Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Хол биш [Ч.Ганжавхлан]

Номын эхний хэсэг болох Гималайн уулсын адал явдлын хэсгийн бичилтүүдийн амин сүнс нь яг тухайн мөчид мэдэрсэн эмоци, үйл явц нь хол биш байсан болохоор ингэж буудаг байх гэмээр. Магадгүй уулнаасаа аль хэдийн бууж ирээд нутагтаа ирсний дараа бодоод бичсэн бол ийм хэмжээний амьд бичилтүүд гарахгүй байх ч боломжтой юм. Маш ихийг бодогдуулсан, яг нэг дутагдаад байсан зүйлийг яг энэ мөчид хийлгэж, эхлүүлж чадлаа. Баярлалаа, хичээнээ.

… Хүүхэддээ үнэтэй машин авч өгснөөс хэдийгээр зардал мөнгө нь хямд биш ч Гималай руу нэг аваад явчих юмсан гэж бодсон. Аль болохоор төөрсөн бужигнасан энэ хорвоод уусаад живчихээс нь өмнө бага насанд нь аваад явахсан

Номын хэсгээс

Аавынх хол бишээ… ямар сайхан бичээ вээ. Өнгөрсөн цаг хугацаанд алдаатай оноотой нь хамт энэ өчүүхэн амьдралын цаг хугацаагаа ямар хайр гамгүй үрэн таран хийж орхио вэ? Тэгсэн хэрнээ тэр энэ гээд цохоод хэлчих гавьяа үгүй мөртлөө гай бол ихийг л тарьж явжээ. Сүүлийн хэдхэн жил хичээх гэж оролдож байна гэж бодсон ч нэг л биш байгаагаа өөрөө мэднэ. Үр хүүхдүүд маань аав их л ууртай хүн байсан даа гэдэг ганцхан үгээр дурсан санадаг болчихвол яана вэ? Тэд маань ч бас хэдхэн жил л энэ гэр бүлдээ эрх дураараа байж байгаад амьдралын их далайдаа гарвал ядаж сэтгэл нь шархгүй хөнгөн байх болов уу? Бурхан бидэнд харамгүй ихийг өгдөг ч, энэ бүгд өөр өөрийн хугацаатай. Мэдэх юм алга, доорх үг л сэтгэлд их буулаа.

ХАЙРЛА, АМЖИЖ ХАЙРЛА, ӨДӨР БҮР ХАЙРЛА, АМЖИЖ ХАЙРЛА.

Хэдхэн хоногийн өмнө уулзсан нэг найз надад яг энэ үгийг хэлж байж билээ. Яг л нэг зүйл дээр гацчихаад байна гэж. Магадгүй түүний яриаг сонсоод бид хоёрын долгион таарсан байх. Тэр надад өөрийгөө эхлээд уучлах нь чухал юм байна лээ гэж хэлсэн. Бүр бага насныхаа өөртэйгөө очиж уулзаад түүнийг тэвэрч аргадаад, авахыг хүссэн зүйлийг нь өгөөд баярлуулаад явуул гэж хэлсэн санаанд орж ирлээ. Тиймээ зүгээр л өөрийгөө нэг удаа уучилаад, үлдсэн цаг хугацаандаа сайхан амьдарцгаая. Хүүхдүүд хоорондоо муудалцаж, орилж чарлаж л байг, гэр оронд тоглоом газраар нэг хөглөрч л байг, хүүхдүүд гэртээ толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийж л байг, тэдний өөрөөрөө байх боломжтой ганц орон зай шүү дээ. Зуусан шүдээ сулд нь орхиж өөрийгөө чөлөөлөөд, хорвоогийн өнгө будгийг ажиглаж үзмээр санагдлаа.

ЗҮГЭЭР Л ЭХЛЭХ

Хаха, маш солиотой, үүр цайтал хол биш гэдэг гарчиг гарч ирдэг юм байна, нээрээ л үүр цайж, гэрийн цонхоор Богд уул сүндэрлэн харагдана. Номтыг босгож шээлгээд буцааж оронд нь оруулаад, Түшигтийг хөнжил дээрх хөндлөн байрлалаас нь тэгшилж, хөнжил дотор нь орууллаа. Эргээд номын хавтсаа сөхөөд уншиж дуусахад тийм ч хол биш болсон учир даваа гарагийн өнөөдрийн нойрыг үгүй хийхээр эцэслэн шийдэв. Давхар тэмдэглэл хөтлөн явах тул шууд нэг амьсгаагаар номыг уншиж сууснаас тэс ондоо л доо. Хүүхдүүдээ унтуулаад л араас нь өөрөө тас үсрээд юун үүр цайлгах мантай хүн чинь өнөөдөр энэ номыг уншаад ганц аяга кофегүйгээр өглөөтэй золгодог юм байна.

НАР ГАРЛАА, НОМОО УНШИЖ ДУУСЛАА, ТЭМДЭГЛЭЛЭЭ Ч ОРУУЛЛАА, ШИНЭ ӨДӨР, ШИНЭ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ, УС Ч ИРЛЭЭ, АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР…