Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Нууц [Пауло Коэльо]

Бидний сайн мэдэх Алхимич номын зохиолч Пауло Коэльо ээлжит олон улсын бэстселлер номыг нь уншиж дуусгалаа. 308 хуудастайгаар Монгол хэлнээ Болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргаснаар нь уншлаа. Зохиолын номыг унших гээд байдаг болсон байна шүү, энэ насных уу 🙂 заза бяцхан жоук. Номын үйл явдал, өрнөл ээдрээ, тайлал зэрэг нь маш сонирхолтой санагдлаа.

Хэдхэн хоногийн өмнө хамаатны нэг эгчийн санал болгосон библийн талаарх цуврал найман лекцийг машинд явахдаа сонссоор дуусгасан. Түүн дээр үнэн, худал хоёрын талаарх нэгэн түүх яригддаг. Яг л тэр түүх энэ номыг уншихад бодогдсон шүү. Энэ номын гол дүр бас библийн ишлэл хэд хэдэн удаа хэлсэн байдаг нь бас сонирхолтой. Бидний багаас л Буддын шашин дэргэд байж ирсэн хэдий ч библийг гүнзгийрүүлэн хэтрүүлчихгүй л бол хэрэгтэй зүйл олон ажээ.

Эрт цагт үнэн, худал хоёр найзууд байжээ. Тэд тоглож наадан цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Гэтэл нэгэн өдөр худал үнэнийг далайн усанд хамт сэлэхийг уриалж бүх хувцасаа тайлцгаан хамтдаа усанд орцгооно. Харин худал түрүүлж уснаас гарч ирээд үнэний хувцсыг өмсөөд яваад өгчээ. Нүцгэн үнэн яахаа мэдэхгүй гарч ирэхэд хүмүүс түүнийг шоолон, адлах аж. Харин үнэний хувцсыг өмссөн худал хүмүүсийн итгэлийг үнэний дүр эсгэн олж авч хууран мэхлэж эхэлсэн үеэс хүмүүс үнэнд итгэхээ больж эхэлжээ.

Яг л дээрх үлгэрийн адилаар бидний дотор хичнээн худал хуурмаг үнэн хэмээх хувцасны цаана нууц хэвээр үлддэг бол? Үнэнээс хэт холдоод явах үед хүний тэвчээр хязгаартаа хүрч энэ байдлаа өөрчлөхийг хүсдэг. Тэгээд ингэж хэлэх болно: “Бүх зүйл өөрчлөгдөнө, эсвэл үхэн үхтэл юу ч өөрчлөгдөхгүй. Би өөрчлөгдмөөр байна. Надад өөрчлөлт хэрэгтэй.”

Тэгвэл өөрчлөлтийг хаанаас хэрхэн эхлүүлэх вэ? Надад өөрт маань асуудал байна гэдгийг сая хүлээн зөвшөөрөхөөс бүх зүйл эхэлнэ. Цаашлаад таны асуудлыг сонсож чадах адил асуудалтай хүмүүстэй харилцан ярилцах хэрэгтэй. Бусдын зовлонг сонсоход өөрийн зовлон нимгэрэх шиг болдог. Урт удаан хугацааны чин сэтгэлийн олон ярианууд нийлж биднийг сэтгэлзүйн олон олон асуудлаас гарахад тус болдог.

Ер нь бол бид амьдралдаа маш олон буруу шийдвэр гаргадаг. Түүнийгээ мэдээж ихэнх тохиолдолд сүүлд нь мэддэг. Тэгээд болоод өнгөрсөн бүхэнд харамсах хандлагатай байдаг. Угтаа бол үхэл хэзээ ч хамаагүй хаалга тогшоод ирэхийг тааварлах аргагүй. Тийм гэдгийг сэтгэлийн гүндээ мэдэх авч үргэлжлүүлэн гол зүйлдээ анхаарах цаг өөртөө гаргахгүйгээр үл барам дур мэдэн зоргоор авирлах нь нэн тааламжтай хуурмаг мэдрэмжийг төрүүлдэг. Товчоор хэлэхэд миний гэсэн бүх зүйл, үзэл баримтлал, байшин барилга, машин тэрэг, улс орон, эд баялаг, байр суурь, бие махбод нэгэн цагт алга болоход ертөнцийн сүнстэй хамт үүрд үлдэх нь гагц хайр юм.

Хайраар бялхаж дүүрсэн цагт л амьдрал үнэ цэнтэй. Яагаад гэвэл амьдрах гэдэг хайрлахын нэр учраас тэр.

Хайрлаж чаддаг хүн үнэнийг хайрлаж, үнэнд баярлаж, үнэнээс үл айгч нэгэн болно. Учир нь эрт, орой хэзээ нэгэн цагт хайр бүхнээс өндөрт, бүхнээс дээгүүр оршдог. Хайр нь үл тэвчихүй хийгээд мухар сүсгээс чөлөөтэй, номхон хүлцэнгүй, цэвэр ариун сэтгэлээр үнэнийг хайсаар эцсийн эцэст нь олсондоо гарцаагүй сэтгэл ханана.