Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Номын жор 1 [Батчулууны Базарсүрэн]

Юуны өмнө цаг улиран одох тусам үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх ийм гайхалтай НОМЫН ЖОР хэмээх цуврал гаргаж байгаа Батчулууны Базарсүрэн эрхэмд талархаад баршгүй. Арилжааны ном элбэг болсон энэ цагт ийм бүтээлийг олж уншина гэдэг амаргүй хэрэг. Хэнри Фордын хэлсэн “Амьдралын хамгийн үнэт зүйл бол туршлага юм.” гэдэг үг санаанд орж ирлээ. Энэ гайхалтай олон хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагууд ингээд нэг дор бөөндөө байх гэж. Номын жор нэгдүгээр дэвтрийг уншиж дуусах үед яг л өөрийнх нь хэлсэн үг шууд санаанд буусан даа.

Унших тусам
Улам их унших ёстойгоо ойлгох юм!
Урагш алхах тусам
Улам их өөрийгөө голох юм!

Батчулууны Базарсүрэн

Эдгээр эрхмүүдийн ярилцлагаас эх орноо зүрх сэтгэлдээ хэрхэн нандигнаж, тээж авч явдаг тухай сонсох сайхан байна. Ээж аав, ах дүүс, элгэн садан, үр хүүхдийн тухай, хайрын тухай, эгэл амьдралын тухай маш олон гайхалтай түүх, сургааль, сургамж олж авлаа. Өөрт таалагдаад тэмдэглэж авсан хэсгүүдээ доор бичлээ.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн БӨХИЙН БААСТ

Хамгийн түрүүнд энэ хүний зохиолуудыг унших хүсэл төрлөө. Дээрээс нь Ц.Дамдинсүрэн хэмээх хүний ном зохиолуудыг сонирхож судлах хүсэл төрлөө. Уран зохиолын төрлөөс жоохон хол хөндий болохоор энэ алдартай эрхмүүдийн мэдээллээс хол хөндий, нүд харанхуй, чих дүлий явж иржээ. Эх орноо гэх тэр сэтгэл нь яриа бүрээс нь хайрлах, шүүмжлэх, хүндлэх, бишрэх гээд олон өнгөөр илхэн мэдрэгдэнэ. Хамгийн гол нь өөрийн амьдралаараа үлгэрлэсэн байдал нь энэ өндөр настай хүний амьдралын хэв маягаас харагдах бизээ. Гараа өдөрт 20-30 удаа угаадаг гэдгийг зарим хүн сонсоод бараг нүд нь орой дээрээ гарах биз ээ. Миний уншиж байснаар хүн төрөлхтөн гараа тогтмол угаадаг болсон цагаас элдэв халдварт өвчин, хүүхдийн эндэгдэл, маш олон асуудал шийдэгдэж байсныг Еврэй ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх тухай нэгэн номонд бичсэн байдаг.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн ПУНЦАГИЙН БАДАРЧ

Энэ хүний ууланд хүйтэн чулуун дээр суугаад ижийнхээ тухай уйлан байж дурсан ярьдаг яриа одоо хэрнээ дотроос гардаггүй юм. Бичиж эхлэх үед л хоолойд нэг юм торно. Ижий аавынхаа үгээс авахыг нь ав, бурхан шашнаас авахыг нь ав, шинжлэх ухаанаас авахыг нь ав! Чи өөрөө өөрийгөө л авч явна шүү дээ. Туйлшралаас л ангижрах хэрэгтэй байгаа юм. П.Бадарч гуай энгийн бас их хөгжилтэй хүн юмаа. Бааст гуайн нэрний тухай уншаад ганцаараа баахан инээж орхилоо 🙂

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Шагналт Зохиолч ДАРМА БАТБАЯР

Хүмүүжлийн хамгийн гол юм бол тайван байх л юм. Амар амгалан, юунд ч түгшихгүй, юунд ч, ямар ч айдасгүй амар амгалан байх нь л хүмүүжлийн үндэс суурь гэж тодорхойлох нь надад хандаж хэлээд байна уу даа гэж бодогдлоо. Түүний санал болгосон номуудыг дараа заавал олж унших болно гэж бодоод энд тэмдэглээд үлдээе: Друнвало Мелхиседек зохиолчийн “Зүрхэндээ амьдрахуй”, “Могой гэрэл”, “Ертөнцийн цэцгийн эртний нууц” хэмээх гурван ном, Чимэдийн Эрдэнэ “Их гурвалжин” зэрэг номуудыг олж уншина. Дээрх ярилцлагатай нэг үзэл давхардаж байгаа нь аливаа туйлшралаас л өөрийгөө ангид байлгаж, ухаан цэлмэг саруул байх тухай өгүүлжээ. Таалагдаж эхэлж байна шүү.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн ТАНГАДЫН ГАЛСАН

Тангадын Галсан гуайн “Чи бидэн хоёр” гэдэг шүлэг надад үнэхээр их таалагдсан. Энэ номноос уншихаас өмнө өөрийнх нь уншиж байгаагаар зурагтаар нэг удаа сонсоод сэтгэл ихэд хөдөлж байснаа шууд саначихлаа.

Хяруу цэвцийсэн үүрээр
Хялганын бүрснээ молцоглох
Хоёр сувдан шүүдэр шиг
Хос алаг нүд билээ дээ хө
Нэг нүдэн нь уйлж байхад
Нөгөө нүд нь инээх үү?
Үгүй үгүй инээхгүй
Өрөөсөн нүд инээхгүй
Уйлбал хоёуланд нь
Усан болор гялалзана аа хө
Инээвэл хоёуланд нь
Итгэлийн дөл бадамлана аа хө
Чи бидэн хоёр
Бат нэгэн үндэс
Бахим ганц шинээс
Хоёр салаалж дэлгэрсэн
Хос сарнай билээ дэ хө
Нэг нь дэлбээгээ хумиж байхад
Нөгөө нь цоморлогоо нээх үү?
Үгүй үгүй тэгэхгүй
Үйлийн барилдлага зөрөхгүй
Нараа дагаад хоёул мишээнэ
Хураа үзээд хоёул сэргэнэ
Салхитайд найган бүжнэ
Сартайд тэврэлдэн нойрсоно оо хө
Чи бидэн хоёр
Цэнгэг долгист нуурын
Цээл мандалын аглагт
Цээжээ түшилцээд нуугих
Цэн хун хоёр билээ дээ хө
Нэг нь хэрвээ шархадвал
Нисэж нөгөөх нь орхих уу?
Үгүй үгүй
Үнэнч ханиа гээхгүй
Зовбол зовсон шиг цуг зовно оо хө
Жаргавал жаргасан шиг цуг жаргана аа хө
Үргэвэл гангиналдаад л ниснэ ээ хө
Үүрээ элбээд л засна аа хө
Чи бидэн хоёр
Хорвоогийн нарны талыг
Хоймороо залан багтаах
Хорол зандан тоононы
Хос багана билээ дээ хө
Өргөө гэрийн тооныг
Өрөөсөн багана даах уу?
Үгүй үгүй даахгүй
Өндөрийн нөөлөгт тэсэхгүй
Өвөг дээдэсийнхээ голомтын
Өргөөг бид түшнэ ээ хө
Хөлд орж ядах
Хүүхдүүд биднийг түшнэ ээ хө.

Монгол Улсын Төрийн Шагналт Зохиолч ДОРЖИЙН ГАРМАА

Өөрийнхөө ирээдүйн тухай маш цэгцтэй бодож, зорилготой байхын тулд тэмцээрэй. Зорилготой амьдрах сайхан.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн ШАГДАРЫН ДУЛМАА

Эхлээд хүн бол. Тэнхлэг хазайлгүй хүний голтой явах их чухал. Бүх амьдралын эх үүсэл нь хайр. Амьдрал гэдэг чинь арга билгийн зохицол юм болохоор нөхөр, эхнэр хоёр эвтэй, найртай байж, хайртай дуртай байж, сайхан ханьсаж, амьдарч байж л амьдралыг босгож ирнэ. Амьдрал гэдэг хамтын их хайран дээр тогтдог.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Шагналт Зохиолч ДОЛГОРЫН НЯМАА

Амьдралыг сайхан нүдээр харж явбал төдий чинээ сайхан. Ялихгүй юманд гоморхоод л, эмзэглээд л, тунирхаад л байвал амьдрал их төвөгтэй.

Монгол Улсын Төрийн Шагналт, Ардын Уран Зохиолч ШАРАВЫН СҮРЭНЖАВ

Сэтгэлийн хүч гэж агуу юм бий. Бүхнийг сэтгэлийн хүчээр ялдаг.

Сэтгэл сэтгэл давлагаална
Далайн эрэгт тулж номхорно
Далай далай давлагаална
Сэтгэлийн минь эрэгт ирж эвхэрнэ.

Энгийн байхыг хүн бүр чаддаггүй. Тэгэхээр энгийн байх тусмаа тодорхой, ойлгомжтой, амар амгалан байж болох нь.

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Төрийн Шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн ДӨНГӨТИЙН ЦООДОЛ

Монгол хүний за гэдэг үг андгай юм. Хүн чанартай л явах юм сан даа.