Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Амьдралын дөрвөн улирал [Жим Рон]

Энэ ном яг л сүүлийн үед дотор мэдрэгдэж, бодогддог болсон зүйлс мэдрэмжүүдийг өнгө будгаар ялгаж, уран зургаар илэрхийлэх мэт тод гаргаж ирж өгөх шиг боллоо. Бид бүхний өмнө тулгарч буй хамгийн гол үүрэг бол амьдралын байнга өөрчлөгдөж байдаг мөчлөгийг хувирашгүй үнэнчээр туулж өнгөрүүлэхэд суралцах явдал юм. Үүнийг өөр нэгэн номд ямар ч цаг агаартай үед жанжин шугамаа алдалгүй амьдарч сурах гэж хэлсэн байдаг санаанд буулаа. Хэрэв бид өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсвэл, бид өөрийнхөө зуршлыг, амьдралд хандах хандлагаа, итгэл үнэмшлээ, өөрийнхөө хичээл сургуулилтаа, амьдарч буй байр газраа тэр бүү хэл найз нөхдөө өөрчлөх ёстой. Мөн та өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хүмүүст хандах хандлага, өөрийнхөө сэтгэлгээ зуршлаа өөрчлөх ёстой.

Та бол юу ч хийхгүй зүгээр суухын тулд биш амьдралын газар шороо хэмээх хөрсөнд суулгагдаж замдаа тааралдсан бэрхшээл, саад тотгорын хүндрэлийг даван туулах замаар урагшилж, хязгааргүй боломж бүхий дээшээ цойлон ургаж гарахаар зориулагдсан Бурханы аугаа их бүтээл юм. Та одоо хөл дээрээ босож, өөрийнхөө ул мөрөө дэлхий ертөнцөд үлдээхээр шийдэж байгаа бол, дэлхий ертөнц танд хэрэгтэй үед чинь ил гарч ирнэ. Амьдралын өгөөмөр бэлгийг хүлээн авах заяатай хүмүүсээс тодрон гарч амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүсийг шалгаж туршихын тулд, амьдрал өөрөө шимэгч, хогийн ургамлыг бүтээсэн билээ. Амьдралын бүхий л зүйл тэр бүү хэл бэрхшээл, саад тотгор болгон өөрийн гэсэн ашиг тустай зорилго чиглэлтэй байдаг. Байнга оршин тогтнож ирсэн бэрхшээл, саад тотгорыг хүлээн авахад суралц. Бэрхшээл, саад тотгор нь хүмүүний хүчин чармайлтын тоо хэмжээг ихэсгэж байдгийг ойлгож ухаар. Бидний итгэл найдлага тэр бэрхшээл, саад тотгортой хамт өсөж үржиж байх тэр агшинд л хүмүүний хүчин чармайлт улам улмаар нэмэгдэж, амьдралд хандах бидний харилцаа сайжирдаг байна. Тиймээс бэрхшээл, саад тотгорт талархалаа дэвшүүл. Нэмээд хэлэхэд бэрхшээл, саад тотгор нь хүнлэг сэтгэлийг бэхжүүлэхэд ташуур болж өгдөг. Өөрөөр хэлбэл хүмүүний зан чанар үнэхээр бэрхшээл, саад тотгортой учирсан тэр үед л бүрэлдэн тогтдог.

“Амьдрал хялбархан байгаасай гэж бүү мөргөж залбир. Харин Бурхан танд бүр их бэрхшээл, саад тотгор илгээгээсэй гэж илүү их мөргөж залбир. Учир нь бэрхшээл, саад тотгор хоёр хүний зан чанарыг төлөвшүүлж, түүний зориг, дур хүслийг ялалт руу чиглүүлдэг.”

Нэгэн ухаантан

Нэг бэрхшээл, саад тотгорыг даван туулангуут түүний хоосорсон орон зайг нөгөө нэг бэрхшээл, саад тотгор дүүргэчихдэг. Бэрхшээл, саад тотгор дундуур амжилтанд хүрэх зам зурайж түүнийг даван туулдаг. Энэ бол амьдралын хууль. Эргэлзээ тээнэгэлзэл, айдас түгшүүр, сөргүү байдал, хомхой шунахай сэтгэл, аминчхан үзэл бодлын бололцоотой бүх эх үндсийг тас татах нь чухал. Учир нь одоог болтол энэ бүхэн оршин тогтнож байгаа цагт өөрчлөлт хэзээ ч гарахгүй. Амралтыг биш үйл ажиллагааг сонго. Хоосон санаа, элдэв маяглалыг биш чин үнэнийг сонго. Нус нулимастайгаа холилдох биш инээмсэглэхийг сонго. Бүх зүйлд шилдэг сайныг нь сонго, бүх боломжийг ашигла, хавар өөрийнхөө инээмсэглэлээр таны амьдралыг гэрэлтүүлэх тэр агшинд ажиллах боломжоо бүү алд.

Таны сэтгэлийг хүмүүс болон бусад үйл явдал шархлуулах үед өөрийгөө дэмжих зөвхөн ганцхан арга байдаг. Энэ арга бол өөрийгөө хөгжүүлэхэд урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр цөхрөлтгүй шаргуу хөдөлмөрлөх явдал юм.

Хүний хүч чадлын хязгааргүй боломжийг санал болгодог энэ дэлхий ертөнцөд хүн амьдралынхаа хугацаанд өөрийнхөө хүч чадлаар эд баялгийг оруулаад хамгийн үнэт хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чаддаг. “Эд баялаг — энэ бол муу зүйл биш, Харин ядуу зүдүү байдал л жинхэнэ муу зүйл мөнөөсөө мөн болой.” Ядуус ихэнхдээ өөрийнхөө авъяас чадварыг өөртөө ашиглахын оронд бурантагтай тэмээ адил бусад хүмүүст өөрийгөө ашиглуулаад дуусдаг.

Эцэст нь бид ганц л удаа амьдарна гэдгийг сайтар тунгаан бодоод ямар нэгэн сайхан зүйлийг бүтээцгээе.