Эрдэм Номт

Ном бол ертөнцийг харах цонх

Сиддхарта [Херманн Хессе]

100 жилийн өмнө бичигдсэн энэхүү бяцхан ном дотроо эгэл хүмүүний дотоодод орших нэгэн үл мэдэгдэх насан туршийн эрэл хайгуулын сэжмийг агуулах мэт. Зарим нь энэ үнэнийг олсон мэт аяглах авч яг мөн чанартаа ихэнх нь хуурмаг болохыг өөрсдөө ч мэддэг. Мэдсэн хэрнээ үнэнээс зугтааж энэ амьдралаа дуусгах нь юутай харуусмаар. Угтаа ертөнц өөрөө нэг бүхэл бөгөөд бид ч тодорхой хугацааны дараа өөрийн хийж байсан тэнэг үйлдлүүдээ эргэн санахад инээд хүрмээр. Гэхдээ хүн ёроолдоо хүртэл уруудаж мэдэрч байж бүгдийг ойлгодог гэж бодохоор инээх биш уйлах ч багадна.

Бичих нь сайн, бодох нь илүү. Сэтгэх нь сайн, тэвчих нь илүү.

Өөрийн төрсөн эцгийн гэрийг хэрхэн орхин гарч байснаа өөрөө хүүхэдтэй болоод, хүүхэд нь өөрийг нь үл ойшоох мэдрэмжийг авсны эцэст ойлгож байгаа хэсэг нь яг л үйлийн үрийн тойрог мэт. Өөрийн гэсэн бүхнээсээ татгалзаж байж, тэр бүү хэл өөрөө өөрөөсөө хүртэл татгалзаж байж, хүсдэггүй бүх зүйлээ хүлээн зөвшөөрч байж, эцсээ хүртэл тэвчиж байж, өөрийгөө хоосолсны эцэст ертөнцийн тэр үнэний дуу чимээг бодитоор сонсож чадна гэж олон эх сурвалж дээр өгүүлсэн байх юм. Сиддхартад нэг л зорилго байлаа. Өөрийгөө хоосолж, өлсөж цангадаггүй, хүсэж мөрөөддөггүй, баярлаж уурладаггүй, тэр чигээрээ л бие дотоод сэтгэлээ л үхүүлэх эрдэмд суралцах байв. Ингэж хоосон болсноор илүү дутуу бүхий л зүйлээсээ ангижирч, бодол нь хөнгөрч, сэтгэл нь ариусна.

Завьчин Васудева сонсох чадвар нь үнэхээр гайхалтай. Ямар ч зөвлөгөө, шүүмжлэл, үнэлгээ өгөхгүйгээр сонсоод л байна. Ярилцаж буй хүнээ зүгээр л сонсох нь тухайн хүндээ өгч буй хамгийн том хүндлэл, бэлэг юм гэсэн утгатай ишлэл санаанд орлоо. Буддагийн цаг үед үйл явдал өрнөж байгаа нь туйлын сонирхолтой. Энэ ертөнц дээр бидний сонсож дуулаагүй олон хүн Сиддхарта шиг мэдрэмжийг өөр дээрээ мэдэрч бас даван туулдаг гэдэгт одоо бол итгэж байна.