Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Номын жор 2 [Батчулууны Базарсүрэн]

Уншиж тэмдэглэж авах, ухаарах маш их юмтай ном гэж үүнийг л хэлэх байх. Энэ эрхэм хүмүүсийн үзэл санаа нэг биш зүйл дээр давхцал үүсэж байгааг харахад номтой удаан нөхөрлөсөн хүмүүс нэг зүгт үзэл санаа нь чиглэж байдаг юм байна гэсэн бодол төрлөө. Аль 2018 онд зохиогдож байсан Номын жор 2 хэмээх энэ уулзалтын талаар би зургаан жилийн дараа олж сонсож байна даа. Номын жорын анхны уулзалтыг бодохоор би хаана төөрөөд яваа вэ? Тэр үед энэ эрхмүүдийг дэргэдээс нь сонсож байсан хүмүүст атаархаж байна шүү. Би нилээд сүүлд 2019 оноос ном уншиж эхэлсэн болохоор холуур тойроод явах нь аргагүй бизээ. Сурах, хийх, бүтээх юм их байна даа Бурхан минь гэж. Ингээд өөрт хэрэг болно гээд тэмдэглэж авсан өчүүхэн хэсгүүдийг доор бичлээ.

* * *

МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Доктор, Профессор, Академич ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ

“Хүн хүний хийж байгаа ажил, өмнөө тавьдаг зорилго нь өөр өөр байдаг шүү дээ. Өөрийн хийж байгаа бүхнээ өмнөө тавьсан зорилгодоо ойртуулж, тэр тусмаа сайн сайхан гэж үзсэн бүхнээ тэр зорилготойгоо уях, уялдуулах хэрэгтэй. Тэгж чадвал илүү өгөөжтэй, илүү үр дүнтэй болно. Хүний амьдрал гэдэг оролцоо юм. Сайнаар оролцохыг хичээж, бүтээлч, бүтээгч байхыг хичээх хэрэгтэй.”

* * *

МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Оросын Холбооны Тува Улсын Урлаг, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, ХБНГУ-ын Холбооны Гавьяаны Загалмайн Одонт, Зохиолч, Сэтгүүлч ЧИНАГИЙН ГАЛСАН

“Чийрэг бай, чихэр битгий ид, үхтлээ битгий унт, муужиртлаа битгий хоол идэж бай, бага идэж, бага унтаж, сэргэг бай! Хүнд битгий бялдуучил, үнэнийг хэлэхээс хэзээ ч бүү ай, хэний ч өмнө гулзайхгүй, бусдын эрхшээлээр биш байгалийнхаа эрхшээлээр амьдар. Боловсрол гэдэг амьдрах ухаан юм.”

Сая гаруй мод өөрийн гараар тарьж ургуулсан энэ эрхэм өөрийн зохиол бичиж олсон бүх орлогоо мод болгохоор нэгэнт шийдсэн байна. Хүн зорилготой байж, түүндээ тууштай, зоригтой байснаар юунд хүрч болохыг өөрийн биеэр үлгэрлэж байгаа энэ эрхэм миний мэдэх хүний хязгаар боломжийн талаарх ойлголтыг цөм цохиод, эвдээд хаялаа. Би ямар өчүүхэн байгаагаа олж харлаа. Баярлалаа.

* * *

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Сэтгүүлч ДҮГЭРИЙН АМБАСЭЛМАА

“Архи бол аймшиг. Гэхдээ залхуурал бол архинаас ч аймшигтай зүйл. Цагийг задгай мөнгө шиг үрж болохгүй. Бид шинжлэх ухаанд суралцдаг шиг хайрлахад суралцах хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ сайтай, эрүүл биетэй байхын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй.”

* * *

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

Монгол ахуй соёл, түүх, уламжлал, хадны зураг, өвөг дээдсийн үнэт сургааль, Монгол нүүдэл гээд маш өргөн хүрээнд ярилцаж нүд чих онгойж, тархинд шинэ зам үүсгэж өгсөн сайхан ярилцлага уншлаа.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан ‘Монгол аман зохиолын чуулган” нэртэй цувралаас “Монгол ардын үлгэр”, “Домог үлгэр” хоёрыг олж уншихыг санал болгожээ.

* * *

Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор ШАРАВЫН ЧОЙМАА

“Монгол сэтгэлгээ, Монгол дархлаа гэдэг Монгол хэл юм шүү дээ. Монгол хүн байна гэдэг гадна талын юм биш ээ. Үг яриа, дотоод сэтгэл чинь Монгол байх ёстой юм. Монгол хүн болж төрсний нэг том үүрэг бол эх хэлээ төгс эзэмших явдал юм.”

Соёмбо хэвлэлийн газраас гаргасан Монголын түүхэн сурвалжийн цуврал 33 ботиос хураангуй Алтан товч, Луванданзаны Алтан товч, Эрдэнийн товч, Инжанаашийн Хөх судар зэргийг заавал олж уншихаар өөртөө сануулж байна.

* * *

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Яруу найрагч, Багш ЛОМБЫН НЯМАА

Сэтгэл гэдэг аугаа ертөнц юм. Энэ ертөнцөө хүн өчүүхэн ч хир буртаг болгож болохгүй. Хамаг ертөнцийн дээр сэтгэл, хайр хоёр байдаг. Мөнгө хажууд нь юу ч биш. Өнөөдөр бүх юм мөнгө болчихоод байна.

Хүн төрөлхтөн XXI зууны иргэнээс гурван боловсрол шаардаж байна.
1. Шинжлэх ухааны боловсрол
Үүнд: Эрүүл мэндийн шинжлэх ухаан, боловсролын шинжлэх ухаан, философийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, төрийн шинжлэх ухаан.
2. Сэтгэлгээний боловсрол
Хүний хүч чадал сэтгэлгээндээ байдаг. Жижиг юм гэж энэ ертөнцөд байхгүй. Ертөнцийн бүх юм хоорондоо холбоотой. Бүх юмны зүй тогтол нэг. Сэтгэлгээний боловсролыг уран зохиол, түүх, философи гурваас л харна. Товчхондоо нэг өгүүлбэрээс ертөнцийг харж ургуулж бодох чадварыг сэтгэлгээний боловсрол гэж хэлж байгаа юм.
3. Сэтгэлийн боловсрол
Сэтгэлийн боловсрол гэдэг нь сэтгэлийг оюун ухаанжуулах юм. Сэтгэл нь өөрөө жолоогүй учраас оюун ухаанжуулах хэрэгтэй. Үүний дараагаар буцаад оюун ухааныг сэтгэлжүүлэх юм. Энэ номын жорын яг өмнөх ярилцлага дээр Чоймаа багш сэтгэл гэдэг үгийн үүсэл утгыг тайлбарлаж байсантай агаар нэг юм. XIII зуунд ганц сэтгэх гэдэг үгийг хэрэглэдэг байж. Чи юу бодож байна гэхийг чи юу сэтгэж байна гэх мэтээр ойлгодог байж. Сана гэдэг үг түрэгээс, бод гэдэг үг манжаас орж ирсэн гэнэ. Тэгээд эдгээр үгэнд “л” залгаснаар, бод+л=бодол, сана+л=санал, сэтгэ+л=сэтгэл гэж үүссэн аж. Тэгэхээр сэтгэж, бодож, ухаарсан юмыг сэтгэл гэж нэрлэж байгаа юм.

Сайн номыг олж унших хэрэгтэй. Сайн ном яаж олж унших вэ гэхээр мянган ном уншиж байж сайн ном олох чадвар төрдөг. Одоо энэ тэмдэглэл маань 106 дах номын тэмдэглэл. Тасралтгүй уншаад л байхаас өөр аргагүй боллоо. Баасангийн Номинчимэд, Дашийн Оюунчимэг хоёрын эмхэтгэж гаргасан хүүхдийн зохиолын Эрдэнэсийн сан 108 ботийг олж номын сандаа байршуулах хэрэгтэй юм байна. Мөн энэ номын жорын эхэн хэсэгт орсон Чинагийн Галсан зохиолчийн адил модыг их хайрлаж, биширч, судалдаг хүн юм. Түүний “Гүн ухааны ганц мод” хэмээх дэвтэр нь анхаарал татаж байна шүү. Бас Дэндэвийн Пүрэвдорж “Чингис” шүлэг, Дарма Батбаярын “Цахилж яваа гөрөөс” тууж, “Хөх жавар” тууж, Ш.Гаадамба “Чөдөр өвс” өгүүллэг, Ч.Лодойдамба “Шаргачин” өгүүллэг, С.Эрдэнэ “Өвгөн шувуу” өгүүллэг тэргүүтнийг олж унших хэрэгтэй санагдлаа. Мөн Л.Нямаа гуайн судалсан өгүүллэгүүдийг нь дараа нь уншиж үзмээр, мөн түүний “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номыг олж уншинаа.

* * *

Яруу найрагч, Зохиолч, Орчуулагч ДАШИЙН ОЮУНЧИМЭГ

Хүнийг, улс нийгмийг түшиж явдаг хамгийн гол тулгуур зүйл бол үзэл санаа юм. Энэ үзэл санааг уран зохиол, түүх гэсэн хоёрхон хичээлд шингээж өгөх боломжтой. Харамсалтай нь энэ хоёр хичээлийн цагийг улам л хасах тухай ярих боллоо. Уг нь энэ хичээлүүдээс улс орны хэл, түүх соёлын нандин өв, ой санамж, үнэт зүйл, ард түмэн, улс үндэстний үзэл санаа, сэтгэлгээ, эрхэмлэх шүтэх зүйл, ертөнцийг үзэх үзэл зэрэг хамгийн чухал хүн байх тухай олж авдаг гэжээ.