Номын эхэнд “Алхимичийг унших нь үүрээр эртлэн босоод бусдыг унтаж байх зуур нар мандахыг харахтай адил.” хэмээн тодорхойлсон байхыг хараад арай сүртэй юу хэмээн бодсоноо нуухгүй ээ. Номыг уншиж дуусгаад харин одоо тэмдэглэл хөтөлж байгаа маань дээрх үгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өөрийн дотоод хүсэл тэмүүлэл, мөн түүнтэй зэрэгцэн орших айдсын хооронд өөртэйгөө тэмцэлдэн буй хоньчин хүү Сантьягогийн дүрийг зохиолч тун гайхалтай гаргаж иржээ.
Сантьяго хүүгийн аав ээж хоёр нь дөнгөж идэх хоол, уух ундаа залгуулахын тулд борви бохисхийлгүй ажиллаж, яг л хонинуудын адилаар амьдарна. Хүү сүмд арван зургаан нас хүртлээ латин болон испани хэл, шашны номлол үзсэн. Гэвч хүүхэд байхаас нь түүний дотор эх дэлхийгээ мэдэхийг хүсэх тэмүүлэл нь бурханыг шүтэх болон нүглийг судлахаас хавьгүй илүү чухал байсан юм. Хүү аавдаа нэгэн өдөр лам болох хүсэлгүй байгаагаа, дэлхийгээр хэрэн хэсэж, газар орон үзэх хүсэлтэйгээ хэллээ. Аав нь түүнд бидний дунд аялаж чадах хүмүүс гэвэл хоньчид л байна гэж хэлээд Сантьягод туслахаар шийдэх үед аавынх нь харцнаас унтраагүй амьд байгаа нэгэн хүслийн очыг олж хардаг.
Хүмүүс бүгдээрээ бусдыг хэрхэн амьдралаа авч явах талаар тов тодорхой бодолтой байдаг мэт боловч харин өөрийнхийгөө болохоор мэддэггүй.
Бид өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө тэмцэж эхлэхдээ туршлагагүйн учраас маш их алдаа гаргадаг. Мөрөөдөлдөө хүрэхэд боломжгүй болгодог ганц л зүйл байдаг нь бүтэлгүйтлээс айх айдас юм. Хүү хүсэл мөрөөдлийнхөө төлөө туулах замдаа маш их зүйлийг сурч, мэдэж авах бөгөөд тэр бүртээ айдсаас чөлөөлөгдөж байснаа сүүлд ухаарна. Өөрөөр хэлбэл бид ихэнхдээ мэдэхгүй зүйлээсээ айж байдаг бөгөөд түүнийг мэдэх гэсэн чин хүсэл нь айдсыг давах хүч болдог байна. “Өөрийн айдсанд бүү бууж өг.” гэсэн нь уг номын чухал сургамжуудын нэг юм.
Номын нэг чухал дүр болох Салемийн хаан Мэлкизидэк нэг чухал зүйлийг хэлсэн нь: “Хэрвээ чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл хорвоо ертөнц чамайг түүндээ хүрэхэд чинь туслаж байдаг.” гэмээн хоньчин хүүд хэлдэг.
Хэрэв хүн бусадтай өдөр бүхэн хамт байгаад байвал тэд түүний амьдралын нэг хэсэг яваандаа болдгийг хүү сүмд сурч байсан үедээ ойлгосон. Хүү нар мандахыг ажиглах зуураа “Би сүмдээ үлдсэн бол Бурхантай уулзаж чадахгүй л байсан болов уу” хэмээн боддог хэсэг бол үнэхээр гайхалтай. Сантьяго хүүгийн хайраа өгсөн цөлийн охин Фатимагийн гаргасан шийдвэр нь “Жинхэнэ хайр хэзээ ч буцдаггүй” хэмээх гайхалтай үгсийг эрхгүй санагдуулна.
Энэ хорвоо бол зөвхөн Бурханы нүдэнд харагдах бодит хэсэг. Алхимийн хийдэг зүйл нь болохоор оюунлаг төгс зүйлийг бодит зүйлсэд нэвтрүүлэн хүргэх юм.
Аливаа зүйлийг бодит зүйл болгох цорын ганц хүч бол “үйлдэл” юм. Үйлдэл хийхээсээ өмнө бид шийдвэр зайлшгүй гаргадаг. Шийдвэр гаргана гэдэг бол тохиолдох зүйлсийн зөвхөн эхлэл. Гаргасан шийдвэр маань үйлдэл болж, үйлдэл маань үхлийн аюулд ч аваачиж болно. Үхлийн аюул тулгарах нь хүмүүст өөрсдийн амьдралынх нь тухай их зүйлийг бодуулдаг юм. Үүний бас нэг тод жишээг та сүүлийн үед их шуугиан тариад байгаа Squid game киног үзсэн бол санах байх. Үхэл, амьдралын заагийг харуулсан олон ч шилдэг киног таньд санал болгож болно. Жишээ нь: The Walk (Олсон дээр алхагч), Free solo зэрэг киног санал болгоё.
Эцсийн зорилго бол мэдээж зөвхөн нүдэнд харагдах бодит хэсгийн төлөө бус таны энэ хорвоо ертөнцөд ирсэн цорын ганц тэр шалтгааныг олж илрүүлэх явдал юм.
Зүрх сэтгэлээ чагна. Зүрх сэтгэл оршин буй тэр газарт зүйл зүйлийн эрдэнэс агуулагдаж байдаг. Сэтгэл гэдэг Ертөнцийн сүнстэй төрөл нэгтэй, хэзээ ч юм бэ эргэж түүнд шингэх болохоор буй бүхнийг ойлгох шидтэй билээ. Өөрт байхгүй нандин эрдэнийг олъё гэж шийдсэн л бол өөрөө чи өөрчлөгдөх учиртай. Өмнөхөөсөө илүү байхын төлөө хичээн зүтгэхэд өнгөт орчлон тэр аяараа бидэнтэй хамт.
Угтаа одоо цагт л чандын чанд нууц оршин байдаг. Анзаарч ажиглавал энэ мөчийг сайн сайхан болгож өөрчлөх боломжтой. Өнөө цагаа өөрт ээлтэй сайнаар өөрчилсөн байхад ирээдүй ч аятай таатай болж хувирна.