хүний хувьд үндсэн ажлын хэсэг. Цаашлаад санаачлагатай, суралцагч нэгэн байх хэрэгтэй.

“Та хөгжихгүй бол урагшлахгүй, дороо ч эргэлдэхгүй бүр ухардаг. Ухрах тутам урууддаг. Иймд уруудахгүй байхын тулд тасралтгүй хөгж.”

– И Мен Баг, Хьюндай групп

Шинэ санаа гаргах таван арга

  1. Холбогдолгүй зүйлсийг хооронд нь холбож, дундаас нь ямар нэг шинэ санаа гарч болох талаар бодож сурах. Ж нь: Бидний мэдэх apple нь гар утас, интернэт, хөгжим тоглуулагч гэх гурван тусдаа бүтээгдэхүүнийг нэгтгэж чадсан. Компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс өөрийн алдарт илтгэлдээ “Амьдрал бол цэгүүдийн холбоос” гэж хэлсэн байдаг.
  2. Таны гаргасан шинэ санааг тодорхойлох шинэ үг, хэллэг зохио. Ж нь: Nike — Just do it
  3. Тэрслүү санаа ол.
  4. Өөрт тулгарч байгаа асуудлаа шийдэл болго.
  5. Өөрөөр яаж хийж болох талаар төсөөлөн бод.

ӨӨРЧЛӨЛТ

ӨӨРЧЛӨЛТ БОЛ ЕРТӨНЦИЙН ХУУЛЬ.

“Цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон яг тэр мөчид би өөрийнхөө тэвчээрийн хязгаарыг тэлдэг байсан. Миний амжилт аз дээр биш тэсвэр хатуужил дээр тогтсон юм.”

– Исти Лаудер, Исти Лаудер

“Усан дээр хөвж байхын тулд үргэлж хөл гараа хөдөлгөж байх хэрэгтэй.” гэдгийн адилаар одоо үед хүн суралцахаа болингуут л живдэг. Учир нь өнөөдөр бүх юм маш хурдтай өөрчлөгдөж, өрсөлдөөнтэй болж байна. Дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтний амьдралыг технологи, шинжлэх ухаан хурдтай өөрчилж байна. Тиймээс тасралтгүй суралц. Тасралтгүй суралцахыг амьдралын хэв загвар болго.