Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 1935 оны 7-р сарын 6-нд мэндэлсэн. Лхамо хүү гурван настай байхдаа Далай Ламын хойд дүрээр тодорчээ. Түүний эцэг эхээс өгсөн Лхамо Дондүв нэрийг халж, <уян зөөлөн, сүр жавхлант, хэлний эрхэт, сайн оюут, энэрэл билгийн далай> гэсэн утгатай Жамбал Агваан Лувсан Иш Данзан Жамц хэмээх шашны нэр хайрлав.
Түүхийг сөхвөл нийтийн тооллын 1042 онд Энэтхэгийн алдарт багш Адиша Дивангарагийн эхлүүлсэн шинэчлэлийг Түвд лам Зонхов (1357-1419) бүрэн утгаар хэрэгжүүлсэн юм. Зонхов богд Гэлүгба (Ариун буянт ёс) буюу Шар малгайтны урсгалыг XIV зуунд үндэслэжээ. 1587 оноос хойш сахил хүртэж, винайн ёсыг чанд мөрдөх ёстой сургуулийн дээд ламыг Далай Лам гэх болжээ. Сонирхолтой нь энэ цолыг Монголын эрэлхэг дайчин Алтан Хан анх олгож, Очирдарь (Ялагдашгүй нууц хүчийг эзэмшигч) Далай Лам нь Гэлүгба уламжлалын тэргүүн гэж тунхаглажээ. Далай гэдэг нь үлэмж буюу далай мэт гэсэн утгатай Монгол үг, Лам гэдэг нь мэргэн ухааны багш гэх утгатай бөгөөд нийлээд энэ цол нь Далай мэт мэргэн ухаантай багш гэсэн утгатай аж. 1641 он гэхэд Далай Лам нийт Түвдэд улс төрийн болоод шашны онцгой эрх мэдэлтэн болж чаджээ.
Найм, есөн зууны турш эмх замбараагүй байсан Түвдийг нэгтгэж чадахаас гадна төрийн бүтэц, тогтолцоог тодорхой болгосон V Далай Ламын том бүтээн байгуулалт болох Потала ордныг өнөөдөр Хятадын эрхшээлд буй Лхаст харж болно. V Далай Ламаас хойш тодорсон түүний долоон хойд дүр тийм ч үр нөлөөтэй байж чадаагүй. Тэгвэл XIII Далай Лам нь дөч гаруй жил шашин төрийн тэргүүн байх хугацаандаа уламжлалт байдалдаа хүлэгдсэн ард түмнийхээ аж амьдралд орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлсэн.
Буддизм болоод Түвдийн далдын ухаан, соёлын уламжлалыг онцолж үздэг Бон хоёр хоорондоо ихээхэн холилдож нийлснээр мухар сүсэг, ид шид хийгээд бясалгал, цэцэн мэргэн ухааны өнгө будаг алагласан өнөөгийн дүр төрх бий болжээ. Буддагийн айлдсан номлолыг товч дүгнэвэл “Хүн өөрөө өөрийнхөө аврал” гэсэн утгатай ажээ. Буддизмыг <яатха бхутам> буюу <жам өөрөө зам> гэсэн самгарьд нэр томъёогоор илэрхийлдэг.
1950 оны 5-р сарын 31-нд Хятадууд Түвдэд өөртөө засах хэмээх нэр төдий эрхийн гэрээнд гарын үсэг зурсан ч үнэн чанартаа бүх зүйлийг Бээжингийн хяналтанд оруулах далд зорилготой байжээ. Түвдийн нөхцөл байдал хурц байдалд орж Далай Лам цэргийн хувцас өмсөж, буу үүрэн өөрийн дагалдагсдын хамт нууцаар Энэтхэгийг зорьж улс төрийн оргнол хүссэнийг Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру Нью Дэли 1959 оны 4 сарын 3-ны өдөр парламентдаа мэдэгджээ.
Хятадуудын Түвдийг эзлэн түрэмгийлэхдээ хэрэгжүүлсэн арван долоон зүйлт гэрээнээс сонирхол татахуйц гурван хэсгийг сонирхуулья.
8. Түвдийн цэргийг Ардын чөлөөлөх армид алхам алхмаар нэгтгэн, дахин зохион байгуулж, БНХАУ-ын батлан хамгаалах хүчний нэг хэсэг болгоно.
9. Түвд үндэстний яриа болон бичгийн хэл, сургуулийн боловсролыг Түвд дэх бодит нөхцөл байдалтай уялдуулан алхам алхмаар боловсронгуй болгоно.
10. Түвд дэх бодит нөхцөл байдалтай уялдуулан, Түвдийн газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа арилжааг алхам алхмаар хөгжүүлж, хүмүүсийн амжиргааг үе шаттай сайжруулна.
Алхам алхмаар барьцаа ахиулсаар нэг мэдэхэд л Түвд гэдэг үндэстнийг уусган үгүй хийх гэдэг санааг далд бус бүр ил тод зарлан тунхаглажээ.
1989 онд Далай Ламд Нобелийн Энх тайвны шагнал хүртээснээр ганцхан Түвдийн ард түмний төлөө байсан Далай Ламын нэр хүнд Дэлхий дахины оюун санааны удирдагч болтлоо олон улсын тавцанд суга өсчээ. Ямар ч их түрэмгийлэл байсан хүч үл хэрэглэх бодлогыг тууштай баримтлан ирсэн. Мэдээж энэ хугацаанд маш их эсэргүүцэлтэй тулсан. Шинэ үеийн зарим Түвд залуу үе дундаж үзлийг эрс эсэргүүцэх хандлагатай байх боловч эцэстээ Том гүрний хаана ч хүрэхгүй нь тодорхой. Энэ байдлыг хамгийн сайн мэдэхийн хувьд түүнийг хэрвээ бүжигчин байсан бол нэг алхам ч буруу алхахгүй байсан. Аливааг үргэлж гүн гүнзгий ухаарч ойлгосон мэт харагддаг тэрээр хэзээ ч уур бухимдалтай байгаагаа нүүр царайндаа эсвэл биеийн хэлэмжээрээ харуулдаггүй гэж номд бичжээ. Үнэхээр л нэг л буруу алхмыг нь, нэг л буруу сэтгэл хөдлөлийг нь Бээжингээс хараад сууж байгаа биз ээ.
Энэ номыг уншаад эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг маш их ухаарлаа. Өвөр Монголын тухай нэг бус удаа гарч байгаа нь Хятадын эрхшээлд ялгаагүй орсон үндэстэн гэдгийг л хэлэх гэсэн бизээ. Далай Лам гэж яг хэн болох талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авлаа. Ингээд төгсгөлд нь түүний хэлсэн ишлэлүүдээс таалагдсан хэсгүүдээ оруулаад тэмдэглэлээ дуусгая.
Хэрвээ та эрдэм мэдлэг, боловсролтой бол таны оюун ухааныг хэн ч эзэлж чадахгүй. Эзлэгдсэн эх орноосоо гадна дүрвэгч хэмээгдэн амьдарч байгаа гэдэг үүднээсээ, бид оюун санааны хувьд эрх чөлөөтэй байх нь нэн чухал.
– Хорь гаруйхан насандаа Буддын шашин судлалаар гүн ухааны Докторын зэрэг хамгаалсан Далай Лам
“Хэн нэгэнд өс хонзон санах буюу нинжин сэтгэлгүй загнах тэр чинээгээр та сул дорой болж, өөрөө өөрийнхөө оюун санааг бузартуулсан мэт санагдана.”
Та оюунлаг байхын тулд шашин шүтдэг байх албагүй. Шашин голдуу тодорхой нэг сахилга батыг баримталж, тодорхой дүрэм журмын дагуу байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл энэ нь тодорхой нэг шашны итгэл үнэмшил дагах тухай юм. Нөгөө талаас, оюунлаг байна гэдэг нь өөрөөсөө илүү бусад зүйлсийн талаар ухаарч ойлгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эргэн тойронд байгаа бүхний мөн чанарыг ойлгож ухаарна гэсэн үг юм.
– Далай Лам
Хүмүүн биеийг олж төрсөн бусдыг өөрийнхөө оронд тавьж, тэднийг өрөвдөн хайрлах нь энэ ертөнцөд амьдрах цорын ганц арга бөгөөд цаашид ч ийм байх болно.