Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа [Харуки Мураками]

Энэ удаад эрчүүдийн дотоод ертөнцийн талаар хэмээн хэд хэдэн хүний тодорхойлсон номыг онцлон авч уншлаа. Харуки Мураками хуучны сонгодог модерн маягийн бичилттэй гээд өөрөө зохиогоод хэлчихэд нэг их буруудахгүй байх. Тэрээр шүүмж маягийн бичилт хийдэггүй, зохиолын төгсгөлийг үргэлж оньсого маягаар дуусгах дуртай мэт санагдлаа.

. . . Симамото бид хоёр хоёул айлын ганц хүүхдүүд. Бидний гэр хоорондоо ойр учир багш намайг түүнд туслахыг даалгав. Энэ цагаас эхлэн бид ойр дотно болсон. Тэдний гэрээр орж гардаг болсноор гэрт нь байх пянз тоглуулагчийг сонсох тун дуртайсан. Симамотогийн инээмсэглэл хичнээн үзэсгэлэнтэй гээч. Усан бассэйнд хичээллэж эхэлснээр бие хаа минь хөгжиж байгааг харах тун таатай. Хажуугаар нь ном уншиж, хөгжим сонсоно. Энэ байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Симамотогоос хойш намайг сонирхсон хүн бол Изуми юм . . .

. . . 25 жилийн дараа гэнэт Симамото миний ажиллуулдаг баранд хүрээд ирнэ гэж хэн санах билээ? Одоо би 37 настай, аль хэдийн эхнэр хүүхдүүдтэй болсон. Сэтгүүл дээр гарсан миний тухай мэдээллийг хараад олоод иржээ . . .

. . . Заримдаа бид хүсэл мөрөөдлөө гадагшаа хог гарган хаяж байгаа мэт л гээж орхидог. Хүсэл мөрөөдөл минь хоосон зай үлдээгээд холын холд замхран оджээ. Ийм төлөв байдалд дасан зохицохоос өөр арга үгүй. Эдүгээ би хэн нэгэнд хүсэл мөрөөдөл төрүүлэх хүндхэн үүрэгтэй үлджээ. Тиймээс чадлынхаа хэрээр зүтгэх болно . . .

Саяхан уншсан “Сүрчиг” номын Grenouille шиг хэн нэгэн бүсгүйн үнэрт татагддаг талаар гардаг хэсэг нь Хажимэг бусдаас арай өөр гэдгийг нь илэрхийлдэг. Бусадтай дотносож нөхөрлөөд байдаггүй. Айлын ганц хүүхэд гэх мэт олон зүйлийг нь зохиолд онцолсон байдаг. Магадгүй гол дүр маань Форест Гаамп шиг сургуульдаа өөр хүүхдүүдтэй бараг нийлдэггүй, харин Симамототой ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг байсан нь түүнийг мартахааргүй том орон зайг сэтгэлд нь үлдээсэн байж болох. Энэ зүгээр л таамаг төдий.

Ер нь бид амьдрал дээр бодит байдал, бодол санаа хоёроо яв цав тусгаарлаж чаддаг билүү? Хэрвээ бидний бодол санаа нүүрэн дээр үргэлж бичээстэй байдаг байсан бол бодлын цаана юу орших байсан бол? Хэлж мэдэхгүй л юм. Тэр бүх зүйлс магадгүй хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа л оршдог биз.