Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Вавилоны хамгийн баян хүн [Жорж С. Клэсон]

Вавилоны хамгийн баян хүн гэж уншихад л хамгийн түрүүнд шууд их хэмжээний мөнгө таны санаанд бууж байна уу? Тэгвэл энэ ном мэдээж их мөнгөтэй болох аргыг хэлж өгөх болно. Тэр дундаа зөв шударгаар хөдөлмөрлөж төсөөлшгүй эд баялагтай болоод зогсохгүй хамгийн дуртай зүйлээ аз жаргалтайгаар хийж, жинхэнэ утгаараа эрх чөлөөт хүн байх боломжтой тухай өгүүлдэг. Эхлээд номын алдартай хэсэг болох нимгэн түрийвчийг эмчлэх долоон аргыг товч танилцуулбал:

НИМГЭН ТҮРИЙВЧИЙГ ЭМЧЛЭХ ДОЛООН АРГА
1. Хэтэвчээ зузаалагтун

Олсон орлого бүрээсээ арван хувийг цааш нь хадгалдаг дадал өөртөө суулгахыг хэлнэ. Эд баялаг олох их аянд мордсон л бол олсон орлого бүхнийхээ (багадаа 10%) хэсгийг цааш далд хийх ёстой байдаг.
2. Зардлаа хяна
Бидний шаардлагатай зардал гээд байгаа зүйл зааг хязгаар тавихгүй л бол орлого өсөхийн хэрээр дагаад өсөж байдаг. Амьдралынхаа зуршил бүрийг сайтар ажигла. Төсөв гарган зардлаа тооцож, хэрэгцээт зүйлдээ мөнгөө зарцуул. Зугаа цэнгэл, хүсэл хэрэгцээнд мөнгө төлж болох ч орлогынхоо аравны есөөс бүү хэтрүүл. Өр зээлийн талаар бодоод ч хэрэггүй аж.
3. Мөнгөө үржүүл
Хадгалж байгаа мөнгө өсөн нэмэгдэхийг харах урамтай. Гэхдээ энэ нь сайн эхлэл хэдий ч бидэнд орлого авч ирэхгүй. Тиймээс идэвхгүй байгаа тэдгээр мөнгөө бэлчээр дэх мал сүргээ хариулах адил зоос нэг бүрийг нь хөдөлгөж ашиг ол. Эд баялгийн урсгал үргэлж түрийвч рүү чинь хандаж байх ёстой.
4. Эрдэнэсээ алдахаас сэргийл
Хөрөнгө оруулалтын анхны зарчим бол үндсэн хөрөнгийн аюулгүй байдал. Хөрөнгө оруулалтын урхинд уначихгүйн тулд өөрийнхөө ухаанд хэт найдаж, бусдад хөрөнгөө бүү даатга. Туршлагатай хүмүүсийн үгийг сонс, ухаант мэргэдтэй зөвлөлд.
5. Орон гэртээ хөрөнгө оруул
Өөрийн гэр оронтой хүнд ивээл хишиг арвин олддог. Аж төрөх зардал буурч, олсон орлогоо өөр олон сайхан зүйлсэд зарцуулах боломжтой болно.
6. Ирээдүйн орлогоо бататга
Өтөл буурай болохын цагтаа хүн гэгч гэр бүл нь түүнгүйгээр амьдрах нөхцөлийг бүрдүүлчихсэн, санаа зовохгүй тайван одох бэлтгэлтэй байх учиртай. Туулайн чинээ мөнгийг тогтмол хадгалж чадвал уулын чинээ болдог. Бид маргааш биш, харин өнөөдөр амьдарч байгаа учраас бүгдэд нь боломж бий.
7. Мөнгө олох арга ухаанаа сайжруул
Аливаа зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсвэл эхлээд хүсэх хэрэгтэй. Хүсэл тань эрмэлзлээр дүүрэн, басхүү тодорхой байх ёстой. Мэдлэг нэмэгдэхийн хэрээр орлого ч өснө. Хүний үйл хэрэг үргэлж өөрчлөгдөж, өсөн дэвжиж байдаг жамтай. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Тэр бүгдээс бидэнд туршлага үлддэг. Цаашлаад сурч судлахад цаг гаргаж, сурсан зүйлээ ашиглан өөртөө хөрөнгө оруулан хадгалсан хэдийгээ улам арвижуулж, хүүгийн хүүгээр өсөх системийг бий болгох хэрэгтэйг Аркад өөрийн багш Алгамишаас сурч үлджээ.

ХӨЛС ДУСАЛСАН ГАЗАР Л ХӨРӨНГӨ УРГАДАГ ЮМ.

– Аркад

МӨНГӨ ХҮҮЛЭГЧ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ, ӨР ЗЭЭЛЭЭС ХОЛ БАЙХ
Мөнгө хүүлэгчдээс аль болох хамаг хурдаараа зайгаа ав. Тэдний худал уянгат дуу таныг далайд живүүлэх болно. Өөрийгөө хүндэлдэггүй эрх чөлөөт хүн гэж байдаггүй юм. Харин өрөө төлдөггүй хүн өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Өр минь миний дайсан байж, харин итгэж зээлдүүлсэн хүмүүс бол миний анд нөхөд.

ЗӨВЛӨГӨӨ, СУРГАМЖ, ТУРШЛАГА
Мэргэн хүмүүстэй зөвлөлд. Эрсдэл үүрч ихийг олохыг зорьсноос бага боловч найдвартай орлого олохыг чармай. Бух илжиг хоёрын анжистай үлгэрийг санан байж найздаа туслахаар бол өөрт түвэг учруулахааргүй байдлаар л туслах хэрэгтэй.

ХИЙХ ХҮНД АРГА НЬ ОЛДДОГ.

ЭД БАЯЛАГ, АЗ ЖАРГАЛ
Хорвоогийн тоосыг хөдөлгөж л байгаа бол жаргалтай амьдар. Хорголоо тоолсон баян байх хэрэггүй. Амьдрал баян шүү дээ, илүүг хадгалах гэж зовох хэрэггүй. Яг л арван хувиа хадгалаад үлдсэн орлогоо амьдралдаа зарцуул.

АЗ БОЛОМЖ
Аз бидэнд боломж байдлаар ирдэг. Тэр боломжийг хүлээн авч, ашиглах хэрэгтэй. Боломж бүрийг ашиглахаар улайран хайгч хүмүүн азын бурхны таалалд өртөж, ивээлийг нь хүртдэг.

ХИЙЕ ГЭСНЭЭ ХИЙДЭГ ХҮМҮҮС АЗЫН БУРХАНЫ ИВЭЭЛ ХАЙРЫГ ХҮРТДЭГ.

ХАМГААЛАЛТ
Сайн хамгаалалтгүйгээр бид оршин тогтнох аргагүй. Банкны хадгаламж, даатгал, зөв хөрөнгө оруулалт нь болзошгүй гай зовлонгоос хамгаалж чадна. Бяцхан болгоомж барагдашгүй харамслаас дээр.

ЭРХ ЧӨЛӨӨ
Хэрэв хүн боолын зүрх сэтгэлтэй бол ус уруу газар урсдагийн үлгэрээр эрх чөлөөт заяанд төрсөн байсан ч боол болж л таарна. Хэрэв хүн эрх чөлөөт хүний сэтгэлтэй бол азгүй хувь тавиланд төрсөн ч хүндлэл хүлээсэн, нэр төртэй иргэн болохгүй гэж үү?

ЧИ ЭРХ ЧӨЛӨӨТ ХҮНИЙ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ЮУ? АЛЬ ЭСВЭЛ БООЛЫН ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ЮУ?

Залуу халуун насандаа би өөрийнхөө тухай эргэцүүлж үзээд, алдхан биеийг минь аз жаргалаар бялхуулдаг тэр бүх сайн сайхан зүйлийн тухай бодож үзсэн юм. Басхүү эд баялаг гэдэг тэрхүү аз жаргал олж авах боломжийг өгдгийг ухаарсан юм. Энэ бол олон зүйлийг аз жаргалтай болгодог хүч чадал.
Орон гэрээ өөд нь татаж,
Оломгүй далай тэнгисээр аялан,
Харь газрын амттан шимттэн идэж,
Эрдэнийн чулуу, чимэг сэлт худалдан авч,
Эгэлгүй сайхан сүм хийдийг Бурхадад зориулан барина.
Эл бүгдээр ч үл зогсон, таван мэдрэхүйнхээ хүслийг хангах маш олон зүйлийг хийж, сүнсээ баярлуулж болно.
Үүнийг ойлгосныхоо дараа би эрхэм сайн зүйлсээс өөрийн хувийг хүртэж, энгүй жаргалд умбах хүмүүсийн ард үлдэхгүй гэж шийдсэн юм. Бусдад таалагдахын тулд амьдрахгүй гэж өөртөө хэлсэн. Багахан зүйлд сэтгэл ханах зүдүү амьдралаас зугтаж, элбэг дэлбэг орчлонгийн эрхэм зочин нь байхыг зорьсон. Санасандаа хүрч, сарвайснаа авахын тулд хугацаа орно, басхүү суралцах хэрэгтэй гэдгийг л ойлгосон юм даа.

– Аркад

Эцэст нь АЛТНЫ ТАВАН ХУУЛЬ гээчийг уншигч таньд танилцуулаад өнөөдрийн номын тэмдэглэлээ дуусгая:
1. Ирээдүйдээ зориулан, гэр бүл, үр хойчсынхоо тусын тулд орлогынхоо аравны нэгээс багагүйг хадгалдаг хүмүүнд алт өөрөө урсаад ороод ирдэг.
2. Алтыг өөртөө ажиллуулж чаддаг ухаалаг эзэнд алт үнэнчээр зүтгэж, тэр ч бүү хэл бэлчээр дэх хонин сүрэг адил өсөж үрждэг.
3. Ухаантай хүний зөвлөгөөгөөр хөрөнгө оруулж чаддаг болгоомжтой эзэндээ алт үргэлж үлддэг.
4. Мэдэхгүй, чадахгүй зүйлдээ хөрөнгө оруулдаг, хүний үг сонсдоггүй хүнээс алт урсаад алга болдог.
5. Туршлагагүй байдал, дэврүүн хүслийг чинь ашиглах гэсэн залилагч, луйварчдад итгэн, их мөнгө олох гэж санаархагчаас алт үргэн зугтдаг.